Т.Батжаргал: Халх голын дайн бол хамаг ардын дайн, хамтын ялалт

Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой үйл явдал болсон 1939 оны Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг удахгүй тэмдэглэн өнгөрүүлнэ. Халх голын тэнгэрт гарамгай байлдсан Нисэх хүчний агаарын зоригт шонхорууд, агаарын байлдааны талаар багагүй судалгаа хийсэн, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, нисгэгч, зохиолч Т.Батжаргалтай түүхэн ойн өмнө ярилцлаа.

-Халхын голын дайны агаарын байлдаан ямархуу цар хүрээг хамарсан бэ?

-Халхын голын тэнгэрт дэлхийн цэрэг-дайны түүхэнд анх удаа хоёр талаас нэгэн зэрэг олон зуун онгоц оролцсон агаарын том тулалдаан болсон гэж үздэг. Энэ дайнд манай ахмад үеийн нисгэгчид харийн түрэм­гийлэгчдийн эсрэг баатарлаг тулалдсан түүхтэй. Энэ түүхийг  ярихдаа үүнээс гурван жилийн өмнө буюу 1936 оны гуравдугаар сарын сүүлээр дорнод хилийн Адагдулаан, Булан дэрсний хилийн харуулын орчмоор халдан довтолсон Япон, Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг баатарлаг тулалдаж дайсныг агаараас бут цохисныг  заавал дурдах ёстой. Яагаад гэвэл энэ хоёр үйл явдал салшгүй холбоотой. Тухайн үед Японы эзлэн түрэмгийлэгчид зүүн хойд Хятадыг 1932 эзлэн аваад тоглоомын Манж-го улсыг байгуулж улмаар ЗХУ-ын нутаг дэвсгэрт халдан довтлохын тулд Ар Монголыг эзлэн авч стратегийн чухал түшиц газар болгох зорилготой байсан гэдэг. Тэд зүүн хойд хятадыг эзлэн авсан шигээ Монгол Улсын дорнод хязгаарыг хялбархан авна гэж тооцсон бололтой байдаг юм.

БНМАУ-ын дорнод хил хязгаараар Япон, Манжийн тал 1934 оны дунд үеэс өдөөн хатгалга үйлдэж эхэлжээ. Энэ нь цаашид улам даамжирч, хэдэн зуу, мянга хүртэлх цэргийн хүчээр манай хилийн харуулууд уруу довтолж, түрэмгийлэх нь ихэссэн байна.

1936 оны хоёрдугаар сарын 12-нд Япон, Манжийн талаас 25 машин бүхий 500 цэрэг, таван их буу, 40 гаруй пулемёт, хоёр нисэх онгоц, хоёр хөнгөн танкаар хүч нэмэгдүүлэн БНМАУ-ын хилийг зөрчиж, Булан дэрсний харуулд довтолсон байдаг юм. Тамсагбулагаас хуягтын суманг хөдөлгөж, нисгэгч Д.Дэмбэрэл, хянагч Г.Дорж нарын жолоодсон Р-5 онгоцоор хүч дэмжүүлэн дайсны цэргүүдэд цохилт өгч ухраажээ.

Анхны томоохон дайралтдаа ихээ­хэн хохирол амссан дайсан гурав­дугаар сарын 29-ний өдөр найман машин, 200 гаруй цэрэгтэйгээр хил нэвтрэн  Адагдулааны харуул уруу дов­тол­сон байна. Үүний эсрэг Тамсаг бу­лагаас Д.Жамбаа, Д.Дэмбэрэл нарын жолоодсон хоёр Р-5 онгоц хөөр­гөсөн, мөн маневрын группыг ч  ил­гээ­сэн байна. Тэр жил их хүйтэн цастай, зарим газартаа 1 метр хүртэл зу­заан хунгар тогтсоны улмаас газраар хө­дөл­сөн хуягт машинууд замдаа цасанд суу­гаад тулааны талбарт хо­­цорч ирсэн. Харин манай хоёр Р-5 онгоц тэдгээр Япон, Манжийн түр­­гэм­гийлэгчидтэй тулалдан дөр­вөн автомашин, 100 шахам дайс­ныг устгажээ. Энэ байлдаанд Д.Жамбаагийн онгоц дайсны суманд 30 удаа, Д.Дэмбэрэлийн онгоц 29 удаа оногд­соноос өөр хохирол гараагүй байдаг.

