Дарга нар их хөрөнгө зарж судалгаа хийлгэчихээд түүнийгээ зүгээр л сейфэндээ хадгалаад мартчих нь олонтоо
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Тэргүүлэгч Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-Таны хувьд ид ажлын үе иржээ. Учир нь та Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажилладаг?

-Би МАН-аас нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Манай намын бүлэг 14 төлөөлөгчтэй, түүнээсээ жил бүр төлөөлөгчид маань тэргүүлэгч хийх тэгш хувиарлалттай. Энэ дагуу 2014 онд тэргүүлэгчээр ажиллаж байна. Мөн Байгаль, Экологийн хорооны даргаар ажиллаж байна.

Ер нь Улаанбаатар хот төдийгүй дэлхийн хэмжээнд Экологийн асуудал бол яах аргагүй тулгамдсан асуудал болоод байна. Тэр дундаа нийслэлийн хувьд ундны усны аюулгүй байдал, нөөц хамгаалах, хөрс, агаар, усны бохирдол гээд нэн чухал олон асуудал байна. Эдгээр асуудлуудад түлхүү анхаарч хорооныхоо чиглэлээр гишүүдтэйгээ хамтарч ажиллаж байна даа.

-Нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрын нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрэлэн болсон байна. Тулгамдаж байгаа асуудал юу байна. Ер нь цэцэрлэгт хүрээлэнд маань одоогоор ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна?

-Ер нь аливаа ажил төлөвлөгөөний дагуу явагдах ёстой. Би энэ үгийг хэлэх дуртай. Түүнчлэн, улс орны бодлого ч нэгдсэн системтэй, тэгээд урт хугацааны төлөвлөгөөний дагуу явах ёстой. Тиймээс анх ажил аваад шаардагдах бүх судалгаа болон төлөвлөлтийн ажлуудыг хийлгэн бүтээн байгуулалтаа эхлүүлж байсан. Одоогоор бид 183 га газарт ерөнхий төлөвлөгөө хийгдээд, түүний 100 га-д нь 110 мянга гаруй мод сөөг тарьснаас 95 хувийн ургалттай ургаж байгаа бол нийслэлийн хамгийн том усан оргилуур, гүйлтийн болон дугуйн зам, спорт талбайнууд болон хамтын харилцаатай байгууллагуудын нэрэмжит бичил цэцэрлэгийн ажлууд хийгдсэн. Мэдээж аливаа бүтээн байгуулалтын ажлын гол хүндрэл бол санхүүжилт байдаг.

Гэхдээ бид цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дээр зөвхөн төсөвт баригдахгүйгээр гаднаас дөрвөн тэрбум гаруй хөрөнгө оруулж ирж чадсан. Ер нь олон улсын туршлагаас харж байхад цэцэрлэгт хүрээлэн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломж байдаг юм билээ. Бас нэг зүйл онцлоход Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань нийслэлийн ундны усны нөөцийн газарт байрладаг онцгой газар. Тийм ч учраас энгийн газар шиг хамаагүй барилга байгууламж барих хориотой байдаг юм. Харин энэ асуудлыг иргэд маань төдийлөн сайн мэддэггүй. Нийтийн бие засах газрын ажил удсан нь үүнтэй холбоотой. Хүрээлэнг нээхээс өмнө л бид хөөцөлдөж эхэлсэн ч зөвшөөрөл олгогдохгүй байснаас энэ жил л ашиглалтанд орж байх жишээтэй.

-Мод сөөгийг тарихдаа биш арчилж ургуулах нь чухал байх. Тиймээс энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Энэхүү талбайд маань 22 төрлийн мод, сөөг 95 хувийн ургалттай ургаж байгаа. Энэ бол бага тоо биш гэдгийг мэргэжлийн хүмүүс сайн мэднэ. Үүнд анхны хийгдсэн судалгаа шинжилгээ болон мэргэжлийн хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүн гэж хэлж болно. Ер нь байгууллагууд их хөрөнгө зарж судалгаа хийлгэчихээд түүнийгээ зүгээр л сейфэндээ хадгалаад мартчих нь олонтоо.

-Цэцэрлэгт хүрээлэнд авто зогсоолын хүрэцээ муутай байна хэмээж байсан?

-Авто зогсоолыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ ажил зургийнхаа дагуу хийгдээд явна. Одоогоор 300 автомашины зогсоол хийгдсэн байгаа ч хүрэлцэхгүй байна. Үүнийг удирдлагууддаа хэлж, танилцуулсан. Дараагийн төлөвлөлтөнд автомашины зогсоолыг нэмэх төлөвлөгөөтэй байгаа.

-Нийслэлд өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал юу байна. Эмэгтэй хүнийхээ хувиар санаа зовниж явдаг зүйлийнхээ талаар ярихгүй юу?

-Хамгийн ихээр сэтгэл зовж явдаг зүйл бол Экологийн бохирдол. Бид хамгийн чухал зүйлээ хамгийн суүлд тавиад байна уу гэж боддог. Өнөөдөр энэ асуудлаар нэгдсэн судалгаа шинжилгээ, ажлын төлөвлөлтүүд ховор байна. Наанадаж бид Улаанбаатар хотын экологийн даацыг тодорхойлох хэрэгтэй байна. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулаад ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ саналыг төлөөлөгчийн хувьд оруулж одоо дэлхийн банкныхан ажиллаж байгаа. Санаачлага гаргасан төлөөлөгчийн хувьд би ажлын хэсэгт нь орох хүсэлтэй байсан ч болоогүй. Зөвхөн зөвлөмж төдий зүйл гараад ирэх вий гэсэн болгоомжлолтой байна. Анх намайг саналаа илэрхийлж байхад хаана, хаана ногоон байгууламж тарих, хаагуур нь хэрхэн хучмал хийгдэх юм гээд бүх зүйл төлөвлөгөөтэй гарна гэж байсан. Хоёр жил өнгөрсөн байгаа ч одоогоор гараагүй байна. Удахгүй гараасай гэж хүсч байгаа.

Өндөр хөгжсөн улс орнууд ногоон хөгжлийн төлөө олон алхам хийж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, Австралид туршлага судлаад явж байхад моднууд нь тухайн улсынхаа бүртгэлтэй байдаг юм байна лээ. Гэтэл нийслэлд бүтээн байгуулалтын ажилтай холбоотой мод устсаар л байдаг. Тэдгээр моднууд бүртгэлгүй байна. Манайд өнөөдөр ногоон байгууламжийг хамгаалж, бүртгэж байдаг байгууллага байх шаардлагатай байна.

-Манайд бойжуулах талбай ховор юм шиг санагддаг. Энэ тал дээр та ямар санал санаачлага гарган ажиллаж байна?

-Дэлхийн Улс орныг харж байхад бүгд бойжуулах талбайтай байдаг. Улсын хэмжээний том бойжуулах талбайтай байх хэрэгтэй. 2012 онд хүрээлэн маань арван га газрыг бойжуулах талбайгаар авсан. Гэсэн ч хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байгаа. Мөн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийдэг аж ахуй нэгж байгууллагуудыг НӨАТ-аас чөлөөлөх саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ асуудал нааштай шийдэгдсэнд баяртай байгаа. Ногоон байгууламжийн үнэлэмж маш муу байгаа. Тухайлбал, гурван настай мод гуравхан мянган төгрөг байгаа юм. Үнэлэмжийн нэмэглүүлэх тал дээр төрөөс анхаарах шаардлагатай байгаа.

-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд төлөөлөгчид олон дүрэм журам баталж, олон ч ажлуудыг хийж байна. Харин зарим журмыг амьдралд нийцэхгүй байна хэмээж байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Хотоос гарч байгаа дүрэм журам эрхзүйн актууд бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан, дэмжсэн байх шаардлагатай. Барилга барих гэхээр л нийслэл хоёр хувийг нь авах гээд л энэ бол буруу асуудал байгаа юм. Газар аваад тэндээ ажил хийх гэж байгаа хүн бол баялаг бүтээж байгаа л гэсэн үг шүү дээ. Нийгэмд юм хийж, хүн л хөгжиж байвал нийгэм хөгжинө. Аж ахуй нэгж, иргэнийхээ өдөр тутмын ажлыг дэмжсэн бодлого байх хэрэгтэй.

