Тойм:Шинэ аваргатай, хоёр Мэргэн харваачтай сайхан наадлаа
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан зуны адаг сардаа дэнж хотойтол өргөн дэлгэр болж өнгөрлөө. Өнөө жилийн баяр наадам их сайхан болж шинэ аварга төрлөө, улсын шинэ цолтон зургаа төрлөө. Улсын мэргэн харваач хоёр төрсөн гээд амжилт ихтэй бахдам сайхан байлаа. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэж ярьдаг.

Наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртлээ.

Улсын начин Д.Анар зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн бол аймгийн арслан заан цолтой таван бөх шинээр Улсын начин цол хүртэв.



Үүнд Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их баяр наадмаараа тав давж, Улсын начин цолтон болов.

Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд одоогоос хоёр жилийн өмнө бөхчүүдэд болон нутгийнхаа аварга Б.Бат-Эрдэнэд “Багшаа би 2019 оны наадмаар түрүүлнэ ээ” гэж хэлж амлаж байсан нь ийнхүү өнөөдөр биелэлээ олсонд олон хүн баярлаж байна.

Өчигдөр шинэ аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol  Y62” автомашиныг өнөөдөр гардуулан өгөв. Мөн нутгийн зөвлөлөөс таван өрөө байр бэлэглэж, түрүүлсэн бөхийн бай шагнал болох Тоёото цомыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болов.

Монгол Улсын аварга Э.Оюунболд “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна” хэмээв.
 
Төрийнхөө их баяр наадамд торгон жолоогоо өргүүлсэн хүлгүүд

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Соёолон насны морины уралдаанд айрагдаж, торгон жолоогоо өргүүлсэн шандаст хүлгүүдийн уяачдад Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулсан бол  түрүүлж айрагдсан унаач хүүхдүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга гарын бэлгээ гардуулав.

Дааганы уралдаан

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 200 орчим хүлэг 1 км замд шандас хурдаа сорьж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр торгон жолоо өргүүлж, унаач 12 настай О.Өсөхбаяр хурдлуулсан юм.

Түрүү магнай Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун,

Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар,

Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал,

Айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа.

Шүдлэнгийн уралдаан

Хурдан шүдлэнгийн уралдаанд 350 үрээ бүртгүүлснээс 236 шүдлэн тоосоо өргөв. Энэ жилийн төрийн наадамд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар үрээ төрийн торгон жолоог өргөлөө.

Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул уяач Баасансүрэнгийн Нямжавын хар,

Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан,

Айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан,

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
 
Хязаалан нас

Хязаалан насны уралдаанд 298 үрээ бүртгүүлж, 184 үрээ тоосоо өргөлөө. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, "Ажнай" галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ төрийн торгон жолоо өргөж түрүү магнай хүртэв.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд,
Айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн,
Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар,
Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр  тус тус хурдаллаа.

Соёолон нас

Соёолон насны морьдын уралдаанд 200 гаруй хурдан соёолон шандас сорилоо. Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд. Магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай Ц.Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан.
 
Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун,

Айргийн гуравт Монгол улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан,

Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар,

Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Н.Дамдий-Ядамын цоохор соёлон хурдаллаа.
 
Их нас

Үндэсний их баяр наадмын Их насны  271 морь шандас шалгаж, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор түрүү магнайг хүртэв.


Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар,

Айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр,

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар,

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд тус тус хурдаллаа.

Азарга

Азарганы уралдаанд  гарааны зурвасаас 163 хурдан хүлэг  хурд сорьж Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан, бунд тамгатай хонгор азарга төрийн торгон жолоог өргөлөө. Магнайд түрүүлсэн  хонгор азаргыг 10 настай М.Түшиг хурдлуулжээ.

Аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын загал,

Айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор азарга,

Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Б.Эрдэнэбатын мөлүү хул,

Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн бор азарга тус тус хурдаллаа.
 
Монгол Улсын хоёр мэргэн харваач төрлөө
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгөв.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

40 сумнаас 39 онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Энхтунгалагийн Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол,

40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ил уурхайн ажилтан, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол,

40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дансрангийн Чулуунбатад Монгол Улсын гоц харваач цол олголоо.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

40 сумнаас 37 онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахир багийн харваач Өрнөхийн Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол,

40 сумнаас 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн, Батбаатарын Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цол тус тус олгов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардуулав.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.