Гуравдугаар сарын 31-ний өдөр Япон-Манжийн 90 ачааны машинтай 1000 гаруй цэрэг 12 танк, их буу, долоон нисэх онгоцоор дэмжүүлсэн ихээхэн хүчээр улсын хилийг цөмрөн ирж, Адагдулааны харуулыг эзлэж авчээ. Зүүн хязгаарт хүрэлцэн ирж, байлдааны ажиллагааг удирдаж байсан Бүх цэргийн жанжин Г.Дэмид дайсны эсрэг дайран довтолж устгах тушаал өгсөн байна. Монгол, Зөвлөлтийн нэгдсэн отрядын нисэх онгоцуудын дайралтад ихээхэн хохирол үзсэн дайсан этгээд ухарсан байдаг.

Ер нь 1936 оны гуравдугаар сарын сүүлчээр болсон байлдаанд дайсны хүчийг бут цохиж ухраахад Монгол, Зөвлөлтийн “Нэгдсэн отряд”-ын нисэх онгоцнууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, нийт 76 удаа байлдааны нислэг үйлдсэн байдаг юм. Анхны энэ байлдаанд нисгэгч Д.Жамбаа, Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн, Е.А.Судец, И.Г.Маны, Г.Н.Рейфшнейдер, С.И.Миронов гээд Монгол, Зөвлөлтийн олон баатарлаг эрс агаарын зоригт шонхорын эр зоригийг харуулсан байдаг.

Ийнхүү Япон улс 1936 онд БНМАУ-ын хил хязгаарт халдан довтолж, бут цохиулсан ч гэлээ эзлэн түрэмгийлэх бодлогоо орхиогүй. 1939 оны нэгдүгээр сараас эхлэн дахин өдөөн хатгаж эхэлсэн. Тавдугаар сар гэхэд Халх голд Японы болон Зөвлөлт-Монголын цэргийн ихээхэн хүч хуримтлагдаж, Японы цэргийн нисэх хүчин 355 онгоц ирүүлээд байсан бол Зөвлөлтийн Ажилчин тариачны Улаан армийн авиа бригад, Өвөр байгалийн 23-р авиабригадаас нийт 203 онгоц ирүүлээд байжээ.

Халхын голын байлдаанд монгол нисгэгчдийн хөлөг – Р-5 онгоц

-Халхын голын дайн яг хэдний өдөр эхлэв?

-Халхын голын дайн 1939 оны тавдугаар сарын 28-ны үүрээр Японы 40 орчим нисэх онгоц БНМАУ-ын дархан хилийг давж, манай цэргийн ар талыг бөмбөгдсөнөөр эхэлсэн. Энэ дайн эзлэх газар нутгийн хувьд Халхын голоос улсын хил хүртэлх 60-80 км урт, 15-20 км өргөн газар оронд явагдсан боловч агаарын байлдааны хувьд Халхын голоос баруун тийш Тамсагбулаг, Баянтүмэн хүртэлх, зүүн тийш Ганжуур сүм, Жанжин сүм, Халуун рашаан, Эрс уул, Нөмрөгийн гол хүртэл өргөн уудам орон зайг хамарч байв. Учир нь 1939 оны зургадугаар сарын 22, 25, долдугаар сарын 3, 26, наймдугаар сарын 15-нд Японы нисэх онгоцууд Тамсагбулагийг, долдугаар сарын 26-нд Баянтүмэн /Өнөөгийн Дорнод аймгийн төв Чойбалсан хот/-г тус тус бөмбөгдөж үлэмж хохирол учруулсан бол Монгол, Зөвлөлтийн нисгэгчид Японы цэргийн ар талын бааз болох Яньху, Үзүүр нуур болон Номон хан, Бүрд овооны орчим газарт агаарын цохилт өгчээ.

