Хүнсний аюулгүй байдлыг хангах зөвлөмж үүргээ гүйцэтгэж байгаа юу
Аюулгүй хүнс гэж юу вэ? Хэрэглэгч тухайн хүнсийг хэрэглэхэд ямар нэг эрсдэл гарахгүй байх баталгаа юм. Манай улсад  хүнсний аюулгүй байдал эмзэг асуудлыг нэг болоод байна. Учир нь улирал тутамд хүнсний аюулгүй байдал алдагдсанаас үүдэн иргэд хэдэн арваараа ХӨСҮТ-ийг зорьж, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм. 
 
Хамгийн сүүлийн жишээ, энэ сарын 22-ны өдрийн 16 цагийн байдлаар ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогдсон байна. Өчигдөр өдрийн байдлаар - 3 хүн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
 
Улмаар шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т,Т нар хиам, өндөгтэй хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Гэрэлт СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоосон гэж байгаа. 
 
Хүний хоол хүнсэнд хэрэглэж байгаа аливаа түүхий эд, бүтээгдэхүүн  нь  чанарын шаардлага  хангаснаар хүний  амьд явах эрх түүний баталгаа болдог. Гэвч хүнсний бүтээгдэхүүн борлуулагч ААН-үүд үүнд хэтэрхий хойрго хандсаар байна. Үр дүнд иргэдийн эрүүл мэндэд асар их сөрөг үр дагавар авчирч байгаа юм.
Уг нь одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн санаачлагаар Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган зохион байгуулж, Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий зөвлөмж гаргасан. 
 
Үүнд: Нэг. Эрх зүйн хүрээнд.
1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг шинэчлэх хүрээнд: Баталгаагүй хоол хүнсний талаарх ноцтой мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгааг хуулийн хүрээнд үнэ төлбөргүй бүх телевиз, радиогоор тогтсон цаг хугацаанд явуулдаг байх, эрүүл бус хүнсний талаарх зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
 
2. Хүнсний шим тэжээлийн тухай хуулийг боловсруулах;
 
3. Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэс болсон монгол малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх үндэсний аян санаачлан хэрэгжүүлэх;
 
4. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол, хүнс, сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай”-ны асуудлыг хууль эрх зүй, тогтолцооны хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангаж байхаар шийдвэрлэх;
 
5. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайшилтийн цар хүрээ нэмэгдэж, үржил шимтэй газар нутгийн хэмжээ багасч байгаатай холбогдуулан хамгийн үржил шимтэй газар нутаг болох Дорнодын Халх голыг Газар тариалангийн “үүц” газар болгон хадгалах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.
 
Хоёр. Засгийн газарт.
 
1. Хилийн боомт дээрх хүнсний хяналтын лабораторийг байгуулах, чадавхжуулах;
 
2. Хүнсний сүлжээний бүх үе шатуудад зохистой дадлыг заавал нэвтрүүлж мөрдөх;
 
3. Монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хоногт авах сүү, цагаан идээний зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Үдийн цай” хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд “өдөрт нэг аяга сүү”, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг 200 граммд хүргэх арга хэмжээг дэмжин хэрэгжүүлэх;
 
4. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих банкны уян хатан нөхцөлтэй урт, богино хугацааны зээл олгох талаар судлах;
 
5. Лабораторийн хог хаягдлыг устгах хүрээнд химийн хортой болон аюултай хог хаягдлын менежементийг сайжруулах, устгах байгууламж байгуулах;
 
6. Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэлийн нэгдсэн, оновчтой тогтолцоо бүрдээгүй, жирийн тариаланчдаас худалдааны сүлжээ байгууллагуудад хүргэх оновчтой ложистикийн тогтолцоог бүрдүүлэх;
 
7. Арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь хөрс, хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг бохирдуулж байгаатай холбогдуулж арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах.
 
Гурав. Хүнсний хяналтыг дээшлүүлэх.
 
1. Импортын хүнсний бүтээгдэхүүнийн гарал үүслийн бүртгэлжүүлэлтийн хяналтыг чангатгах;
 
2. Хүнсний хяналтын бүтэц зохион байгуулалт, тогтолцоог сайжруулах хүрээнд Хүнс, эмийн агентлагийг байгуулах.
 
Дөрөв. Хэрэглэгчдийн хүнсний тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр.
 
1. Хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хоол, хүнсний талаарх хичээл оруулах;
 
2. Хүн амын эрүүл мэндийн болон хүнсний хэрэглээний боловсролыг сайжруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх;
 
3. Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудад шилжүүлж, салбарын мэргэшсэн боловсон хүчний нөөц бололцоог ашиглах хэрэгтэй байна” гэсэн байна.
 
Гэтэл энэ зөвлөмж үүргээ гүйцэтгэж байгаа эсэхэд эргэлзээ төрж байна.

П.АНИР 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.