Улсад анх удаа зодоглоод Улсын начин цол хүртсэн “онцгой” Б.Орхонбаяр
Өнөө жилийн төрийн их баяр наадамд Сэлэнгэчүүд өнгөтэй сайхан наадаж, ихэр Улсын начинтай болов.

Тэр хоёрын нэг нь Сэлэнгэ Цагааннуур сумын унаган хүү Баярсайхан овогтой Орхонбаяр хорин нэгхэн насандаа Монгол Улсын Начин болж нутаг усныхнаа болон аав ээжээ, ах дүүгээ, бэлтгэсэн багш нарынхаа магнайг тэнийлгэж баярлуулав.

Түүний хувьд таван жил үндэсний бөхөөр хичээллэж байгаа бөгөөд анх удаа улсад ийнхүү зодоглоод улсын цолтнуудын эгнээнд буюу Улсын начин хэмээх хүндтэй цолыг хүртэв. Гайхам сайхан байна. Идэр хүүд их холын мөрөөдөл бий.

Гарынхаа шавь болгон бэлтгэсэн их багш Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ч үнэнхүү хүчээрээ улсын цол хүртсэн шавьдаа баярлаж, Төв цэнгэлдэхэд баярын нулимс унагаж, дээлийнх нь захыг мушгиж сууж харагдсан. Багш шавь хоёрын барилдлага сайн байна. Уран барилдаант Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа бүх эрдмийг өвлөж байгаа гэх юм билээ.

Б.Орхонбаяр хүү үнэхээр эр бяр, бор зүрхээрээ явж Улсын цолонд хүртсэн. Найрааны начин биш. Тавын даваанд тунасан. Тунана гэдэг сайны шинж. Адилхан дөрвийн давааны нугалгааг давж тавын таваанд цол горилж байгаа хоёр хүчтэн хүч тэнцүүхэн барилдаж нэг нь улсын цолонд хүрнэ гэдэг ёстой сайхан юм.

Түүний хувьд учраа бөх Ц.Сандагдорж ч начин болох боломж байсан. Гэхдээ илүү хүчтэй, илүү бэлтгэлтэй, илүү мэхтэй нь давдаг гэдгийг Б.Орхонбаяр хүү харуулж чадсан. Нас залуу идэрхэн хүү өнөө жил насныхаа хувьд хамгийн бага нь байсан учраас хурдан удмын даага хөтөлж, түмэн олноо баярлуулсан билээ. Энэ жилийн хувьд яах аргагүй онцгой, өнгөтэй байсан даа. Их даруухан тайван хүү. Начин цол хүртсэний дараа сэтгэлийн үгээ тэрбээр ийн хэлжээ.

Б.Орхонбаяр:Үндэсний бөхөөр таван жил хичээллээд, Улсын начин боллоо

“Би үндэсний бөхийн спортоор хичээллээд таван жил болж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаараа Монгол Улсын начин цол хүртсэндээ баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлаж байна. Анхны чөлөөт бөхийн спортын багш нар болон намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай” гэжээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.