Орон нутгийн хөгжлийн сан хэнийг тэжээдэг вэ?
Иргэдийн санал бүтээн байгуулалтад тусгалаа олох оновчтой шийдэлтэй болсон нь Орон нутгийн хөгжлийн сан юм. 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ шийдлийн үр дүнд ялангуяа, хөдөө орон нутагт иргэд санаачлагаараа хэрэгтэй байгаа ажлуудаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийлгэх боломжтой болсон юм. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. 2013-2014 онд энэ санд улс даяар нийт 655 тэрбум төгрөг хуваарилсан тооцоолол байна. Харин энэ жилээс сангийн эх үүсвэрийг 60 хувиар нэмэгдүүлсэн, уул уурхайн тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 100 хувь төвлөрүүлдэг болсон гээд аймгуудад хуваарилах мөнгө багагүй нэмэгдэж байгаа.

Тэгвэл нэг аймагт ногддог хөрөнгийг үр дүнтэй зарцуулж байна уу, бүтээн байгуулалтыг бодитойгоор хийж байна уу гэсэн олон асуулт хариулт нэхдэг. Төрийн аудитын байгууллагаас аймаг бүрт энэхүү сангийн зарцуулалт ямар байгааг шалгадаг болсон. 2018 оны аудитын дүгнэлтээс харахад сангийн хөрөнгийг зарцуулахдаа иргэд, олон нийтийн саналыг гүйцэд тусгаагүй, хэлэлцүүлээгүй, зориулалтын бус зүйлст зарцуулсан, худалдан авах ажиллагаа зохион байгуулахаас залхуурдаг, шууд гэрээ байгуулдаг, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн гүйцэтгэл чанаргүй гэсэн зөрчил дутагдал байсаар байгааг харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, нэлээд ач холбогдол өгч байгаа энэ арга хэмжээний хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгаа ажээ. Дээрээс нь орон нутагт аливаа төслийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх мэргэжлийн компани, ажилтан дутмаг, дээрээс нь төрийн байгууллагын хяналтын тогтолцоо учир дутагдалтай байгааг аудитын дүгнэлтүүд онцолсон байлаа. 2018 онд аймаг бүрт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулсныг аудитын дүгнэлтийг үндэслэн тоймлон хүргэж байна.
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ 100 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ
 
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахдаа төлөвлөсөн төсөл, арга хэмжээний талаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах гэх мэтээр заавал хэлэлцүүлэх учиртай. Аймаг бүрт хийсэн аудитын дүгнэлтүүдээс харахад иргэдийн дунд хэлэлцүүлэхгүй баталдаг, хэлэлцүүлсэн мэтээр худал протокол хөтөлдөг, дэмжээгүй байхад нь санхүүжүүлдэг нийтлэг зөрчил байсаар байна.
 
Баян-Өлгий аймгийн хувьд 2018 онд энэ сангаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрийнхөө 31 хувийг буюу 90 төсөл хөтөлбөрийг иргэдийн саналаар дэмжээгүй байхад нь санхүүжүүлжээ. Тодруулбал, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Ногооннуур, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Өлгий сумын Засаг дарга нар ийм зөрчил гаргасан байна.
 
Аймгийн хэмжээнд сангийн хөрөнгөөр өнгөрсөн онд нийтдээ 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 287 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний 441 сая төгрөгийн өртөгтэй 21 төсөл өмнөх оноос шилжин орж, бусад нь шинээр хэрэгжүүлэх төсөл байжээ. Харин эдгээрээс 100 сая төгрөгийн гурван төсөл огт хэрэгжээгүй байна. Тухайлбал, Ногооннуур сумын Ховд бага сургуулийн их засварын ажлыг сургуулийн барилгын өргөтгөл болгож нэрийг нь өөрчилж төсөвт өртгийг 85.9 сая төгрөгөөр нэмэгдүүлснээс тендер хугацаандаа зарлагдаагүй байна. Ингэж явсаар сонгон шалгаруулалт хийсэн боловч маргаан гарч Сангийн яаманд гомдол гаргахдаа хүрч хойшилсоор энэ төсөл нь 2019 ондоо шилжсэн байгаа юм. Ийнхүү төсөв хөрөнгө нь байсаар байтал нэг сургуулийн ажил он дамнан хойшилж байх жишээтэй.
 