Дайны эхэн үед Японы нисгэгчид агаарт ноёрхож зөвлөлтийн 17 онгоцыг унагасан байна. Энэ нь Монголд дөнгөж ирсэн Зөвлөлтийн нисэх бүрэлдэхүүн газар орны байдалтай сайтар танилцаагүй, дайсныхаа сөнөөгч онгоцны хурд хүч, маневр, нисгэгчдийнх нь тулалдах ур чадвар, арга мэхийг судлаж амжаагүй байсантай холбоотой байсан гэдэг.

Зөвлөлтийн удирдлага Халхын голд байлдаж байгаа анги нэгтгэлүүдийн удирдлагуудыг туршлагатай хүмүүсээр яаралттай солих шийдвэр гаргаж, Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдсан туршлагатай  нисгэгчдийг Монгол уруу илгээсний дотор Зөвлөлт Холбоот Улсын баатар нисгэгч найман хүн байсан. Тэднийг нисэх хүчний корпусын захирагч, ЗХУ-ын баатар Я.В.Смушкевич  удирдаж байв. 1939 оны зургадугаар сарын 22-нд Зөвлөлтийн 95 сөнөөгч онгоц Японы 120 онгоцтой нэгэн зэрэг гурван газар агаарт тулалдсан. Агаарт болсон энэ тулалдаанд Япончууд Ки-27 буюу И-97 загварын шинэ сөнөөгч онгоцоо оруулсан бол Зөвлөлтийн тал И-15, И-16 бис, “Чайка” хэмээх давхар далавчит И-153 сөнөөгч онгоцнуудаар тулалдаж дайсны 30 онгоцыг унагаж, өөрийн 14 онгоцоо алдсан байна.  долдугаар сарын 4, 5-ны өдөр Баянцагааны тэнгэрт болсон агаарын тулаанд Зөвлөлтийн нисгэгчид дайсны 24 онгоцыг унагаж, өөрийн талаас нэг онгоцны хохирол амссан бол 8-ны өдөр дайсны 21 онгоцыг унагасан байна. Зургадугаар сарын 27-нд японы 30 бөмбөгдөгч, 74 сөнөөгч Тамсагбулагийг дайрч, японы 26 бөмбөгдөгч Баянтүмэнийг бөмбөгдсөн. Энэ өдөр зөвлөлтийн тал 20 онгоцоо алдсан. Ингээд долдугаар сар гараад Зөвлөлтийн нисгэгчид агаарын байлдаанд ноёрхож эхэлсэн байна. 10-ны өдөр Японы 100 орчим И-97 сөнөөгч онгоцоор Халхын голын баруун эрэгт байрлах Зөвлөлт Монголын цэргийн хориглолт уруу дайрахад Зөвлөлтийн талаас 80 сөнөөгч онгоц хөөргөж, хоёр талын 180 орчим онгоц оролцсон агаарын тулалдаан өрнөж Японы 11 сөнөөгч онгоцыг унагасан байна.

Энэ өдрүүдэд Зөвлөлтийн 150 болон 38 дугаар бөмбөгдөгч хорооны 108 бөмбөгдөгч онгоцоор дайсны ар талын Яньху нуур, Үзүүр нуур, Номун хан, Бүрд овоо зэрэг газруудад дайсны байрлалыг бөмбөгдсөн байна. Намйдугаар сарын 20-ны өдөр Монгол-Зөвлөлтийн дайчдын их давшилтын үеэр Зөвлөлтийн 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсныг бөмбөгдөж, агаараас цохилт өгсний зэрэгцээ дайрагч хэсгийн 44 онгоцоор дайсны агаарын их бууны цэгүүд рүү дайрсан байна. Наймдугаар сарын 21-ний өдөр Японы нисэх хүчин 88  сөнөөгч онгоцоор халхавчлан 41 бөмбөгдөгч онгоц хөөргөн Тамсагбулагийн чиглэлд дайрахад Зөвлөлтийн 184 онгоц хөөрч агаарт хоёр талаас нийт 300 онгоц оролцсон урьд өмнө нь цэргийн түүхэнд болж байгаагүй томоохон агаарын тулаан болсон байна. Дайнд оролцсон ахмад дайчдын яриа дурсамжид Халхын голын тэнгэрт болсон агаарын тулалдаанд Зөвлөлт, Японы онгоцнууд тэнгэр бүрхэн нар халхалж, ялаа шумуул мэт бужигнан хөөцөлдөж, энд тэндгүй агаарын их бууны сум дэлбэрч шатсан онгоцнууд хар утаа татуулан доошоо унаж, ширүүн тулалдаж байсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Дайны төгсгөл рүү японы тал хохирлоо нөхөх чадваргүй болж Ки-10, Ки-4 зэрэг давхар далавчтай хуучирсан онгоцуудыг тулаанд оруулах болсон. Японы нисгэгчид ч олон удаа нисч, амрах хугацаа нь багассанаас туйлдан, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж, ялалтад тэмүүлэх зүрх зориг нь мохож ихэд суларч иржээ. Халхын голын дайнд Зөвлөлтийн нисгэгчид 20.524 удаагийн байлдааны нислэг гүйцэтгэснээс 18500 нислэг нь сөнөөгч онгоцны, 2015 удаагийн нислэг нь бөмбөгдөгч онгоцны нислэг байсан байна. Зөвлөлтийн тал “СБ”, “ТБ-3” маягийн бөмбөгдөгч онгоцоор  гол бөмбөгдөлтийг үйлддэг байв.

