Ж.Нарангаравын “Тэнгэрийн хүлэг тахь” номын хурим болов
Сэтгүүлч Ж.Нарангаравын бичсэн энэ цагийн дууль буюу “Тэнгэрийн хүлэг тахь” эссэ романы нээлт өчигдөр болов.

Тахийг уугуул нутаг Зүүнгарын говьд 1992 оноос эхлэн сэргээн нутагшуулах бодит ажлыг хэрэгжүүлэхэд тохиолдсон адал явдал, саад бэрхшээл, ололт амжилтыг уран сайхны хэлээр өгүүлсэн энэ номын хуриманд Ж.Нарангаравын гэр бүлийнхэн болон олон хүндтэй зочин уригдан ирсэн байв.

Зэрлэг адуу гэхээр Америкийн Mustang, Австралийн Brumby зэргийг л төсөөлдөг цаг байв. Гэтэл тэд гэршиж, эдэлгээнд орж байсан түүхтэй.

Тэгвэл зэрлэг адууны огт гэршиж байгаагүй нэгэн төрлийг Монголын говьд буйг аялагч, судлаач Н. М. Пржевальский дэлхий дахинаа зарласан юм. Ингэснээр "Тэнгэрийн хүлэг тахь"-ийн тухай хүмүүс мэдэх болжээ. Гэвч харамсалтай нь тахийг судлах нэрээр үргээх, агнах явдал даамжирсаар 1960-аад он гэхэд устаж үгүй болсон байдаг юм.

1990-ээд оны эхээр Монголын говиос Европод зөөж аваачсан тахийн үр удмыг унаган говьд нь нутагшуулах ажлыг сайн санаат хүмүүсийн санаачлагаар хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэхүү ажлыг эхэлснээс хойших 30 орчим жилийн түүхэн явдлын тухай "Тэнгэрийн хүлэг тахь" хэмээх энэхүү баримтат эссэ роман олны хүртээл боллоо.

Байгаль эх дэлхий, хүн зоны хоорондох зохилдлого, байгаль, ан амьтнаа хайрлах сэтгэл зүрхтэй хүн бүрийн уншвал зохих ёстой ном болсон гэдгийг онцолж хэлье.

Тахь бол Монголын бахархал болсон амьтан, тахийн талаар эсээ роман бичнэ гэдэг бол уран зохиолоос гадна байгаль хамгаалал, танин мэдэхүйд оруулж буй асар том хөрөнгө оруулалт гэдгийг номын хуримд хүрэлцэн ирсэн хүндэт зочид онцолж байлаа.

Зохиогч Ж.Нарангарав “Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрлөө. Урмын үгэнд, ах дүү, найз нөхдийн хайран дээр өлгийдүүлсэн, амьдралд маань нэгэн тод дурсамж үлдээсэн хуртай, нартай өдөр байлаа. Энэ л дурсамжийг үлдээх шалтгаан болсон тахьт нутаг минь, түүний түүхийг босгосон ард түмэн минь, Тахийн өлгий нутгийг сэрээж, тахьт нутгийн өнө эртний түүхийг амилуулан хойшид ч түүхийг нь бүтээх их үйлсэд хүчин зүтгэж яваа  хүн бүхэнд гүнээ талархая. Тахьт нутгийн сүлд ивээх болтугай” гэв.

Мэргэжил нэгт найз Б.Ууганбаяр “Ж.Нарангарав найз минь үгэн бамбар асаасан ѳгүүлэмж уянга бүхий шинэ номоо баринтаглан авав. Говь-Алтай нутгийн байгаль, тахь нутагшуулах үйл явц, зон олны ааль, ахуй соёлын тухай хүүрнэх "Тэнгэрийн хүлэг тахь" ном мэндэллээ. Найзыг минь номын цагаан буян ивээж, дахин олон ном өлгийдөн авахын өлзийт ерөөл өргөсү. Говь-Алтай аймгийн уугуул МУСГЗ Б.Галаарид, мѳн сайд асан Т.Очирхүү нар маань уг ном бүтээх үйлсэд ѳндѳр үүрэг гүйцэтгэжээ. 

Өвөө, эмээ маань Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул хүмүүс байв. Энэ л нутгийн үгээр наадах өндөр соёл өчүүхэн надад өвлөгдсөн хэмээн итгэдэг билээ. Говь-Алтай аймаг бол зохиолчдоороо улсдаа даналздаг л даа” гэв.

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Аяны тоосоо гөвөөд байдгийнхаа баруун хаяанд тухлах сайхан. Хэд хоног хэрэн тэнэх зуур олон жил халуун бүлд нь нэр орж явсан. Хойд хөршөөс зочин ирж, холын газраас андууд сураглацгааж, их л олон хүн энэ хэдэн хоногт намайг санагалзаж дээ. Ж.Нарангарав дүүгийн шинэ номын нээлтийн урилга авсан. Унаган нутгийн минь унаган тахийн тухай энэ романд олдой миний бие босго үг бичиж, анхных нь уншигч шүүмжлэгч болсон ухаантай. Унаган нутаг Говь-Алтай аймгийн Бугат сум наадмаа хийж буй цаг дор нутгийнхаа тухай номын нээлтэд ирлээ. Сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.






О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.