О.Бурмаа: Нас бол тоо учраас би чадна гэдэг зорилготой 2016 оны олимпод бүхий л хүчээ дайчлан барилдана
Саяхан Узбекийн Ташкент хотноо болсон Чөлөөт бөхийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд гурав дахь медалиа хуртээд байгаа МУГТ О.Бурмаагийн дайчин барилдаанаар монгол түмэн бахархдаг. Түүнийг эмэгтэй бөхчүүдээс анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байснаар нь мөн тодотгодог билээ. Ингээд МУГТ О.Бурмаатай ярилцсанаа уншигч танаа хүргэе.

-Та ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртэж хашир туршлагатай тамирчин гэдгээ дахин харууллаа. Гэсэн хэдий ч медалийн өнгөө хувиргаж алтан медаль авна л гэж Ташкентыг зорьсон байж таараа?

-Тамирчин хүний хамгийн гол бэлтгэл бол формоо барих байдаг. Миний хувьд формоо маш сайн барьж байгаа гэж бодож байгаа. Намайг өдий зэргийн амжилт гаргахад чөлөөт бөхийн хамт олон, багш нар, бэлтгэл хангагч, ивээн тэтгэгч байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын хоёрдугаар хэсгийн хамт олон, аав ээж энэ бүгд нөлөөлж байгаа.

Тиймээс саяын тэмцээнд би мөнгө, хүрэл медальтай юм чинь одоо алтан медаль авна гэж зорьж очсон ч харамсалтай нь өөрийн тактикийн алдаанаас болоод санасан амжилтандаа хүрч чадсангүй. Гэсэн ч тамирчин хүн ялна, хожино, чадна л гэж дэвжээ рүүгээ гарна шүү дээ.

-Сая ДАШТ - нд таныг өмнө нь хэд хэдэн удаа ялагдаж байсан хамгийн гоп өрсөлдөгчөө ялсан хэрнээ тооцоолоогүй байсан хүндээ яагаад ялагдчихав аа. Уг нь финалдах боломж байсан гэж спорт сонирхогчид ярьж байна. Энэ тал дээр?

-Эхний тойрогт барилдсан Украйны тамирчин сул тамирчин биш, сайн тамирчин, ДАШТ-ний дөрвөн медальтай. Харин миний хувьд тэнцүүхэн хүнд барилдааныг ойр ойрхон хийгээд сэргэж амжаагүй байтал дэвжээнд гарсан. Гэвч би өереө тактикийн алдаа гаргаад хожигдсон.

-Удахгүй Азийн наадамд оролцох гэж байна. Мэдээж энэ эрчээрээ амжилт үзүүлнэ гэж зорьж байгаа байлгүй дээ?

-Би 2009 оноос хойш Азийн наадамд оролцоогүй. Өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байлаа. Мөн 2006 оны Азийн тоглолтын хүрэл медальтай. Харин энэ жил өөртөө том зорилго тавьж болж өгвөл аварга болоод ирэхийг хүсч байна.

Цаашилбал олимпийн эрх авах, олимпийн наадмаас медаль хүртэхийг зорьж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлээд гаргасан алдаагаа давтахгүй, улам хичээж барилдана гэж бодож байна. Сая ДАШТ-ээс  ирэнгүүтээ л бэлтгэлд гарсан.

Одоогоор дандаа сэргэлтийн бэлтгэл өнгөрсөн тэмцээн дээр алдсан алдаанууд дээрээ ажиллаж байгаа. Үлдсэн хоногуудад өрсөлдөгч тамирчдаа судлах, Азийн наадамд хэрхэн оролцох талаар судалгаа хийх юм билээ.

-Энэ удаагийн ДАШТ ямар онцлогтой болж өнгөрөв?

-Мянга гаруй шилдэг тамирчид оролцсон маш сайхан тэмцээн болсон. Эрэгтэй тамирчид маань хошой медаль аваад сэтгэл зүй ч сайхан байлаа.

-ДАШТ-ний гурван медалийн хамгийн тод агшинтай медаль тань гэвэл?

-Эмэгтэйчүүдээс хамгийн анхны мөнгөн медаль авсан гэдгээрээ хамгийн дурсгалтай санагддаг юм. Бас өнгөрсөн жил хошой медальтай болчихоод маш их баярлаж байсан.

Тэр үед МУГТ О.Пүрэвбаатар ах миний дүү дэлхийн бөх болчихлоо, одоо батлахын тулд медалиа хошой болгоорой гэж хэлж байсан. Тэгээд хошой болгочихоод дүү нь таныхаа итгэлийг алдаагүй гэж хэлж байлаа. Гэхдээ хүрэл медаль ч гэсэн бага үнээр олдохгүй учраас ДАШТ-ээс гурван медаль авсандаа баяртай байгаа.

-Лондонгийн олимпод танд ихээхэн итгэл найдвар тавьж байсан. Хэдийгээр тамирчин хүн ялна, чадна гэж гардаг ч гэсэн үнэхээр хатуу учраа таарав уу?

-Лондонгийн олимпод маш өндөр зорилго тээж явсан хэрнээ медаль авч чадаагүйдээ маш их сэтгэлээр унаж ирсэн. Эндээс илүү их бэлтгэл сургуулилт хийх ёстой юм байна гэдгийг ойлгож ирсэн.

Тэр үед хүмүүс бараг зодог тайлах байх гэж бодсон байх. Гэсэн ч би нас бол тоо би чадна гэсэн бодлоор 2016 оны олимпод өөрийн бүхий л бололцоогоо дайчлан харамсах зүйлгүйгээр барилдана гэсэн зорилт тавьчихсан байгаа.

-ДАШТ-ээс гурав дахь медалиа аваад ирэхэд аав ээж тань юу гэж хэлж байх юм?

-Маш их баярлаж байна лээ. Өнгөрсөн жил медаль аваад ирэхэд аав ээж хоёр тосоогүй. Харин энэ жил тосоод миний охин ДАШТ-нээс гурван медаль аваад дэлхийн бөх болоод ирлээ гэж маш их догдолж угтсан.

-Тамирчин хүн тэмцээнээс тэмцээний хооронд туршлагаждаг. Тиймээс цаашид анхаармаар зүйл юу байна вэ?

-Багш нартайгаа хөлийн ажиллагааны дасгал, дархан мэхүүд дээр сайн ажиллах ёстой юм байна гэж ярилцсан. Бид нэг тэмцээн дууссаны дараа юун дээр алдаж оносон гээд тайлангаа өгдөг.

Ер нь тамирчин хүн оролцсон тэмцээнээсээ медальгүй ирэх хэцүү л дээ. Наад зах нь л биднийг хүлээж байгаа монголын ард түмэн, ах дүү, найз нехөд пүүс компаниуд, бүх бэлтгэл хангагч нар харж байгаа учраас өөртөө гомдолтой ч юм шиг сонин мэдрэмж төрдөг.

-Таны гол өрсөлдөгчид хэн бэ?

-Тамирчин болгон л өрсөлдөгч шүү дээ. Надтай эн тэнцүүхэн хэн ч ялж магадгүй тамирчид гэвэл Болгар, Орос, Америк, Канадын гээд миний жинд арав гаруй тамирчин бий. Ер нь хэн авхаалж самбаатай, тактикаа зөв боловсруулсан хүн нь л хожино шүү дээ. Ялж ялагдаж ерөнхийдөө өгөө аваатай л явдаг.

-Эмэгтэй тамирчид амжилт гэж явсаар байгаад хувийн амьдралаа орхигдуулдаг тал бий. Таны хувьд ч тийм л байдаг биз дээ?