-Агаарын байлдаанд хоёр тал хэр хохирол амссан байдаг вэ? 

-1939 онд Халхын голын дайны үеэр Японы талын нийт 660 нисэх онгоцыг агаарт болон аэродром дээр нь устгасан гэсэн тоо байдаг. Харин Монгол, Зөвлөлтийн тал 258 онгоцоо алдсан гэсэн судалгаанууд байдаг.

Халхын голд цэрэг-дайны түүхэнд анх удаа хоёр талаас нэгэн зэрэг олон онгоц оролцсон хамгийн том агаарын тулалдаан болсон төдийгүй дэлхийн II дайны өмнө цэргийн нисэх хүчний чадавхийг шалгасан том шалгуур болсон. Мөн зөвлөлтийн таван ширхэг И-15 бис онгоцноос анх удаа тийрэлтэт сумаар дайсны 12 онгоцыг унагасан байдаг.

Японы хуурай замын цэргийн түүхэнд Халхын голын дайнд хамгийн том ялагдал хүлээсэн гэж японы түүхчид нэрлэсэн. Японы VI армийн бүрэлдэхүүнд 75000 гаруй цэрэг дайчид байснаас 25000 гаруй хүн Халхын голын дайнд амь эрсэдсэн гэж үздэг. Гэтэл Зөвлөлтийн хохирол 25655 бол монголын талын хохирол 556 байдаг. Нийлбэр дүнгээрээ японы хохирлоос давсан гэж судлаачид үздэг байна.