ГУРВАН СУМАНД 7.5 САЯ ТӨГРӨГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТАА АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
 
Дундговь аймагт өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн санд 2.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр төвлөрчээ. Үүнээс 2018 онд болон он дамжин хэрэгжүүлэхээр 165 төсөл, арга хэмжээг батапсан боловч ОНХС- гаас олгосон орлогын шилжүүлгийн хэмжээ буурсан тул төлөвлөсөн ажлын 82.4 хувь буюу 136 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжиж, есөн төсөл дутуу буюу 50-80 хувьтай хэрэгжиж, 20 төсөл огт хэрэгжээгүй байна. Сангийн хөрөнгийн ихэнх буюу 40 гаруй хувийг тоног төхөөрөмж, 26 хувийг их засвар, 20 орчим хувийг баяр наадамд зарцуулсан байгаа нь Орон нутгийн хөгжлийн сангийн үндсэн зорилго болох ирээдүйд үр өгөөж өгөх хөрөнгө оруулалтад биш ойрын хэрэгцээ шаардлага төдий аар саархан зүйлд зарцуулсаар байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэжээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд нийт санал өгөх иргэдийнхээ 37 хувийг л хамруулсан нь нөгөө иргэдийн оролцоо гээч зүйлийг хангалттай байлгаж чадахгүй байгааг харуулж байгаа аж. Өнгөрсөн оны эцэст Дундговь аймгийн иргэдээс “Танай баг, хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хамгийн түрүүнд хийх шаардлагатай ажлуудын саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан уу” гэж асуухад санал өгсөн иргэдийн 30 хувь нь тийм, 25 хувь нь үгүй, 36 хувь нь мэдэхгүй байна гэсэн хариулт өгчээ.
 
Сангийн хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авахдаа хэт өндөр  үнээр төлөвлөж байгаа нийтлэг зөрчил гардаг. Дундговь аймгийн хувьд иймэрхүү асуудал багагүй гарсныг аудитын дүгнэлтэд дурджээ. Тухайлбал,өнгөрсөн онд Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвд 7.5 сая төгрөгөөр биохимийн шинжилгээний аппарат авсан боловч шинжилгээний бодис, урвалж өндөр үнэтэй, авах боломжгүйгээс аппаратаа огт ашиглаагүй байна. Өмнөх онд нь Луус,Эрдэнэдалай сумын эмнэлэгт мөн ийм аппарат авсан ч ижил шалтгааны улмаас ашиглаж чадахгүй хэвээр байхад  дахин өөр суманд өндөр үнээр ийнхүү худалдан аван аж. Мөн Сайхан-Овоо суманд цэцэрлэгийн хүүхдийн тоглоом худалдан авах ажлаар нэг ширхэг дүүжин даажин, хоёр ширхэг иж бүрдэл савлууртай гулгуур тоглоомыг 7.5 сая төгрөгөөр худалдан авсан байхад Өлзийт суманд зөвхөн нэг ширхэг гулсуурыг 7.4 сая төгрөгөөр худалдан авчээ.
 
 Тус аймгийн Адаацаг суманд Хятад улсад үйлдвэрлэсэн таван тонн ачаа ачих даацтай хогны авто машиныг 26 сая төгрөгөөр худалдан авсан байхад аймгийн сангаас яг ижил машиныг 44.9 сая төгрөгөөр авсан байгаа юм. Энэ мэтчилэн худгийн засвар, усны машин зэрэг худалдан авалтын ялгаатай төрх олон байгааг дүгнэлтэд дурджээ.
Харин Дундговь аймагт нэгэн сайн туршлага байна. Юу гэвэл тус аймгийн Адаацаг суманд малчид иргэдийн санаачилгыг өрнүүлэн малчдаар өөрсдөөр нь иж бүрэн /Байшин, онгоц, 220 квт- ын цахилгаан мотор/ гүний худаг гаргуулан зөвхөн худгийн цооног гаргуулах зардлын 50 хувь буюу 2-3 сая төгрөгийг сангийн хөрөнгөөс санхүүжүүлсэн байна.
 
