Уран өвөөгийн үргэлжлэл буюу Монгол Пикассо

“Бээжин биеннал-2017” олон улсын уран зургийн уралдаанд “Нүүдлийн бараа” бүтээлээрээ оролцжээ.


“Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор зураач Д.Ганболдыг урилаа.

Уран өвөөгийнхөө тухай сонсч өссөн хүүхэд нас

Авьяас удам дагадаг гэдгийг зураач Д. Ганболдын амьдрал харуулж байна.  Тэрээр 1981 оны арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод Д.Дорждэрэмийн дунд хүү болж  мэндэлсэн. Түүний хүүхэд бусдын адил ясли, цэцэрлэгт явж, аав ээждээ эрхэлж, тоглон наадаж өнгөрч.  Харин хүүхэд байхаасаа зураг зурж, баримлын шавраар дуртай зүйлээ хийдэг байжээ.  Үүнийг нь мэдэрсэн аав нь хүүгээ  “Миний хүүд авьяас байна. Уран бүтээлч хүн болох нь” гэж их урамшуулдаг байж.   Аавын цаад санаа нь хүүдээ өвөөгийнх  мэргэжлийг өвлүүлэх байж л дээ.   Өвөөгийнх нь талаар ярьж, зурсан уран зураг болон бусад бүтээлийг нь үзүүлдэг байсан байна. Энэ нь  хүүд нөлөөлсөөр өвөө шигээ хүн уран хүн болохсон гэсэн хүслийг төрүүлсэн гэдэг. Түүний  аав  М. Дорждэрэм нь Завхан аймгийн Завханмандал, ээж Д.Цэцэгмаа нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат ажээ. Харин түүний  ах  Д.Сүхболд нь Олон улс судлалын дээд сургуульд нийгмийн ухааны багшаар ажилладаг.   Зулайг нь гишгэн төрсөн дүү Д.Оюунтуяа нь  ээжийнхээ мэргэжлийг өвлөж нягтлан бодогч болсон байна. Багаасаа зураг зурах авьяас нь илэрсэн зураач маань 1990 онд арван жилийн 44 дүгээр сургуульд орж, төгссөн. Хүн бүхэнд хүүхэд насны мартагдагшгүй дурсамж гэж байдаг. Харин зураачийн маань хүүхэд насны хамгийн мартагдашгүй дурсамж нь “Сониучхан” нэвтрүүлэгт  баримлын шавраар хийсэн танк, машинаа тайлбарлан оролцож байсан үе гэдэг.  Телевизийн нэвтрүүлэг анх удаа орсон хүүд дээрээс нь гэрэл тусаад шарж байсан их сонин санагдаж байж. Ийнхүү сургуулийн босго алхан орсон  хүү  зургаа, долдугаар ангид байхдаа зураач болох, Дүрслэх урлагийн их сургуульд сурахаар шийджээ. Энэ  хүсэлдээ хөтлөгдсөн арван жилийн сургуульд сурч байхдаа цөөхөн уралдаанд оролцсон ч амжилт гаргаж байгаагүй гэнэ.  Харин өвөөгийнхөө мэндэлсний 80 жилийн ойд зориулж уран баримлын үзэсгэлэн гаргаж байжээ.  Мөн аравдугаар ангиа төгсөх жилээ  таван эцэг малыг дүрсэлж харуулсан үзэсгэлэнгийнхээ хамгийн том,нэр нь гоё санагдсан зургаар нэрлэсэн “Таван сүргийн манлай” хэмээх 30-40 уран бүтээлээ дэлгэсэн уран зургийн тайлан үзэсгэлэнгээ Хүүхдийн урлан бүтээх төвд гаргасан байна. СУИС-д орохынхоо өмнө   Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд сурч байхдаа зурсан уран зургаараа гаргасан энэ үзэсгэлэнгээ тэрээр хүүхэд байхдаа гаргасан хамгийн том үзэсгэлэн гэж үздэг юм билээ. Тухайн үед тэрээр  арван жилээ төгсөөд зураач эсвэл барималч болох уу гэдэг сонголт  нь амаргүй байсан ч уран зураач болох замыг сонгожээ. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь  Дүрслэх урлагийн сургуульд сурч байсан түүнд нэг багш нь  уран баримлаар дагнавал  чамд их ирээдүй байна гэж зөвлөж байсантай  холбоотой аж. Зураач болохоор шийдсэн  Д.Ганболд тэр үед таван жилээр суралцдаг байсан СУИС-д  Д. Мягмар багштай уран зургийн ангийг 1999-2005 онд  суралцаж төгсчээ.  Түүнээс хойш хоёр жилийн дараа  л Хүүхдийн урлан бүтээх төвд багшаар ажиллахаар шийдсэн байна. Түүнийг ч тухайн үед  тус сургуулийн захирал байсан гавьяат багш Б.Цэрэндорж дуртайяа хүлээн авчээ.

Монгол ахуй, монгол өв уламжлал хэзээ ч дуусахгүй сэдэв юм

Их сургуулиа төгсөөд 2007 онд уран бүтээлч болсноосоо хойш анхны уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан байна. Түүнээс хойш бие даасан болон хамтарсан хэд хэдэн үзэсгэлэн гаргасан аж. Харин хувийн амьдралын тухайд эхнэр Б.Орхонтуяатайгаа 2006 онд анх танилцаад 2009 онд нэг гэрт орж гал голомтоо бадраасан байна. Жилийн дараа залуу хосууд үрийн зулай үнэрлэж, Төгөлдөр гэдэг хүүтэй болжээ. Г.Төгөлдөр аавынхаа сурч байсан 44 дүгээр сургуульд сурдаг. Харин бага охин Г. Цэцүгэн нь одоо таван сартай аж. Д.Ганболд анх эхнэртэйгээ танилцаад зураач гэж хэлэхэд их гайхаж байсан гэдэг. Гэхдээ нөхрөө их ойлгож дэмждэг ажээ. Тэр бүр хүнд уран бүтээлээ бэлэглээд байдаггүй Д.Ганболд зураач танилцаад удаагүй байхдаа эхнэртээ өөрийг нь зурсан зурагаа бэлэглэдэг байсан гэдэг. Харин саяхан болсон арван жилийн ангийнхаа уулзалтын үеэр бага ангийн нэг , ахлах ангийн хоёр багшдаа санаачилгаараа уран бүтээлээ бэлэглэжээ.       Нэгэн үе тухайн үеийнхээ сонирхлоор модернист чиглэлээр зурж Монголын Пикассо гэж нэрлэгдэж явсан Д.Ганболд зураач одоо монгол ахуйг харуулсан зураг дагнан зурдаг болжээ. Тэрээр үүнийгээ  монгол ахуйг харуулсан уран бүтээл туурвих болсон нь шалтгаантай гэх юм билээ. Түүний хэлснээр энэ чиглэлээр зурахад их эвтэйхэн, монгол ахуй тухайлбал, монгол морины соёл, монгол өв уламжлал хэзээ ч орхигдож дуусахгүй сэдэв юм байна. Мөн туурвих бүтээлүүдээ энэ сэдэвтэй холбож гаргавал их таалагдаж байгаа учраас монгол ахуйгаар дагнан зурж байгаа аж. Гэхдээ өөрийнхөө зураг зурах онцлог өнгө аяс ,арга ажиллагааг орхиогүй хадгалж байгаа гэсэн юм. Ийнхүү монгол ахуйгаар зурж байгаа ч модернист чиглэлээр зурах санаагаа орхиогүй яваа түүнийг  уран бүтээлч, зураач  болох замд нь хөтөлсөн хэд хэдэн багш  байдаг аж. Тухайлбал, Хүүхдийн урлан бүтээх төвд уран зураг зурахыг заасан н.Мөнхцэцэг, баримлын хичээл заадаг байсан буриад н.Сэвжидмаа багш нараар хичээл заалгаж байжээ. Харин Дүрслэх урлагийн сургуульд анх орсон жилээ  Ч.Энхжаргал гэдэг модерн зураг, орчин үеийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураачийн шавь болсон байна. Гэвч энэ багш нь дараа жилээс нь уран бүтээлээ хөөж сургуулиасаа гарчээ. Ингэснээр оронд нь ангийнх нь багшаар ирсэн Д. Мягмар багшийнхаа ангийг төгссөн байна. Оюутан болсноор уран зураг гэж юу болох талаар уран зургийн суурь мэдлэгийг эзэмшиж уран зураг хэцүү ч амттай болохыг ойлгож авсан гэдэг. Түүнээс гадна уран бүтээл туурвина гэдэг хэцүү юм байна гэж боддог  байж. Харин их сургуулиа төгссөний дараа бие дааж уран бүтээлээ туурвих амаргүй болохыг өөрийн биеэр үзэж ойлгож авчээ. Уран бүтээл туурвина гэдэг харахад амархан ч олон үе шат туулдаг юм гэдгийг ч мэдэрсэн байна. Мөн урлагийн  тогоонд чанагдахын тулд, олон уран бүтээлчдээс ялгарч, уран бүтээлээ сайн хийж, илүү сайн уран бүтээл туурвихийн тулд  өөрийгөө сайн дайчилж ажиллах ёстой гэж үздэг нэгэн ажээ. Харин оюутан байхдаа хичээлийн ажил их хийдэг байсан учраас тийм сүртэй мундаг бүтээл хийж  чадаагүй аж.  Гэхдээ хааяа багш нар, найз нөхдөөсөө энэ чинь болж байна гэх мэтээр магтаалын үг  сонсох гоё санагддаг байжээ. Их сургуулиа төгссөний дараа 2011, 2012 онд юутай ч гэсэн уран баримлаа оролдъё гэсэн бодол төрснөөр морьтой хоёр уран баримлыг хийсэн байна. Уран баримал хийх гэдэг тийм амархан ажил биш гэнэ. Их хугацаа шаардагдана. Эхлээд эх загвараа хатуу биетээр хийнэ. Дараа нь резинээр хэвийг нь авч засч янзалдаг нарийн үйл ажиллагаа ихтэй ажил ажээ. Нэг баримал хийхэд ойролцоогоор 4-5 сар  зарцуулдаг.  Мөн  баримлын шавраар уран баримал хийнэ гэдэг их нарийн чимхлүүр ажил, будахад хүртэл хэцүү байдаг гэнэ.      Энэ сарын 16-нд “Алтан хаан” галлерейд нээлтээ хийсэн  түүний 20 гаруй уран зургаас бүрдсэн “Монголд нэг удаа”  уран зургийн үзэсгэлэнд хүүхдийн сэдэвтэй хоёр энэ  баримлаа тавьсан байна билээ. Харин ямар ч уран бүтээлчид богино хугацаанд эсвэл их цаг хугацаа зарж бүтээсэн уран бүтээл гэж байдаг.

Уран өвөөгийнх нь цус судсаар нь гүйж байгаа Д.Ганболд зураачид нилээн хэдэн тийм зураг байдаг ч ихэнх нь байгалийн сэдэвтэй зураг аж. Тухайлбал,Тэрэлжид судалбар хийж яваад  нар шингэх үеэр буцахынхаа өмнө “Намар” гэдэг нар шингэх агшныг дүрсэлсэн зургийг зуржээ. Харин тэр зургаа мэргэжил нэгт найздаа бэлэглэсэн байна. Хамгийн их хугацаа зарцуулж удаан зурсан зураг гэвэл 2008 оноос эхэлж зураад дуусгах гэж 12-13 жил зарцуулсан “Аравт” гэж нэрлэсэн Чингис хааныг есөн өрлөгтэй нь  дүрсэлсэн цуврал зураг байдаг аж. Өөр нэг сонин түүхтэй зураг гэвэл 2007 онд уран зургийн үзэсгэлэнгээ гаргахын өмнө зурсан зураг юм байна. Зүүдэндээ хураасан олон зураг үзэж байтал нэг чонотой зураг гарч иржээ. Тэгээд би энэ зургийг зурах ёстой юм байна гэж бодсон байна. Зүүдэндээ харсан зурагтай нь дөхсөн эсэхийг нь мэдэхгүй ч зурж дуусаад нэг үзэсгэлэнд тавьсныхаа дараа зурсан зурагнуудаа үзэж байтал тэр зураг гараад ирэхэд үйл явдал давтагдаж байгаа шиг санагдаж байжээ. Харин их дэлгүүрийн гадаа тав хоног уран бүтээлээ дэлгэж үзэсгэлэн гаргах,борлуулах боломж олджээ. Ингэснээр ульж байгаа чоныг дүрсэлсэн хийсвэр дөрвөлжин кубизм шиг гурвалжин дөрвөлжингөөр зурсан зураг нь хамгийн түрүүнд зарагдсан гэдэг. Түүний хувьд уран зураг зурахад хамгийн гоё тохиромжтой үе нь  өглөө, орой байдаг аж. Ер нь хөдөө байгальд гарч зураг зурснаар илүү их юм олж харж, сурч хөгждөг  гэнэ. Гэхдээ уран зургийг таталбар зураг татах, шүлэг бичдэгтэй адилхан энэ болчихлоо гэж үзээд орхиж болдоггүй.  Хаанаас нь хэн ч харсан төгс уран бүтээл гэж хэлэгдэх бүтээл төгс хэмжээнд хүрч очиж байж уран зураг болдог. Тийм бүтээл хийхийн тулд нөгөө эх загвар чинь өөрчлөгдөнө, хөгжинө. Ер нь судалж, сайжруулж явдаг учраас яг нэг эх загвараараа  байхаар уран бүтээлд ажиллагаа их дутуу орсон юм шиг санагддаг  гэх ажээ.

Хүсэл мөрөөдөлдөө итгэж явдаг монгол Пикассо

Түүнийг монгол Пикассо гэж нэрлэсэн нь их сургуулиа төгсөөд залуу насны хөөргөн дэвэргэн сэтгэлээр их зоригтой уран бүтээлээ туурвидаг байсантай холбоотой гэсэн.