Халхын голын дайны явцад агаарын байлдаанд ноёрхож чадахгүй бол газраар давших операцийг амжилтай явуулахад ихээхэн бэрхшээлтэй бөгөөд юуны урьд сөнөөгч онгоцнуудын байлдаанаар ялалтад хүрснийг судлаачид нотолсон байдаг. Энэ дайны явцад Зөвлөлтийн нисэх хүчин нь агаарт онгоцны хэсгийн бүрэлдэхүүнээр байлдах, дайран довтолж дайсны хүн хүч, ар тал дээр бөмбөгдөлтийн цохилт өгөх туршлага хуримтлуулж, бас нисэх хүчнийг байлдааны ажиллагаанд удирдах арга барил эзэмшиж байлаа. Халх голын тэнгэрт болсон агаарын байлдаанд Зөвлөлтийн олон нисгэгчид эрэлхэг тулалдаж эр зоригийн жишээг олныг гаргаж байв. Жишээлбэл, зургадугаар сарын 26-нд болсон агаарын тулаанд Зөвлөлтийн гурван сөнөөгч онгоц Японы 10 сөнөөгч онгоцтой ёстой л эрэгчин эмэгчнээ үзэн тулалдаж, хошууч В.М.Замбалуевын онгоц суманд оногдон гэмтэж дайсны эзэлсэн газар нутагт аргагүйдэн буухад ЗХУ-ын баатар С.И.Грицеевиц дэргэд нь бууж, ганц хүний суудалтай бяцхан сөнөөгч онгоцны бүхээгт чихэн суулгаад эсэн мэнд хөөрч дайчин нөхрөө аварч чадсан байна. Долдугаар сарын 20-нд болсон агаарын тулалдаанд Зөвлөлтийн нисгэгч В.Ф.Скобарихин, залуу нисгэгч В.Вуссагийн онгоцыг хөөж яваа дайсны онгоцны сүүлийг мөргөн унагаж Халх голын тэнгэрт анхны агаарын “таран” хийж  нөхрөө аварч байв. Агаарт “таран” хэмээх дайсны онгоцыг халз мөргөн устгадаг үйлдлийг ахмад В.П.Кустов Халхын голын тэнгэрт давтсан байна. Мөн наймдугаар сарын 4-нд болсон агаарын тулаанд хамаг сумаа дууссан нисгэгч А.Ф.Мошин араас нь мөрдөн хөөх дайсны онгоцыг огцом эргэлтээр мөргөж унагаад аэродромдоо эсэн мэнд эргэн ирж байсан байна. Энэ өдрийн байлдаанд Зөвлөлтийн 150-р бөмбөгдөгч онгоцны хорооны комиссар ТБ-3 онгоцны дарга М.А.Ююкин зенитийн галд өртөн шатаж байгаа онгоцоо дайсны агаарын их бууны батерейн дээрээс чиглүүлэн агаарын байлдааны түүхэнд анхны “галт дайралт” хийж унасан байна. Халхын голын дайнд М.А.Ююкиний хороонд хамт алба хааж байсан Н.Ф.Гастелло хожим Эх орны дайн эхэлсэн эхний өдрүүдэд 1941 оны зургадугаар сарын 26–ны өдөр байлдааны даалгавар биелүүлэхдээ шатаж байгаа онгоцоо Фашистын цэргийн бөөгнөрөл рүү чиглүүлэн шатахуун ачсан цуваан дээр унагаж устгасан байна. Түүний эр зоригыг үнэлж ЗХУ-ын баатар цолоор мөн өдөр нь нэхэн шагнажээ. Энэ мэт олон олон баатарлаг гавьяаг зоригт нисгэгчид байгуулж, дараа дараагийн олон мянган баатар, эх орончдод үлгэр дууриал болсон юм.

Монгол нисгэгчдийн эзэмшиж байсан нисэх онгоц техникийн хувьд хоцрогдолтой байсан хэдий ч эрэлхэг тулалдаж, дайсны ар талд цохилт өгч, дайсны  онгоцтой тулалдсан байдаг. Тухайлбал, Монголын хэсгийн дарга Зулзагын Бор гэдэг нисгэгч дайсны ар талыг бөмбөгдөөд буцах замдаа японы онгоцтой тулалдаж, огцом эргэлтээр хөөж яваа онгоцны сүүлийг нь мөргөн унагаад аэродромдоо эргэж ирсэн байдаг. Энэ явдлыг гэрчлэх Зөвлөлтийн нисгэгчийн захидал баримт ирж байсан боловч тэгсгээд нам дарагдсан байна. Миний бие 1989 оны наймдугаар сарын сүүлчээр Буянт-Ухаа нисэх буудалд Халхын голын дайны ялалтын 50 жилийн ойн арга хэмжээн дээр нисгэгч зохиолч Дамбын Лхам гуай ахмад нисгэгчидтэй хийсэн уулзалтыг хөтлөж байхдаа энэ яриаг маш тодорхой ярьж байхыг сонссон юм. Тэр уулзалтад ная лав гарсан өндөр настай З.Бор гуай өөрийн биеэр хүрэлцэн ирж билээ.

-Манай нисэх хүчин Халхын голын дайнд яаж оролцсон, нисгэгчид хэрхэн байлдсан талаар жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?

-Халхын голын дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг/МАХЦ/-ийн нисэх хүчин оролцож үүргээ зохих ёсоор биелүүлсэн ч гүйцэтгэсэн үүрэг нь хязгаарлагдмал байсны учир нь манай нисэх хүчний хөгжил, зэвсэг техникийн төвшин дэлхий нийтийн, ялангуяа Япон улсын цэрэг техникийн хөгжлөөс их хоцрогдсон байсны зэрэгцээ дайн байлдааны туршлагатай, нислэгийн ур чадварыг гоц эзэмшсэн Д.Жамбаа, Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нарын шилдэг нисгэгч олон арван туршлагатай дарга удирдлагуудыг 1937-1939 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдүүлсэнтэй шууд холбоотой байв.