АРХАНГАЙД ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛ ХУВИЙГ ДУТУУ, ЧАНАРГҮЙ ТӨСӨЛ ЭЗЭЛЖЭЭ
 
Архангай аймагт бүх эх үүсвэрээ нийлүүлээд 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг нийт 3.9 тэрбум төгрөгөөр баталжээ. Үүнээс 95.3 сая төгрөгийн найман төсөл арга хэмжээг иргэдээс санал аваагүй төлөвлөсөн байна. Үүнд Тариат суманд номын сангийн тохижуулалт 19.9 сая төгрөг, Цагааннуур багийн мал угаалгын ванн хоёр сая төгрөг, Эрдэнэбулган суманд хот тохижилт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ковш машин авах 45.9 сая төгрөг, V багийн гэрэлт цамхаг 9.5 сая төгрөг нийт 55.4 сая төгрөг гэх мэт үргэлжилнэ. Мөн аймгийн сангийн хөрөнгөөс 11 төсөл арга хэмжээнд 1.4  тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тухайн ажлуудыг журмын дагуу урьдчилсан саналын жагсаалтыг боловсруулж иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж төлөвлөсөн гэх боловч хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалтаас өөр нотлох баримтыг аудитад ирүүлээгүй байна.
 
Эндээс үзэхэд тухайн төсөл арга хэмжээнүүд хууль, журмын дагуу иргэдийн саналд тусгагдсан эсэх нь тодорхойгүй байна гэж аудитын дүгнэлтэд дурджээ. Аудитын явцад онлайн санал асуулгын формыг байршуулан, санал ирүүлсэн 113 иргэнээс сангийн үйл ажиллагаа орон нутагт хэрхэн явагдцаг, иргэд хэрхэн мэдээлэлтэй байдаг, иргэн таны оролцоо хэрхэн хангагдаж байгаа талаар санал асуулга авч нэгтгэхдээ ОНХС-гийн талаар хэр мэдээлэлтэй вэ гэсэн асуулгад оролцогчдын 70 хувь нь “хангалтгүй” гэсэн хариулт өгсөн байна.

Архангай аймгийн хувьд аудитаар нийт 311.8 сая төгрөгийн зөрчил илрүүлсний тал хувь нь дутуу буюу чанаргүй хийсэн, хийсэн ажлыг хүлээж аваагүй зөрчил эзэлж байгаа юм байна. Эдгээрээс заримыг нь дурдвал, Эрдэнэбулган суманд Ус зайлуулах байгууламжийн 28.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэлээр санхүүжүүлээгүй, ажлын даалгаврыг буруу бэлтгэснээс усыг хаашаа зайлуулах нь тодорхойгүй болж өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй байна. Батцэнгэл суманд найман сая төгрөгийн төсөвт өртөгтэй худаг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг дутуу буюу 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээн авчээ. Үлдсэн ажлыг 2019 онд гүйцэтгэхээр болсон нь ажлыг дутуу чанаргүй хийснийг харуулж байна. Мөн Аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр гүйцэтгэсэн 41 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий замын гоёлын гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авсан комиссын хурлын тэмдэглэлд 180 ширхэг гоёлын гэрэлтүүлэг суурилуулахаас 160 ширхэг гэрэл суурилуулсан гэж тэмдэглэсэн ч газар дээр нь очиж үзэхэд 120 ширхэгийг суурилуулсан, үлдсэн 5.1 сая төгрөгийн гэрэлтүүлэг дутуу зөрчил илэрчээ.

Энэ мэтчилэн төсвийн хөрөнгө бодит амьдрал дээр хэрхэн үр дүнгүй алга болж байгаа жишээ баримтууд үргэлжилсээр байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Солонго
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.