Тойм:Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгтэй, түрээсийн орон сууцны бүртгэл эхлэв
Өнгөрсөн долоо хоногийн таван өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаархи нээлттэй  хэлэлцүүлгээр өрнөлөө.  Даваа гарагаас эхлэн  үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой юм.

Нийтдээ 5 удаагийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож  өргөн барьсан төслийнхөө үзэл баримтлалыг тайлбарлаж үг хэлсэн.

Таван удаагийн нээлттэй хэлэлцүүлэг доорхи сэдвүүдээр хийсэн юм.  Үүнд:

Даваа гарагт  Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах нь

Мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь

Лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, харуут бус байдлыг хангах нь

Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь

Баасан гарагт Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвүүдээр тус тус явагдлаа.

Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг болон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр саналаа нэгтгэх, иргэндийн саналыг авах, мөн сурталчлах мэдээлэх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг ирэх сарын 9 хүртэл хойшуулаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд энэ хугацаанд  тойрогтоо ажиллаж байна.
 
Ерөнхийлөгч АНУ-д айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын тов гарав. Ерөнхийлөгч  энэ сарын 29-өөс ирэх сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчлах бөгөөд энэ сарын 30-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд ганцаарчлан уулзах юм. 
Энэ айлчлалаас Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүйгээр нэвтрүүлэх  асуудлыг ярьж шийдвэрлэнэ гэсэн Монголчуудын хүлээлт байгаа юм.

“Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав

Засгийн газрын хуралдаан ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлав.

Энэхүү сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани  байх юм.

Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь болон ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг  байна.

Түрээсийн орон сууцны бүртгэл эхлэв

“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрийн 17.00  цагт эхлэв.  Бүртгэлд иргэд тун идэвхтэй  хандаж байна.

Түрээсийн орон сууцанд зөвхөн гэр хорооллын өрхүүд хамрагдах бөгөөд  бүртгэл 14 хоног үргэлжилж, наймдугаар сарын 5-ныг дуустал үргэлжлэх юм.  

Түрээслэх орон сууц нь:
68.59 мкв талбайтай гурван өрөө
39.30 талбайтай хоёр өрөө,
49.23 хоёр өрөө гэсэн гурван төрлийн сонголттой байгаа юм.

Харин үнийн хувьд  байрны талбайн хэмжээнээс шалтгаалан энгийн түрээсэнд 137,550-411,000 төгрөг.
Өмчлөх хэлбэрт урьдчилгаа төлснөөс хамаарч 284,000 төгрөгөөс эхлэн 1,600,000 төгрөг байх ажээ.
 
Нийслэлийн замыг гурван бүсчлэлд хуваана гэв

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлэв. Нийслэлийг А, В, С гэсэн гурван бүсэд нийслэлийг хуваана. Хотын төвийг А, B бүс гэх бөгөөд хотын төв рүү зөрчилтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зам тээврийн осол олон удаа үйлдсэн жолоочийг нэвтрүүлэхгүй  байхаар шийдвэрлэжээ.

А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

Инэхдээ хотын бүх зогсоолыг төлбөртэй болгох юм байна. Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2,382, зөвшөөрөлгүй 5,312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15 мянга гаруй төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой  гэж үзжээ. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр хотын төв хэсгийн түгжрэлийг 50 хувь буурна гэж тооцжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-07-28 04:00:24
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо