Америкт 100 сая иргэний дансны мэдээллийг хакерджээ

АНУ-ын санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Capital One” фирмийн сүлжээнд нэвтэрсэн хакерын дайралтын үеэр 106 сая америкчуудын хувийн мэдээлэл алдагдсан талаар ВВС мэдээллээ.

Өнгөрсөн даваа гаригт хакерыг баривчилсны дараа тус фирмээс энэ мэдээллийг олонд зарласан юм. “Capital One” фирмээс мэдээлж буйгаар үйлчлүүлэгчдийнх нь нэр, хаяг, утасны дугаар болон зээлийн картны бүтээгдэхүүний талаарх тайланг гэмт хэрэгтнүүд гартаа оруулсан байжээ. Гэсэн ч тэд үйлчлүүлэгчдийн зээлийн картын дансны дугаарт нэвтэрч чадаагүй аж.

“Capital One” бол АНУ-д үйл ажиллагаа явуулдаг зээлийн карт гаргагч томоохон байгууллага юм. Тус фирмийн мэдэгдэлд дурдсанаар 100 сая америкчууд болон Канадын зургаан сая хүний мэдээлэл алдагдсан байна. Түүнчлэн нийгмийн хамгааллын 140 мянган тоо баримт, АНУ дахь банкны дансны 80 мянган дугаарыг хакерууд илрүүлсэн байжээ. Канадад нэг сая орчим нийгмийн даатгалын дугаар тус фирмийн үйл ажиллагаанд нэгдсэн байдаг аж.

Хакерыг энэ сарын 19-нд илрүүлсэн аж. “Capital One”-ээс “Хакер нь компанийн дэд бүтцийг сайн мэддэг байсны дээр нэвтрэх аргаа эртнээс боловсруулсан байсан” гэжээ. Хэрэглэгчдийн нэр, төрсөн огноог олж мэдсэний дээр зээлийн оноо, хязгаар, тэнцэл, төлбөрийн түүх болон холбоо барих мэдээллийг ч олзолсон байжээ. Тус фирмийн мэдэгдэж буйгаар энэ гэмт хэрэг нь луйврын шинж чанартай биш байсан боловч мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхээр болсон байна.

Иймд компанийн зүгээс халдлагад өртсөн хүмүүст зээлийн мониторинг болон аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Компанийн ерөнхийлөгч Ричард Фэйрбанк “Гэмт хэрэгтэн баригдсанд баяртай байна. Гэсэн ч болсон үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье. Болсон бүх зүйлд уучлалт хүсэхийн хамт бүх зүйлийг эргээд хэвэнд нь оруулна гэдгээ амлая” гэжээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас тус гэмт хэрэгтэн нь Сиэтл хотын технологийн компанийн программ хангамжийн инженер мэргэжилтэй нэгэн байсныг батлаад байна. Түүнийг Пэйж Томсон гэдэг бөгөөд 33 настай.  Хуулийн байцаалт маргааш эхлэх аж. Тэрээр хамгийн ихдээ таван жилийн хорих ял болон 250 мянган ам.долларын торгууль хүлээх төлөвтэй байгаа юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.