Д.Содном: Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлэх нь зүйтэй
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содномыг урьж ярилцлаа.

-Та сайхан зусч байна уу. Монгол Улсын өнөөгийн байдлын талаар байр суурь, үзэл бодлыг хуваалцахыг эрхэм болгож тантай уулзаж байна. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа…

-Сайхан зусч байна. Улс орон, ард олон амгалан тайван хөдөлмөрлөж амьдарч байна. Хорин хоёр сая төл бойжуулж, үр тариа, төмс хүнсний ногоо тариалах ажлаа амжилттай гүйцэтгээд үндэсний баяр наадмаа сайхан тэмдэглэлээ. Улсынхаа хүн нэг бүрт зургаан толгой мал оногдох төл бойжуулаад, иргэдийн гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэхүйц хэмжээний тариалалтын ажлыг гүйцэтгэсэн ард иргэд сайхан наадахаас яахав. Нийт нутгаар хур бороо элбэг, бэлчээрийн ургац сайн байна. Санаа сэтгэл сайхан байна.

-Та олон жилийн өмнөөс Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн тогтолцооны заалтыг өөрчлөх саналаа бичиж олон түмэнд хүргэж байсан. Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсын одоогийн Үндсэн хууль гарснаас хойшхи 27 жилийн хугацаанд улс нийгмийн амьдралд их өөрчлөлт гарлаа. Ардчилсан хувьсгалаас өмнөх үетэй харьцуулбал шинэ Монгол Улс, үзэл бодол нь шинэчлэгдэж байгаа шинэ монгол хүмүүс бий болсон гэж хэлж болох байх. Монгол Улс хөгжиж байна. Гэвч манай эдийн засгийн хөгжлийн хурд удаан, тогтвортой хөгжлийн нөхцөл бүрдээгүй, эд баялаг, хүний нөөцийн арвин боломжоо ашиглаж ядуурлыг бууруулах гол зорилтоо шийдвэрлэж чадаагүй байна. Энэ бол бидний монголчууд хөгжлөө мэдэрч харж байгаа боловч сэтгэл хангалуун биш байдгийн шалтгаан.

Миний бодлоор, улсын маань хөгжил удаан байгаа явдал манай улсын төрийн тогтолцоо оновчтой биш, хөгжлийн бодлого зохицуулалт хангалтгүй байгаатай холбоотой.  Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн суурь заалт байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд Засгийн бүх эрх улс төрийн намын мэдэлд шилжсэн. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлдэггүй улс төрийн нам засаг төрийн эрх барьж байгаа явдөл хөгжил удаан, ядуурал буурдаггүй, төрийн эрх барьж байгаа улс төрийн намд иргэдийн итгэл алдрах шинж илэрч буйн үндсэн шалтгаан. Тиймээс би Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад анхаарах гол асуудал болгож сум, дүүрэг нэг бүрээс шалгарч сонгогдсон гишүүдээс бүрдсэн Ард түмний Их Хурал, Ард түмний Их Хурлаас сонгогдсон Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай парламент бий болгох замаар засаглал, хөгжлийн бодлогын асуудлыг ард түмний мэдэлд ойртуулах санал дэвшүүлдэг.  Ард түмний Их Хурлаас хууль болгон баталсан Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөгөөг Засгийн газар нь хэрэгжүүлэх үүрэг хүлээж ажилладаг байх ёстой. Зөвхөн эдгээр нөхцөлд ард түмний мэдэлд засгийн эрх ойртож, хариуцлага, сахилга, дэг журам сайжиран улс нийгмийн хөгжил хурдасна гэж боддог.

Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх, ард түмний амьдралыг сайжруулж байх тодорхой бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх үр ашигтай төсөл арга хэмжээг боловсруулсан, хариуцлага хүлээж ажиллах чадвартай боловсон хүчний нөөцтэй улс төрийн намд төр засгийн удирдлагад ажиллах эрх олгодог хуультай болох шаардлагатай.

