Шотландын санал асуулга салан тусгаарлагчдыг өөгшүүлж магадгүй

Шотландыг Их Британиас салан тусгаар­лах эсэх бүх нийтийн санал асуулга (есдүгээр сарын 18-нд болно) Испанийн Баски, Каталан мужаас авахуулаад Италийн зүүн хойд Венето мужид хүртэлх салан тусгаарлах үзлийг дэвэргэж байна хэмээн Financial Times сонинд бичжээ. Салан тусгаарлах хөдөлгөөн идэвхтэй өрнөж буй Европын цорын ганц улс нь Их Британи биш юм.

Европ дахь салан тусгаарлах, автономит хөдөлгөөн 1970-аад оноос сэргэж, хүчээ авч эхэлжээ. Тэр үед Бельгийн фламанд үндэстэн болон франц, герман хэлтнүүд тус улсыг Европын холбооны хамгийн төвөөс хамааралгүй улс болгон хувиргасан ажээ. Итали улс Өмнөд Тирольд автономит эрх олгож, Испанийн Засгийн газар Франкогийн үхлийн дараа Баски муж, Канарын арлууд, Каталан, Галисиа мужид өөртөө засах эрх олгохоос өөр аргагүй болсон билээ. Есдүгээр сарын 11-нд Барселона хотод Каталан мужийн тусгаар тогтнолыг шаардсан томоохон жагсаал гурав дахь жилдээ болж өнгөрлөө. Каталан үндэстнүүд Испанийн ядуу буурай мужийг үргэлж тэжээж ирсэндээ гоморхож, тусгаар тогтнож, өөрийн мөнгөө өөртөө зориулах цаг болсон хэмээн дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх болсон. Тус мужийн парламент ирэх арваннэгдүгээр сард Испаниас салан тусгаарлах эсэх бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгаа ч Мадридын төвийн Засгийн газар үүнийг “Хууль бус” хэмээн үзнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Хэрвээ шотландууд Их Британиас салан тусгаарлахын төлөө саналаа өгвөл “Энэ давалгаа” Испанийн Каталан, Баски мужид халдварлана хэмээн тоймчид үзэж байна. Өнгөрсөн долдугаар сард Баски мужид 150 мянган баск иргэн 123 км урт гинжин цуваа үүсгэж, сонголт хийх эрхээ Мадридын эрх баригчдаас шаардаж байсан юм. 1989 онд Эстони, Латви, Литвад нутгийн иргэд гинжин цуваа үүсгэж жагссаны дараа ЗХУ-аас салж, тусгаар тогтнолоо олж байсан билээ. Сүүлийн нэг жилд Италийн Өмнөд Тироль, Венето гэсэн хоёр мужид тусгаар тогтнолын талаарх онлайн бүх нийтийн санал асуулга болж байсан. Хэдийгээр энэ нь албан бус байсан ч Итали дахь салан тусгаарлах үзлийн тод илрэл болсон юм. Испани, Итали болон Европын бусад улсын салан тусгаарлагч үзэлтнүүд Шотландын бүх нийтийн санал асуулгыг анхааралтай ажиглаж байна. Шотландуудын дийлэнх нь Их Британиас салан тусгаарлахын төлөө санал өгвөл Европын бусад орон дахь салан тусгаарлагчид оодорч, бүр хүчтэй дуугарах нь тодорхой хэмээн Financial Times-т онцолжээ.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.