Халхын голын дайны үеэр Зөвлөлт, Монголын цэргийн командлал дайсны ар талыг шөний цагаар бөмбөгдөж цохилт өгүүлэхээр МАХЦ-ийн Нисэх хүчнийг ашиглах төлөвлөгөө боловсруулсан байна. Тэр үед манай цэргийн зэвсэглэлд байсан Р-5 онгоц нь ганц мотортой, хурд багатай байсан болохоор өдрийн цагаар үүрэг гүйцэтгэхэд японы сөнөөгч онгоц болон зенитийн галд амархан өртөж болох байв. Иймд японы сөнөөгч онгоцнууд шөнийн нислэг хийдэггүй, мөн агаарт яваа нисэх онгоцыг илрүүлэх шөнийн прожекторгүй зэргийг ашиглаж манай тал Р-5 онгоцоор шөнийн цагт ойрын зайнаас байлдааны үүрэг гүйцэтгүүлэх нь илүү ашигтай гэж үзсэн байна.

МАХЦ-ийн нисэх хүчний командлагч, бригад командлан захирагч М.Зайсанов Баянтүмэний 1-р, Сонгины 2-р нисэх хорооноос дадлага туршлагатай нисгэгч, хянагч, техникчдийг сонгон авч арав гаруй экипаж бүрдүүлсэн байна. Ингээд Халхын голын дайнд оролцохоор 1-р хорооноос нисгэгч Н.Банзрагч, С.Бямбаа, З.Бор, Б.Дагва, П.Өлзий-Утас, хянагч Д.Банзрагч, Р.Ванчинсүрэн, А.Дагва, С.Халтар, Т.Хишигтогтох, техникч Г.Бямбажав, Ц.Дугар, Г.Сүхээ, зэвсгийн техникч Д.Жамьян, У.Тангад нар. 2-р хорооноос нисгэгч Д.Жигжид, К.П.Симонов, хянагч Б.Санж, Ч.Галдан, Л.Лувсандагва, Я.Эмээл, техникч П.Намнан, Л.Тогтохбуян, зэвсгийн техникч Б.Пунцагнамжил, Б.Дашзэгвэ, нисэх сургуулиас нисгэгч М.П.Комендантов нарын 70 орчим хүн бригад командлан захирагч М.Зайсановын удирдлагад томилогдон ирсэн байна.