Харин уран бүтээлч хүний хувьд зураач Д.Ганболд гэдэг хүний уран бүтээлийг хаанаас  нь харсан ч таньдаг мэддэг болгохын тулд өөрийгөө хурцалж мэрийх,өөртөө бий болгохын тулд бүх бололцоогоо дайчилж ажиллахсан гэж боддог. Энэ хүсэл мөрөөдөлдөө ч итгэж явдаг аж. Түүнийг монгол Пикассо гэж нэрлэсэн нь их сургуулиа  төгсөөд залуу насны хөөргөн дэвэргэн сэтгэлээр  их зоригтой уран бүтээлээ туурвидаг байсантай холбоотой  гэсэн. Гэхдээ тэр уран бүтээлүүдийн 20 хувь нь гайгүй байсан байх. Тэрийг харсан хүмүүс тэгж нэр өгсөн болов уу.Тухайн үед уран бүтээлээ маш зоригтой хурдан хийчих гээд байдаг байсан тал бий. Харин одоо яаж тэр санааг, өнгөнүүдийг, техникүүдийг сайжруулах вэ гэж гэдгийг бодож байгаа гэсэн юм.  Тэрээр 2013 онд Дорнод аймаг руу СТА зураач П.Мэлс агсан, ХХ зууны манлай, ардын зураач О.Цэвэгжав агсны ойд зориулсан арга хэмжээний үеэр хэсэг зураачидтай явжээ. Тэр үеэр Дашбалбар суманд болсон наадмын үеэр морь хөтөлсөн хүмүүстэй таарснаар зургийнхаа санааг олсноор зурсан “Битүү морь” гэдэг зургаа урландаа тавьсан байв. Мөн тэрээр  Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг бүтээлцэж явсан Уран Минжүүр өвөөгийнхөө мэндэлсний 100 жилийн ойгоор Монгол банкныхан санхүүжүүлснээр уран бүтээлийг нь эмхэтгэсэн номыг гаргаж байжээ. Тэрээр тийм хүний үр удам учраас  өөрөө өөртөө шаардлага  тавих ёстой. Өвөөгийнхөө хийсэн бүтээсний дайтай хүний сэтгэлд хүрсэн  уран бүтээлийг өөрийгөө дайчилж хийхсэн гэж хичээж боддог гэсэн. Нийт 10 орчим уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан Д. Ганболд зураачийн хамгийн том оролцсон уран зургийн хамгийн том тэмцээн гэвэл 2017 оны наймдугаар сард “Бээжин биеннал ”  олон улсын уран зургийн наадамд уран бүтээлээрээ шалгарсан бусад зураачдын хамт очиж байжээ. Тэрээр Япон, ОХУ, Герман гэсэн олон орны зураачид оролцсон наадамд  нүүдэл нүүж байгааг харуулсан тэмээтэй уран бүтээлээрээ оролцсон байна. Таван давхар байшингийн гурван давхраар дүүрэн уран зураг тавьсан 3-4 сар үргэлжилсэн наадамд шалгараад бусад орны уран бүтээлчдийг харж, уран зургийг харна гэдэг сайхан түүнд санагджээ.Гэвч манай уран бүтээлчид нээлтэнд нь оролцоод 3-4 хоноод буцсан байна.Уран баримлыг биш уран зургийг сонгож зураач болсон тэрээр уран зургийг зүгээр нэг цаг нөхцөөж, өөрийгөө зугаацуулж эсвэл цаг хугацаа зарцуулж хийсэн бүтээл эсэх нь цаг хугацааны явцад харагддаг. Тиймээс өөрийгөө зугаацуулсан уран бүтээл биш өөрийгөө ялан дийлж чанартай уран бүтээл туурвих ёстой гэдгээ ойлгодог аж. Хүн гэдэг бодлын амьтан учраас өөрийгөө ялан дийлэхийн тулд  өөрийгөө үргэлж эерэг үзэл бодлоор цэнэглэж байх ёстой.  Мөн өөртөө шаардлага тавьж, нэмж сурах ёстой юу байна тэрийг сурах ёстой гэх юм билээ.

Уран бүтээлийг уран бүтээл чигээр нь хийхийг зорьдог уран Минжүүрийн ач, Монголын Пикассо гэж нэрлэгддэг Д.Ганболд зураач дан ганц төрлөөр дагнаад явъя гэж боддоггүй нэгэн. Тэрээр хаанаас нь хэн ч харсан сайн уран бүтээл хийх юмсан гэж бодож,ийм бүтээл хийхийг  зорьж байгаа уран бүтээлч ажээ.  Учир нь нэг төрөлд баригдаад ирэхээр сэтгэлгээ нь хашигдаад хөгжихгүй учраас уран бүтээлч хүн юмыг судалж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй  гэж үздэг зураач Д.Ганболдын монгол ахуй төрх, нүүдэлчин амьдрал ирээдүйд оршин тогтносоор байх уу.Ирээдүй  хойч үеийнхэн маань хөдөөний амьдралын  өнгө төрхийг сана болов уу гэсэн асуултад хариу илэрхийлж “Алтан хаан” галлерейд гаргасан уран зургийн үзэсгэлэн ирэх сарын 1-нийг хүртэл гарах ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-08-19 06:34:43
    үнэхээр гоё
    203.91.115.252
    Мэдэгдсэн Хариулах