Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлт зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр хийгдэх ёстой
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэж баталсан. Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр үдээс өмнө Ерөнхийлөгчийн албан өрөөнд болж, хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалан хуралдуулсан байна.
 
Энэ талаар Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Ажлын хэсгийн хуралдаан цаашид тасралтгүй үргэлжлэн явагдахын зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтсон. Тухайлбал, Даваа гарагт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаар улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүд өрнүүлнэ. Дээрх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулна.
 
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор зааж өгсөн.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх, төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоохоор заасан байдаг.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүд энэ сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдрүүдэд тойрогтоо ажиллаж, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон энэ сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналуудыг иргэд олон нийтэд танилцуулж саналыг нь авах ажлыг зохион байгуулах юм. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар АН-аас өгөх саналыг ч хэлэлцүүлж, олон нийтийн саналыг авна.
Дараа нь өргөн баригдсан төслүүдийг нэгтгэх ажил хийгдэнэ. Манай намын бүлгийн хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тийм зарчмыг ч барьж ирсэн. Нөгөө талаар Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Улсын Их Хурлын 57-гоос доошгүй гишүүний дэмжлэг авч байж батлагдах учиртай. Тиймээс парламент дахь хоёр гол нам зөвшилцөлд орж, үндэсний зөвшилцлийн Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргалахаар болж байгаа учраас энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдана гэсэн итгэлтэй байгаа гэлээ.
 
Харин Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Ажлын хэсэг хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон АН-ын саналыг оролцуулж хэлэлцүүлгүүд хийхээр тогтсон. Одоо Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд авах ч юм бий, гээх ч юм бас бий. Гол нь бэлэн болоод хэлэлцэгдэж байгаа төслийн саналуудтай Ерөнхийлөгчийн төсөл болон АН-ын саналыг нэгтгэсний үндсэн дээр зөв үзэл баримтлал, зөв чиглэлтэй, өнгөрсөн хугацаанд бугшиж хуримтлагдсан гажуудлыг засаж зохицуулсан шинэ дэвшилт алхам хийгдээсэй гэдгийг л бид хүсэж байгаа.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.