Шөнийн нислэгт 12 экипаж бэлтгэснээс гурван экипажийг нөөцөд үлдээж, есөн экипаж нь байлдаанд оролцсон ажээ. Шөнийн нислэгт бэлтгэсэн дээрх экипажууд 1939 оны долдугаар сарын 24-нд анхныхаа байлдааны нислэгийг хийсэн байна. Манай онгоцнууд Матадаас нар шингэхийн өмнө хөөрч фронтын шугамын ойролцоо Хамар давааны ард бэлтгэсэн нууц аэродромд үдшийн бүрийгээр ирж буугаад онгоц бүрт 600 кг бөмбөг, пулемётын 4000 ширхэг сум авч, шөнийн түнэр харанхуйгаар хөөрөн хилийн цаана 60-70 км-т буй Халуун рашааны төмөр замын өртөө, Жанжин сүм, Ламын сүм, Ганжуур сүм зэрэг газраар дайсны цэргийн цуваа бүлэглэл, ар талын бааз, агуулахад цохилт өгч байв. Дээрх есөн онгоц М.Зайсанов, Комендатов, З.Бор нарын удирдлагад гурван хэсэг болон нисч байжээ. Эдгээр онгоцнууд Хамар даваанаас Халхын голын зүүн эрэгт нууц байрлуулсан гэрлэн дохиогоор баримжаалан хөөрч очих газраа цагаар тооцоолон нисч байв. Манай онгоцнуудыг ирэх буцахад нь Зөвлөлтийн сөнөөгч онгоцнууд хамгаалдаг байжээ. Фронтын шугам даван дайсны ар талыг бөмбөгдөж цохилт өгөөд Матадын аэродромд шууд нисэн ирдэг байв. Байлдааны үүрэг гүйцэтгэх явцад цаг агаар муудан аянга цахилгаантай бороо, үүл манантай байх тохиолдол олон байв. Манай нисгэгчид есдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 10 удаа фронтын шугам даван дайсны ард талд гарч шөнийн бөмбөгдөлт хийсэн байна. Энэ үеэр МАХЦ-ийн нисэх хүчин 19 ширхэг Р-5 онгоцны хохирол амссан байдаг. Фронтын командлалаас шөнийн бөмбөгдөлтийн үр дүнг тогтмол мэдээлж, баяр талархал удаа дараа хүргэж байжээ. Үүний хажуугаар нисэх хүчний залуу нисгэгчдийг сөнөөгч онгоцон дээр шилжин суралцуулах дадлага сургуулилтыг Баянтүмэн дэх Зөвлөлтийн сөнөөгч онгоцны хороонд хийж, нисгэгч Д.Гунгаа, Г.Раднаа, Д.Цэрэндорж, Х.Сэнгээ, Д.Жамбалдорж, Т.Төмөр, Цэрэн,техникч С.Түдэв, С.Нэргүй нарыг И-15 сөнөөгч онгоцоор нисгэж сургаж байлдааны бэлтгэл хангуулж байжээ. Манай нисгэгчдийг Зөвлөлтийн нисгэгч Н.Жарав сурган дадлагажуулж байсан ба нисэх хүчний командлагч М.Зайсанов залуу нисгэгчдийн хамт сөнөөгч онгоц жолоодох дадлага олж авсан байна. Оросын нисгэгчдийг дагалдуулан эдгээр залуу нисгэгчдийг байлдаанд оруулдаг байсан гэх яриа саяхан болтол яригддаг байв.

Халхын голын дайн 1939 оны есдүгээр сарын 16-нд Монгол, Зөвлөлтийн цэргийн ялалтаар дуусав. Энэ хугацаанд манай нисэх хүчин шөнийн бөмбөгдөлтөөр дайсны ар талд 45 мянга гаруй кг бөмбөг хаяж хүн хүч, зэвсэг техник, эд материалын багагүй хохирлыг дайсанд учруулж, хамтын ялалтад зохих хувь нэмрээ оруулжээ.

Халхын голын дайн дууссаны дараа төр засгаас байлдаанд оролцож гавьяа байгуулсан Монгол, Зөвлөлтийн олон зуун цэрэг дарга нарыг төрийн дээд шагналаар шагнажээ Халхын голын дайнд оролцсон МАХЦ-ийн холимог нисэх дивизийн бүрэлдэхүүний тал хувь нь шинэ нисгэгчид байсан бөгөөд хожим Иргэний агаарын тээврийн салбар үүсч хөгжих үндэс суурь нь болсон юм. Тиймч учраас бид бүхэн жил бүр тэмдэглэдэг нисэхийн баяраа “нисэх хүчний өдөр” гэж тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

-Халх голын дайнд оролцсон олон нисгэгч харамсалтай нь хэлмэгдүүлэлтэд өртсөн байдаг.  Нисэх хүчин хэчнээн зоригт шонхроо энэ хэлмэгдүүлэлтэд алд­сан талаар судлаач хүний хувьд танд тоо баримт судалгаа байгаа байх?

-Гучаад оны дундуур манай улсын зүүн хил, хязгаарын байдал түгшүүртэй байсантай зэрэгцэн Монголын нийгэмд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт 1937 онд дээд цэгтээ хүрч хүмүүсийг “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” хэмээх зохиомол хэргээр хоморголон баривчилж  35.000 гаруй иргэнийг буюу насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг нь хилс хэрэгт гүтгэж, буудан хороосон гэдэг шүү дээ. МАХЦ-ийн Нисэх хүчний эгнээнээс нийт 118 хүнийг хэлмэгдүүлснээс 47 хүнийг хоморголон баривчилж хохироосон. Эдний дунд байлдааны дадлага, туршлагатай, нисэх ур чадвар гоц эзэмшсэн шилдэг нисгэгч, дарга нар болох Д.Жамбаа, Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн тэргүүтэй олон арван зоригт шонхоруудбайдаг юм. Хэрэв монголын нисэх хүчинд цаг бусын аюул дайраагүйсэн бол хожмын  дайн байлдаанд олон баатар, алдар гавьяатнууд төрөн гарах нь дамжиггүй байсан.

