Түрээсийн орон сууцны дараагийн сонгон шалгаруулалт яаж явагдах вэ
Иргэдийн дунд их хүлээлт үүсгээд байгаа 972 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулж, айл өрхийг оруулах ажил өнөөдрийг хүртэл цэгцрээгүй байна.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд НОСК-иас цахим бүртгэл явуулж дуусав.

972-хон айлын орон сууцан дээр алаан болж, өчигдрийн байдлаар 35 мянган иргэн амжилттай бүртгүүлжээ.
 
Эдгээр иргэдээс дахин сонгон шалгаруулт хийж, эхний ээлжинд айлуудыг оруулна гэсэн мэдээллийг өчигдөр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийв.
 
НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийсэн. Маргааш орон сууцны комисс хуралдана. Сонгон шалгаруулалт нэг долоо хоногийн турш явагдана. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа учраас гадны ямар нэгэн нөлөө орох боломжгүй” гэв.

Орон сууцны комисс эхний ээлжинд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлэх бөгөөд шалгарсан иргэд ажлын гурав хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх аж.

Үүний дараа ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдаж, шаардлага хангасан иргэнд НОСК-оос орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулан байранд оруулах юм байна.

Гэвч гадуур тэр дундаа агентлаг хэлтсийн дарга нар дээрх орон сууцнаас 100, 100-гаар нь авч бусдад квотыг нь дамлаж зараад байна гэсэн мэдээлэл ч гадуур их гарсан.

Хэдий хууль хяналтын байгууллага хууль бус үйлдэлтэй тэмцэж давхар ажиллаж байгаа ч хэн нэгэн албан тушаалтны нөлөөлөл орсон нь тодорхой ч гэж хардаж буй.

За ингээд эхний шалгаруулалт амжилттай өндөрлөлөө гэж дарга нар мэдээлэл өгч байгаа бол дараагийн шалгаруулалт яаж явагдах вэ. Долоо хоногийн дотор сонгон шалгаруулалт хийнэ гэх. Гэвч яаж сонгон шалгаруулах нь бас бүрхэг. Тухайлбал цахим бүртгэлийн анкетийг нь харахад энгийн нэг их онцгойрч ялгарах асуулт байхгүй байсан. Жишээлбэл, журмандаа хүүхдийн тоо гэж заасан бол өндөр настны цахим бүртгэл хийх мэдээлэл дээр гэр бүлийн тоо гэснээс хэчнээн хүүхэдтэй байх талаар заагаагүй харагдсан. 

Дээрх цахим бүртгэлд өнгө ижил өчнөөн иргэд бий. Бүртгүүлсэн мэдээлэл нь ч бараг ижилхэн дээ. Хувийн болон төрийн байгууллагад ажилладаг. Хэдэн төгрөгийн цалин авдаг нь ч тодорхой. Тэднийг чухам яаж сонгон шалгаруулах юм бол. Жишээлбэл, хувиараа хөдөлмөр эрхлэгч ганц бие ээж мэдээллээ бүртгүүлсэн байхад түүнийг ямар үзүүлэлтээр сонгон шалгаруулах юм. Ганц бие буюу өрх толгойлсон ээжүүд олон бүртгүүлсэн байгаа. Тэднийг өрхийн орлогоор нь харьцуулах уу, эсвэл цалингийн хэмжээ юу, өр зээлээр нь уу, хүүхдийн тоогоор нь уу, эсвэл өөрийн гэсэн орон гэргүй түрээсийн байранд айлын хашаанд амьдардаг гэдгээр нь сонгон шалгаруулах юм болов уу, яах юм бол. Дараагийн сонгон шалгаруулалтын процесс их бүрхэг, ойлгомжгүй, мэдээлэлгүй санагдаад байгаа юм.

Үнэндээ бол цахим бүртгэлд бүртгүүлсэн хүн бүр л түрээсийн орон сууцанд орчих юмсан гэж итгэл найдвар тээж байгаа. Гэтэл НОСК-иос дараагийн шалгаруулалтаа хэрхэн, яаж, ямар шалгуураар сонгох бол гэдэг нь яах аргагүй анхаарал татаад байна.

Адилхан мэдээлэлтэй, амьдралын түвшин зиндаа адилхан хүмүүсийн хэнийг нь сонгож, хэнийг нь гомдоох бол. Хамгийн гол нь сонгон шалгаруулалт нь шударга, үнэн зөв, бодит байгаасай л гэж хүсч байна. Хамгийн гол нь зорилтод бүлгийнхэн буюу жинхэнэ эздэд хүргэж хүртээх нь чухал байна. 

Дашрамд дурьдахад, дээрх цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:
Залуу гэр бүл гэсэн ангилалд -4443 иргэн

Төрийн албан хаагч гэсэн ангилалд-6542 иргэн

Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд -9549 иргэн

18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд-960 иргэн

Өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд-3148 иргэн

Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан гэсэн ангилалд-7166 иргэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд-3134 иргэн

Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлсэн байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-06 05:23:13
    хотоор дүүрэн хоосон орон сууц бна тэр болгондоо хүмүүсийг оруулж утаанаасаа хурдан салмаар бн Төлбөрө төлөөд өөрийн болгоод авах б.жтой маш олон өрх бн тэдний...
  • зочин 2019-08-06 03:13:13
    өдрийн мэнд. Түрээсийн орон сууцаа гэр хорооллын иргэд гэж ангилал оруулж бүртгэл дээ. тэд нарыг хамгийн түрүүднд сууцтай болгох нь нэн чухал
  •  2019-08-06 02:34:03
    2% нь орохын тулд их л горьдож байгаа. арай дөнгүүр арга хэмжээ ав