Питер Морроугийн нэрэмжит олон улсын “Гэрэлт морьд” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлч тодорлоо

ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын урлагийн зөвлөл /МУЗ/, АНУ дахь МУЗ-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, хоёр улсын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулан олон улсын “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг 2017 оноос хойш санаачлан гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

 
Монголын соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулах, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч нь Нидерландын вант улсын Хааг хотноо зохиогдох “TodaysArt” олон улсын наадамд оролцож, өөрийн шинэ медиа бүтээлээ танилцуулах эрхийг хүлээн авдаг. “TodaysArt” бол дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг Европын хамгийн том фестивалиудын нэг гэдгээрээ онцлог.  
 
Энэхүү эрхийг хүлээн авах “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг оролцогч уран бүтээлчийг 2019 оны 7-р сарын 6-ны өдөр “Playtime” амьд хөгжмийн наадмын Нааглихац тайзнаа олон нийтэд зарлалаа.



Энэ жилийн “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр саунд артист чиглэлээр зарлагдсан бөгөөд зургаан хүн материалаа ирүүлснээс, уран бүтээлч С.Мөнхбаатар буюу Бодьхүү нэрээрээ олонд танигдсан DJ уран бүтээлч шалгаран, олон улсын медиа урлагийн наадамд оролцох эрхээр шагнууллаа.

DJ Бодьхүүгийн хувьд 2010 оноос Hip hop урсгалаар дагнан ажиллаж эхэлсэн,  хэд хэдэн цомгоо гаргаад амжсан, Монголын авьяаслаг DJ нарын нэгт зүй ёсоор үнэлэгддэг уран бүтээлч юм.    
 
            “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулах комисст МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Урлаг ба хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Номинтуяа, “TodaysArt”-ын куратор Үлоф Ван Винден, ХААН Банкны Олон нийттэй харилцах газрын захирал Д.Тунгалагтамир, ХААН Банк Сангийн мэргэжилтэн Э.Бэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллан шилдэг уран бүтээлчийг тодруулсан байна.
 

 
Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-өөс 319015, 319017 утсаар холбогдон авна уу.
Бусдад түгээх
  • gplus