-Ялалтын 80 жилийн ойг  нисэх хүчнийхэн хэрхэн тэмдэглэж, ямар ажил зохион байгуулах гэж байна вэ?

-Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн Газрын тогтоол өнгөрсөн онд гарч Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Ойг тэмдэглэх зохион байгуулах ажлын хэсэг бүтэн жилийн турш ажиллаж байгаа. ОХУ энэ ойн баярт ач холбогдол өгч зарим арга хэмжээг хамтран зохион байгуулахаар яригдаж байгаа гэсэн.

ИНЕГ-аас ажлын хэсэг гарч, миний бие ахлан хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал,  Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Буйр нуурын дэргэд, Хамар давааны дээр, Халх гол сумын ойролцоо нисэх онгоц бууж хөөрөх зурвас хээрийн аэродромуудыг сонгосон. 1936 оны гуравдугаар сард Зүүн хил дээр болсон мөргөлдөөнд гарамгай байлдсан боловч 1937 онд хилс хэргээр хэлмэгдэн хохирсон МАХЦ-ийн Нисэх бригадын Байлдааны I отрядын дарга, шуудангийн отрядын анхны дарга, хурандаа Д.Жамбаа агсныг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнуулахаар ЗТХЯ-аар дэмжүүлэн ЗГХЭГ-т хүргүүлээд байна. Д.Жамбаа бол Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нартай эн зэрэгцэх гавьяа байгуулсан боловч авах ёстой шагналаа авч чадаагүй. Тиймээс энэ их ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд Улсын баатар цол нэхэн шагнана гэдэгт итгэж байгаа. Мөн удахгүй Халх голын дайн болсон түүхт газраар ИНЕГ-ын хамт олон залуучуудын төлөөллийг оролцуулсан тойрон аялал зохион байгуулна.Халхын голын дайны агаарын байлдаанд оролцсон Монгол Зөвлөлтийн зоригт нисгэгчдийн дурсгалд зориулж гурван метр өндөр боржин чулуун гэрэлт хөшөөг урлан бүтээлгээд Халх гол сумын нутаг Баянцагааны нуруунд энэ сарын 14-нд ёслол төгөлдөр босгохоор төлөвлөж байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, орон нутгийн иргэд, хилийн цэргийн отряд болон тойрон аялж яваа манай хамт олон энэ үйл ажиллагаанд оролцох юм.

Эцэст тэмдэглэж хэлэхэд Халхын голын дайн бол ёстой л хамаг ардын дайн байж харийн түрэмгийлэгчдийг ялсан Монгол, Зөвлөлтийн ард түмний хамтын ялалт байсан юм. Энэ дайнд ялсан баярын ойг монголчууд хэнээр ч заалгахгүй, хэнээр ч хориулалгүй тэмдэглэх ёстой, хэзээ ч мартах учиргүй түүхэн үйл явдлын ой билээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
П.Сүрэн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-08-13 01:38:52
    Ахмад үеийн хувьсгалч дайчин баатарлаг үйлсийн талаар баримт сэлт сайтай сайхан ярилцлага өгсөн байна?! Манай ахмад үе амь насаа х үл хайрлан хүн ардынхаа гэр...
  • ja...... 2019-08-12 09:57:56
    demberel, shagdarsuren gej unshij baisaan aan harin jambaa gej hunii talaar odo medle. bi sain medehgui l de eniig unshaad iim tom tsar hureetei tulaan bolj
  • Zochin 2019-08-12 04:35:17
    Shuud uguurei.
  • gaya 2019-08-12 03:59:00
    Сонирхолтой сайхан нийтлэл болж анхны байлдааны нисгэгч,орсод багш нисгэгчээр ажиллаж байсан гарамгай шонхор Д.Жамбаа гуайд нэхэн МУ-н БААТАР цол хэргэм өгөөчээ...