Дүгнэж хэлбэл Ард түмний Их Хуралтай болох, хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлдэг байх, улс төрийн намын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэхгүй бол сахилга, дэг журамтай байж улс нийгэм тогтвортой хөгжихгүй.  Одоо байгаа тогтолцоо буюу нэг танхимтай парламентыг хадгалж, түүний гишүүнээр сонгож болох хүний нэрийг дэвшүүлэх эрхийг иргэдэд эдлүүлдэггүй, зарим тооны гишүүдийг иргэд сонгох биш улс төрийн нам томилдог болох санал хэрэгжвэл засгийн эрх ард түмний мэдлээс улам холдох, улс төрийн намын үйлдэлд ард түмний хяналт сулрах үр дагавартай.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхтэй санал нийлж байна уу?

-Гүйцэтгэх засаглалын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор гарч байгаа санал гэж ойлгож зарчмын хувьд дэмжмээр байна.Тэгэхдээ би арай өөр аргаар энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үздэг. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ард түмний Их Хурлаас сонгон томилж, түүнд Засгийн газрын тэргүүний үүргийг хариуцуулах замаар энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үздэг.  Миний энэ санал бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зааг, үүрэг хариуцлагыг тодорхой болгох ач холбогдолтой. Ялангуяа гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар нь Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлыг бүрэн хариуцаж ажиллах бололцоо нэмэгдэх, ард иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Засгийн газрын тэргүүн гэсэн нэг эрхэм удирдагчтай, түүндээ итгэл хүлээлгэн хүндэтгэл үзүүлж байж болно. Ер нь бидэнд төрийн гурав биш нэг өндөрлөг байвал дээр.

Монгол Улсын Ерөнхийлөгч эзэн хаан шиг байхыг хүсдэггүй, улс нийгмийн хөгжлийн алсын болон тулгамдсан асуудлыг шийдэж байх үүрэг хариуцлагатай ажиллахыг хүсдэг. Манай улсын Ерөнхийлөгч иргэдтэйгээ болон гадаад улсын удирдагчидтай уулзаад тавигдсан асуудлыг уламжилъя, хэлэлцүүлье, шийдүүлэхийг хичээе гэж байдаг эрх мэдэл нь хязгаарлагдсан зуучлагч шиг байхыг хүсдэггүй. Тиймээс  би Ерөнхийлөгчийг Засгийн газрын тэргүүн байлгах нь зүйтэй гэж хэлээд байгаа юм.

-Ерөнхийлөгч болон парламентын танхимыг сонгох хугацааны хувьд?

-Ерөнхийлөгч, парламентын танхимын болон Засгийн газрын гишүүдийг сонгон ажиллуулах хугацааг таван жил болгох саналыг би дэмжинэ. Ерөнхийлөгч бөгөөд Засгийн газрын тэргүүн үр бүтээлтэй сайн ажиллаж байвал дахин сонгогдох хугацаанд хязгаар тогтоох шаардлагагүй, тогтвортой үр бүтээлтэй ажиллах бололцоо байх ёстой гэж үздэг.

-Ерөнхий сайд байсан хүний хувьд та У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүгнэлт хийж байна?

-У.Хүрэлсүхийн биш Монгол Улсын Засгийн газар. Тийм учраас улсын маань Засгийн газрын үйл ажиллагаанд гарч байгаа ололт амжилтыг талархан дэмжиж, алдаа дутагдал ажиглагдвал засч сайжруулахад нь тус дэм болохын төлөө ажиллах нь иргэн миний үүрэг. Одоогийн Засгийн газрын ажилд би муу гэсэн дүгнэлт хийхгүй.  Тулгарсан асуудлуудыг шийдэхийг хичээж ажиллаж байна. Утаа, цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх тодорхой арга хэмжээ авч байна. Тавантолгой, Зүүнбаянгийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүллээ.  Улсын төсөв бага боловч ашигтай болж байна. Харин Засгийн газрын зарим гишүүний ажилд ажиглагдаж байгаа дутагдлыг хэлмээр байна.

-Тухайлбал?

-Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг чимээгүй нэмээд байдаг боллоо. Зөвхөн энэ оны сүүлийн хэдэн сард иргэдээс авдаг цахилгааны төлбөрийн тариф өдрийнх 104 төгрөг байсныг 112 төгрөг, шөнийнх 77 төгрөг байсныг 85 төгрөг болгож нэмлээ.  Иргэдийн хэрэглэсэн цахилгааны төлбөр дээр сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тариф гэдэг шинэ төлбөр бий болгож кВт цаг тутам 11 төгрөгийн төлбөр авч эхэлсэн бол 16 төгрөг болгож авдаг боллоо.  Хэний даалгавар, ашиг сонирхлоор ийм шинэ төлбөр бий болгосныг иргэд асууж байна. Налайх тосгоны цаахна байгаа иргэдээс тоолуураар гарсан хэрэглэсэн цахилгааны кВт-ын хэмжээг шугамын алдагдал гэсэн нэрээр 40 дахин нэмэгдүүлээд төлбөр оногдуулж байна. “Нэмсэн тарифын дагуу төлбөр хий, хийхгүй бол цахилгааныг нь тасална” гэж дарамталж байна.  Иргэдийн 28 хувь ядуу амьдарч байхад цахилгаан, дулааны тарифыг нэмж дарамталж болохгүй гэсэн захиа бичиж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд өнгөрсөн тавдугаар сард өгсөн боловч анхаарахгүй, албан ёсоор хариу өгөхгүй өнгөрүүлж байна.

Бас нэг асуудал нь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр хөгжүүлж экспортын орлогыг эрс нэмэгдүүлэх бололцоо ашиглагдахгүй байна. Би хэдэн сарын өмнө бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог нэмэгдүүлэхгүй байх шаардлагаар жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх тооны малыг зарлагадаж байх, дотоод төвлөрсөн хэрэгцээний болон экспортын зориулалтаар зарлагадах малыг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд төхөөрдөг болох шаардлагын дагуу зуун суманд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр барих, жилд зарлагадах шаардлагатай 20 орчим сая малын арьс ширийг боловсруулах үйлдвэрийн хүч чадлыг бий болгох, ямааны ноолуур, сарлагийн хөөврийг боловсруулж жилд 4000 орчим тонн ээрсэн утас үйлдвэрлэж сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх саналыг холбогдох тооцоо, Засгийн газраас гаргаж болох шийдвэрийн төслийн хамт боловсруулаад ХХААХҮ-ийн сайдад өгсөн. Миний тооцоогоор 4000 орчим тонн ээрсэн утас, 200 орчим мянган тонн малын махны экспортоос орж болох валютын орлого өнгөрсөн онд экспортод гаргасан 30 сая тонн нүүрсний орлоготой тэнцэхээр байгаа. Сайд Ч.Улаан миний санал тооцоог судалж, шийдэх байх. Засгийн газрын гишүүд иргэдийн амьдрал, улсын эдийн засгийн хөгжилд нөлөөлөх иймэрхүү асуудлыг зохих ёсоор анхаарч зөв шийдэж байвал Засгийн газрын үйл ажиллагааны дүгнэлтэд нааштай нөлөөлнө. Жижиг асуудал биш.

-Та хөдөө аж ахуйн салбарын асуудалд анхаарал хандуулж, санал зөвлөмж өгдөг. Засгийн газар малыг хөлөөр нь гаргах шийдвэр гаргах асуудал яригдаж байсан?

-Тийм шийдвэр гаргасан гэдэгт би итгэхгүй байна. Түр хугацаанд юм уу, нэг хоёр жилд гаргаад, тэр хугацаанд нь сумдад мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд барих гэж байгаа бол зөвшөөрч болох асуудал юм. Хөрш улсуудад манайхаас малыг амьдаар авч байх сонирхол байгаа байх.  Социализмын үед ЗХУ манайхаас малыг амьдаар авах сонирхолтой, манайтай хил залгаа мужуудад мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд барьсан байж билээ. Тэр үед Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотын мах төхөөрөх үйлдвэрүүдийг Герман, Унгар, Болгар улсаас зээл авч байгуулж байсан түүх бий.  Одоо тэр үйлдвэрүүд хот дотор орчихсон учраас олон тооны малыг оруулж төхөөрөх боломжгүй болсон, алс аймгуудаас мал бэлдэж туувраар тарга авахуулж байсан тууварчид байхгүй болсон.  Тиймээс  би гурван сум болгоны дунд буюу 100 суманд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр барих санал дэвшүүлдэг.