-Тийм ээ. Амжилтаа бодоод амьдралаа хойш тавьчихаад байгаа шүү дээ. Тийм учраас 2016 оны олимпод оролцсоны дараа амьдралаа зохиогоод барилдахаа болих байх даа.

-Орон орны цаг агаар, орчин нөхцөл өөр өөр байдаг. Таны хувьд хэдий хугацаанд тухайн орчиндоо дасан зохицож чаддаг вэ?

-Би хаа ч явсан унтаад явчихдаг болохоор дасан зохицохдоо амархан. Багш нар маань Бурмаад авах чанар нь хаа ч явсан тайван унтаж байдаг гэдэг юм.

-Бурмаа гавьяат хэрэв тамирчин болоогүй бол ямар мэргэжилтэй байх байсан бол?

-Би багадаа эмч юмуу, цагдаа болно гэж мөрөөддөг байлаа. Одоо би Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт дэслэгч цолтой ажиллаж байгаа.

-Тамирчин хүн зардал ихтэй. Одоо ямар газруудаас цалинжиж байна вэ. Амьдралд хэр хүрэлцэж байна вэ?

-Үндэсний шигшээ баг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсгээс цалинждаг. Мөн cap болгон ДАШТ-ний медалийнхаа цалинг авдаг. Эдгээр цалингаасаа үлдэснийг нь хадгалж байна. Цаашдаа амьдрал зохиоход хэрэг болно шүү дээ.

-Цаг зав боломж гарвал хүмүүнлэгийн ажил хийе гэж боддог уу?

-Тийм бодол бий. Гэвч бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд цаг зав хомс байдаг. Түүнээс гадна өөрийгөө боловсруулмаар байна. Гэхдээ олон зүйл бариад авахаар үр дүн гарах нь бага гардаг учраас одоохондоо 2016 он хүртэл бэлтгэл сургуулилтаа л сайн хийе гэж бодож байна.

-Эгэл жирийн Бурмаа, өндөр зэрэглэлийн тамирчин Бурмаа байх хоёрын хооронд мэдээж ялгаа бий?

-Тэгэлгүй яахав. Анх ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж ирээд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хоёр өрөө байраар шагнуулж байлаа. Дээр нь хоёр гурван газрын цалин гээд миний амьдралд их өөрчлөлт гарсан.

-Манай нэртэй тамирчид бүгд л гэр хорооллоос төрсөн. Түүн шиг та ч гэсэн багаасаа аав ээждээ тусалж хүч бяр шаардсан ажил хийж өссөн л биз дээ?

-Намайг бага байхаас л манайх Сэлбэ зусланд амьдардаг байсан. Манайх хонь үхэр, адуутай байдаг байлаа. Аав, ээж хоёр маань намайг багаас ишиг хариулуулж мод түлээ хөрөөдүүлдэг байсан.

Энэ бүхэн намайг спортын хүн болоход нөлөөлсөн болов уу. Бас болоогүй ээ ишгээ хариулж явахдаа нар ээгээд байхаар нь хонхорт орж унтаад хонь ямаагаа нийлүүлчихдэг инээдтэй хүүхэд байж билээ. Манайх ам бүл наймуулаа. Би айлын тав дахь нь.

Нийслэл таймс
Д.Нэргүй
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • selenge 2014-12-11 08:34:49
    sain uu amjilt vrgelj demjdeg shvv
  • зочин 2014-09-17 10:24:03
    Нас бол тоо учир гэдэг бол бас худлаа шүү. Санаанд нь чадах юм шиг байгаад л байгаа мөртөө сачий нь хүрэхээ л больчихсон байдаг юмдаа. Нас нэмнэ гэдэг бол айн.
  • Тулгаа 2014-09-17 08:41:57
    Энэ дэмий уеэ онгороосон тамирчин байналээ. Хамгийн суулийн барилдааныг харахад зовхи унжсан, гал золбоогуй, ямар ч амжилт гарахааргуй ядарсан харагдсан даа