Жолооч нараа холын замд бүү яар, бүү анхаарлаа сарниул
Аялал амралт зугаалга болон найр наадмын энэ өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Яараад яах вэ “ гэсэн аяныг эхлүүлж сэрэмжлүүлэг явуулсаар байгаа юм. Өчигдөр гэхэд Сэлэнгийн Баруунхараагийн нутаг дэвсгэрт хоёр машин мөргөлдсөн ноцтой осол болсон. Ослын улмаас 9 хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарав.

Жолооч нар минь ээ, орон нутгийн замд явахдаа хурдаа тохируул, анхаарал болгоомжоо бүү алдаачээ гэж дахин дахин захимаар байна.

Нэгэн хүн өөрийнхөө цахим хуудсанд дараах зүйлийг бичсэн харагдав. Олон хүн хараасай, ухаарал сургамж аваасай гэсэн үүднээс оруулав.

Тэрбээр “Амралтанд явах гээд гоё бэлдээд л. Майхан, хийлдэг гудас, ширээ сандал, загасны уурга, сайн хутга, сүх, олс гээд хэрэгтэй бүх зүйлээ бэлдлээ. Хоёр гэр бүлээрээ нийлээд Өвөрхангайн Улаан цутгалан, Найман нуур гээд зэргэлдээх сумуудаар нь амарч тойрч явахаар ярилцсан юм. Хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Хүнсээ цуглуулангаа ангалзаж, чихэр жимс, хоолны материал, гээд хүн бүрийн дуртай зүйлсийг авч бэлдлээ.

Монгол хүн жилдээ нэг удаа, би Монгол хүн шүү гэх вакциныг хийдэг наадмаар яагаад ч юм хүн болгон л нэг тийм баярладаг шүү дээ. Хүн бүхний нүдэнд инээмсэглэл, аз жаргал тодорч, за одоо л амрах нь гэж бүгдээрээ баярлав. Хурдхан шиг л очих газраа очиж сайхан амрахын түүс болов. Ингээд 3 машинтай гэр бүлээрээ гараад явлөө. Төв аймгийн Лүн арай ороогүй байсан байхаа, нэг даваа давсан чинь зам дээр 3,4 хүн уйлаад сууж байна. Хурдаа жаахан хасаад хажуу тийшээ анхаараад гарсан чинь хоёр том хүн бололтой, гэхдээ юмаар хуччихсан байсан л даа.
Цоо шинэ шошго нь унаагүй шинэ мишокоор нь цогцоснуудыг нь бүтээсэн байсан.

Цаашаа 500 м яваад л “Старикс” машин дээшээ харчихсан, 3 хүнийг мөн л авч явсан хөнжлөөр нь бүтээчихсэн, 3 залуу, нэг хүүхэн уйлаад сууж байсан.

Дахиад 1 км яваад мөн л хажуу тийшээгээ хоёр машин уначихсан. Нөгөө нэг баяр хөөр, нэг тийм огшиж байсан баяр гэнэт л байхгүй болчихсон. Бүгдээрээ нэг нэгэнтэйгээ юм дугарч чадаагүй.

Ард явсан нэг эмэгтэй найз маань гэнэт уйллаа. Бүгд түүнийг яагаад уйлсныг нь ойлгож байсан учир арын эгнээд байсан бүх хүмүүс бүсээ зүүлээ.

Би ч далчиганаад 120км/ц хурдтай явж байснаа болиод 70км/ц болгов. Өвөрхангайд очин очтолоо бид нар олигтой ч юм яриагүй. Арын машинууд ч мөн хурдаа хассаар бүгд чив чимээгүй Өвөрхангайд ирж билээ. Хүний баяр хөөр, баярлах гэсэн хүслийг чинь зам тээврийн аюулгүй байдал хэзээч ойлгохгүй. За яахав дээ гэсэн болгон чинь таныг хэзээ нэгэн өдөр таагүй зүйлд хүргэнэ.
 
Хэдхэн секундын өмнө хажууд чинь инээгээд сууж байсан хүн чинь хөсөр шидэгдэж хэвтэж байна гэж бодохоор аюултай. Бид нар чинь ямар улсад амьдарч байгаа билээ. Ямар зам дээр явж байгаа билээ? Бодох л хэрэгтэй байх. Та нар хэрэв санаж байгаа бол түрүү жилийн наадмаар 11 хүн нас барсан, аймшигт Лүнгийн осол гарсныг хүмүүс мэдэх байх.

Зүгээр л битгий яар. Битгий анхаарлаа сарниул. Өөртөө итгэлтэй, хянамгай, самбаатай машинаа жолоодох хэрэгтэй.

Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч гэсэн унтчих. Зам чамаас зугтаахгүй. Харин амьдрал чамаас, чиний анхаарал болгоомжгүй байдлаас чинь зугтаах болно.

Битгий яараарай. Амралт зугаалгын цаг ирж байгаа болохоор манайхан xайртай хүмүүстэйгээ явж амарч байгаа хүмүүс байж яараад яахав дээ. Анхаарал болгоомжтой явцгаагаaрай даа” гэсэн сэрэмжлүүлэгийг бичсэн байна. Олон жолооч нар ойлгоорой, орон нутгийн замд хурдаа тохируул, архи согтууруулах ундааны зүйл бүү хэрэглээрэй.  
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sdf 2019-07-10 18:38:28
    adguu, gagui biz gesen uher mongol zangaa l bolcih tehuu. tegvel bugdeer us uuna, naadam uzne. heneggui zavaan mongol zangaa orhi.,