-Бусад намынхаа иргэдийн төлөөлүүдтэй хэрхэн хамтран ажиллаж байна. Хаана хаанаа улстөржих байдал харагдаад байна л даа?

-НИТХ-ын 45 төлөөлөгчийн зургаа нь эмэгтэй. Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулаад, нийслэлийн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн төлөө юу хийж чадах вэ гэсэн санаан дээр нэгдэж ажиллаж байгаа. Бид зургаа бол улстөржихгүй энэ нийтлэг том эрх ашгийн төлөө л нэгдэж ажиллаж байна. Хамгийн сүүлд бол эмэгтэйчүүдийн хорих газарт очиж ажилласан. Үүнээс улбаалаад эмэгтэйчүүдийн эрхийн тал дээр бид дуу хоолойгоо нэгтгэж байна. Мөн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох тал дээр сургалтууд ч зохион байгуулж байна.

-Гадаа дулаан орохоор агаарын бохирдлын халааг хөрсний бохирдол авах юм. Энэ нь маш хортой гэж эрдэмтэн, мэргэд хэлдэг. Экологийн асуудал хариуцсан төлөөлөгч хүний хувьд таны бодлыг сонсох гэсэн юм?

-Экологийн бохирдол бол бүгдээрээ байнгын эргэх холбоотой байдаг. Ганцаар асуудлыг шийдэх нь өрөөсгөл болно. Жишээ нь агаарын бохирдол өөрөө эргээд хөрсний бохирдолдоо нөлөөлөх жишээтэй. Тэгээд хөрсний бохирдол усны бохирдол үүсгэдэг гэх мэт юм. Мэдээж эдгээр бохирдлуудын хамгийн гол хохирогчид бол иргэдийн эрүүл мэнд.

Энэ нь маш аажимдаа дам байдлаар нөлөөлдөг. Тэр дундаа хамгийн том хохирогчид нь бага насны хүүхдүүд болдог. Иймд эдгээр асуудлууд бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэж хэлж болохоор,санагддаг. Мөн усны нөөц хомсдож байгаа одоо үед бид хамгийн үнэтэй байх усаа үнэгүй ашиглаж байна. Түүнээс гадна ундны усны аюулгүй байдал хангалттай хэмжээнд бус байна. Гүний худгуудын бүртгэл, хяналт сул байгааг сайжруулахаар саналууд оруулсан. Иргэд маань гэр хорооллын айл өрхүүд гүний худаг барьчихаад, хажууд нь бохирын нүх ухаад түүнрүүгээ бохироо хийж байна. Энэ нь хөрсийг маш ихээр бохирдуулж байна.

Экологийн хорооны даргын хувьд энэ ажлыг тууштай хийж, хяналт тавъя гэж бодож байгаа. 2012 онд Японуудын зөвөлгөөнөөр 180 гаруй мянган гэр хорооллын өрхүүдийг ариутгах ажил эхлэж байсан ч одоогоор зогссон байгаа юм байна лээ. Жорлонгуудыг ариутгаснаар хөрсний бохирдол тодорхой хэмжээгээр буурна. Энэ асуудлыг ч анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Нийслэл санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд “Бонд”-той болохоор ярьж байна. Зарим хүмүүс эдийн засаг уналттай үед зээл хийх нь хамгийн зөв гэж байгаа ч бусад нь өрийн хямрал үүсэх вий гэсэн болгоомжлол байна?

-Ажил хийхэд санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгож ажилладаг туршлагууд бий. Гэхдээ энэ бол нөгөө талаас хойч үедээ үлдээж байгаа өр. Тиймээс гол нь ямар төсөл хөтөлбөрт зарцуулах вэ гэдгийг л сайтар судалж шийдэх нь чухал юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шалдан үнэн 2014-05-09 04:14:21
    Наадуул чинь бичиг үсэг мэдэхгүй ш дээ. Харин нь мөнгөний тоо бол маш сайн мэднэ, кк кк кк. Ойлгож байна уу, наад судалгаанд чинь зарцуулсан мөнгө нь хэрэгтэй болохоос биш судалгаа нь огт хэрэггүй гэдгийг мэддэггүй юм уу?!