-Сумдад мах боловсруулах  үйлдвэр барихын ач холбогдлыг хэлж өгнө үү?

-Сумдад тийм үйлдвэр барьснаар малчдаас малыг зах зээлийн үнээр газар дээр нь худалдан авч боловсруулж гар нядалгааг зогсоох, арьс ширийг гэмтэлгүй бэлтгэх, дотор мах, өөх, өлөнг ашиглах, экспортын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон талын ашигтай. Сумдад байгуулсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг малчдад хувьчилж өгөх, тэдгээр үйлдвэрт малчдаас мал худалдаж авах зориулалтаар богино хугацааны хөнгөлөлттэй зээл өгч байх асуудлыг шийдэх хэрэгтэй.

-Нэгэн үе монголчууд малаа эрүүлжүүлэхгүй бол мах авахгүй гэдэг байсан улс орнууд одоо мах, махан бүтээгдэхүүн авах сонирхлоо илэрхийлдэг болжээ? 

-Монголын бэлчээрийн малын мах чанартай амттай гэж үнэлэгддэг онцлогтой. Цэвэр агаарт, цэвэр ус ууж, чөлөөтэй хөдөлгөөнтэй бэлчээрлэж, эмийн ургамал оролцсон шимтэй ургамал өвсийг шилж иддэг малын махны чанарыг мэддэг болсон барууны орныхон  Монголын бэлчээрийн малын махыг “жаргалтай малын мах“ гэж нэрлэдэг, хэрэглэх сонирхлоо илэрхийлдэг болсон байна. Урд хөршийн Хөх хотын дэлгүүрт кг гахайн мах 30 юанийн үнэтэй байхад бэлчээрийн малын кг махыг 100 юань буюу манайхаар 40 орчим мянган төгрөгийн үнээр борлуулдаг гэж байна лээ. Махны чанарыг мэддэг, үнэлж чаддаг газарт бэлчээрийн малын мах ингэж үнэлэгддэг. Тийм учраас манай улс зарлагадах малаа үйлдвэрийн нөхцөлд төхөөрч, гарах бүтээгдэхүүнийг иж бүрэн боловсруулж ашигладаг байх бодлого хэрэгжүүлдэг байх нь  зүйтэй юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-07-31 01:39:07
    Хэний зараалаар юу ярив даа. Настай ерөнхий сайд нар маань төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг болсон уу
    103.212.118.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-07-30 20:48:46
    Mongodl communism hereggui Eronhiilogchid erh medel tovlorvol communist uls boldog
    24.46.98.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-30 11:11:55
    Арай ч дээ. Энэ хvн ийм юм ярихаар бусад нь яана даа!!
    66.181.161.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Ss 2019-07-30 10:48:28
    Sodnom guia ta yu buteej irsen bee udiin hurtel. Huviin ashignsonirholoos ard tumnee bodson uu? Socialismiin uyed uur systemtei uyed heseg darga hiisen bh
    182.160.34.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-07-30 03:37:36
    МАК-н зөвлөх , Оюу толгойтой ч бас холбоотой байх.
    202.9.45.129
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-07-30 03:02:58
    Содном гуай хэдийгээр нас өндөр болсон боловч одооны сайд дарга хэмээх асман банди нартай харьцуулшгүй илүү сэтгэж байна! 2 танхимтай парламент маш зөв!!!!
    66.181.161.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Очирбат 2019-07-30 01:56:24
    Зөнөг хүүр чинь бүр болохоо байж.
    103.229.122.165
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-07-30 00:43:57
    энэ урвагч зенесен евген л дутаждээ улсад ендер алба тэр дундаа еренхийлегч еренхий сайд хийж байсан нехдууд гадныхны гар хел болоод л багабанди содном очирбат ...
    202.9.42.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-07-30 00:35:45
    Taniig ug ni ih hyndelj yvdag bailaa odoo ta zygeer duugyi l MAK-iinhaa bolson booloo hii. oros ornoo sangalzaad bgaa Yum uu bolij yz TA
    202.126.89.59
    Мэдэгдсэн Хариулах