Түүхэнд тэмдэглэгдэх агшнаас их зүйл хүлээж байна
Чөлөөтийн ДАШТ-д оролцсон зарим тамирчид бараг хөлсөө ч хатааж ам­жилгүйгээр “Инчон-2014” Азийн зуны спортын XVII наадмыг зорьж байна. Албан ёсны нээлт нь маргааш болох уг тэмцээнд монголчууд анх удаа хамгийн олон төрөлд өрсөлдөх юм.

Тухайлбал, чөлөөт болон жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, ширээний теннис, талбайн теннис, софт теннис, усанд сэлэлт, хөнгөн атлетик, бадминтон, бэйсбол, сагсан бөмбөг, дугуй, гимнастик, боулинг, туялзуур сэлэм, үшү, гольф, триатлон, гандбол, морин уралдаан зэрэг спортын 23 төрөлд 240-үүлээ хүч үзнэ.

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхпэн оролцож хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан бол өнөөдрийн байдлаар 14 алт, 22 мөнгө, 63 хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Дээрх 23 төрлөөс манай тамирчдад хамгийн шинэ соргог нь туялзуур сэлэм, гольфийн төрөл юм. Анх удаа оролцож байгаа ч энэ төрөлд ажилт гаргах магадлал өндөртэйг мэргэжилтнүүд өгүүлдгийг дурьдалгүй өнгөрч болохгүй юм. Гадаад улс орнуудын мэргэжилтнүүд энэ хоёр төрөлд монголчуудыг илүү амжилт гаргана гэж үздэг. Энэ нь “Монгол хүний хараа хурц, гарын бяд нь сайн” гэж дүгнэдэгт буй гэдэг.

Өдгөө 17 дахь удаагаа зохиогдож буй энэ наадам анх 1951 онд Энэтхэгт зохиогдож эхэлсэн бөгөөд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг. Тус наадмыг Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг бөгөөд Тайланд улс хамгийн олон буюу дөрөв дэх удаагаа зохион байгуулсан нь Азийн олимпийн түүхэн дэх хамгийн олон эрх авсан улс юм.

Харин дараа нь Солонгос гурав, БНХАУ, Япон тус бүр хоёр, Энэтхэг, Филиппин, Индонези, Иран болон Катар улсууд тус бүр нэг удаа зохион байгуулж байсан түүхтэй.

Азийн наадмын эрхийг гурван удаа аваад байгаа солонгосчууд энэ удаа тус наадамд 1.64 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 12 цэнгэлдэх хүрээлэнд зэрэг явуулах бэлтгэлээ хангаад байгаа аж. Энэ удаагийн наадамд солонгосчууд оролцогчдын тоо­гоороо дээд амжилт тогтоох зорилготой гэдгийг дэлхийн сая сая хүн харж сонсож байгаа.
Солонгос дахь манай сурвалж­лагчийн мэдээлж буйгаар Инчон хо­тын дүүрэг бүрт бэлэг дурсгалын дэлгүүр олноор нээж тус наадмын бэлгэ тэмдэг Бараме, Вичон, Чүмүро гэсэн гурван далайн хав, мөн зоосон мөнгөн тэмдэгт гэх зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийн худалдаа хийхэд бэлэн болсон байна.

Тус наадмыг 32 орны телевиз, со­нин, сайтын 9296 сэтгүүлч сур­валжлахаар албан ёсны мандатаа авсан бол эдгээрээс хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй нь зохион байгуулагч орон юм.

Солонгосчууд 1080 сэтгүүлчид мандат олгоод байгаа бол Япон, Хятад ч чамгүй олон эрх авсан байна. Харин Манай улсын хувьд 22 сэтгүүлч Азийн наадмыг сурвалжлах эрх авчээ.

Маргааш албан ёсны нээлтээр эхэлж ирэх сарын 4-ний өдөр өндөрлөх “Инчон-2014” Азийн наадмын эхний тэмцээн өнгөрөгч ням гарагаас хөл бөмбөгийн тоглолтуудаар эхэлсэн. Тус тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг оролцож байгаа.

Өчигдөр эрэгтэй багуудаас “А” хэсэгт Малайз-Лаос, БНСУ-Саудын Араб, “С” хэсэгт Палестин-Тажикстан, Оман-Сингапур, “D” хэсэгт Кувейт-Непаль, Япон-Ирак улсын шигшээ багууд хоёр дахь тоглолтоо хийсэн.

Харин эмэгтэй баг “А”, “С”, “D” гэсэн гурван хэсэгт хуваагдан өрсөл­дөж байгаа бөгөөд хөл бөмбөгийн тэмцээн Инчон, Куян, Ансан, Хвасон зэрэг дөрвөн хотуудад зэрэг явагдаж байгаа юм.

Манай улсаас Инчоныг зорих баг тамирчдын ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар явах юм. Тэм­цээний хуваариас шалтгаалж баг тамирчдын нислэг өөр байх бөгөөд ихээхэн найд­лага тавьж буй төрлүүдийн баг тамирчид өнөөдөр хилийн дээс алхаж байна.

Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.