Токиогийн олимпийн бамбарыг Монголын дөрвөн зүгт аялуулж эхэллээ

Монголын Триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй Токиогийн олимпийн бамбарыг Алтай таван богдоор аялууллаа. Тодруулбал, энэхүү арга хэмжээг Монголын Триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг хоёр хамтран санаачилж эхлүүлсэн бөгөөд МҮОХ Япон Улсаас манай улсад суугаа элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, ХХЕГ-тай хамтран “Токио-2020” олимпийн бамбарыг Монголын дөрвөн цэгт аялуулахаар болсны эхлэл нь ийнхүү Алтай таван богд байв. Өөрөөр хэлбэл, 50 жилийн түүхтэй хоёр улсын найрамдлын баганыг энэхүү бамбарын аяллаар бататган гагнаж цаашдийн 50 жилийнхээ найрамдлын замыг Монголын тамирчдынхаа замын хамт зассан бэлэгшээлтэй ажлын нэг байлаа.


Тухайлбал, Триатлоны холбооныхон өнгөрсөн сарын сүүлээр Архангай аймгийн Өгий нуурт уламжлал ёсоор Улсын аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулж аваргуудаа тодруулсан. Үүний үргэлжлэл болгож “Токио-2020” -д оролцох тамирчдынхаа сэтгэл санааг дэмжих зорилгоор Монгол Улсын дөрвөн зүгт олимпийн бамбарыг аялуулж тамирчиддаа урам зориг өгсөн нь энэ юм. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн оны наймдугаар сард Монголын баг тамирчид Жакарта-2018 Азийн наадамд анх удаа оролцож түүхэнд байгаагүй олон медалийг өнгө алаглуулан эх орондоо авчирсан. Энэ түүхээ түүчээлж Монголын төрийн далбааг “Токио-2020”- д дахин мандуулахын тулд ийнхүү олимпийн бамбарыг аялуулсан хэрэг.


Түүнчлэн тус арга хэмжээнд ивээн тэтгэгчдийн төлөөлөл, хилийн цөөнгүй анги, заставын алба хаагчид, иргэд, жуулчид оролцов. Энэ үеэр МҮОХ-ныхон “Алтан медаль”-аараа нэгэн эрхмийг шагнасан нь нүдээ олсныг нутгийнхан хэлсэн. Эл шагналын эзэн бол хурандаа В.Батжаргал захирагчтай Хилийн 0285 дугаар ангийн ахлах дэслэгч С.Жалхар юм. Тэрбээр бөөрөнцөг түлхэлтийн УАШТ-ээс сүүлийн хоёр жил дараалан медаль хүртсэн, спортын дэд мастер, сумын заан, волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй, гардан тулааны багш, дөрвөн жил тутамд болдог баруун бүсийн хилчдийн спортын наадамд энэ онд 0285 дугаар ангийнхныхаа хамт оролцохдоо 25 медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүлсэн юм. С.Жалхар “Тамирчин бүхэн олимпийн наадамд эх орноо төлөөлж, амжилт гаргахыг хүсдэг. Хэдийгээр би олимпод өрсөлдөж чадахгүй ч “Токио-2020”-ийн бамбарыг манай нутагт аялуулсанд баяртай байна. Мөрөөдөл минь биелэх шиг боллоо” гэв. Аяныг зохион байгуулагчид Токиогийн олимпийн бамбарыг энэ жил Монголын хойд цэг болох Хөвсгөл аймгийн нутаг дахь Монгол шарын даваанд аялуулахаар төлөвлөжээ.



Мөн ирэх онд зүүн цэг болох Дорнод аймгийн Модот хамар уул, урд цэг болох Өмнөговийн Орвог гашууны бор толгойд аялуулж, олимпизмыг сурталчлах гэнэ. Олимпийн бамбарыг Монголоороо тэр тусмаа хил дагуу аялуулж байгаа нь учиртай. Учир нь “Рио-2016” олимпийн наадмаас “Хилчин” спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Хилийн байгууллагад харьяалагддаг хоёр тамирчин олимпийн дэвжээнд амжилт гаргасанд монгол түмэн өдгөө ч бэлгэшээдэг. Тус арга хэмжээг зохион байгуулж буй Ц.Сандуйг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Монголын Триатлоны холбооны ерөнхийлөгч гэдгийг уншигчид андахгүй биз ээ. Тамирчид болон зохион байгуулагчдын зүгээс эл арга хэмжээг ивээн тэтгэсэн “Номин холдинг”, SWORD компани болон “Ус сувгийн удирдах газар”, “Зорчигч тээврийн нэгтгэл-3” газрынханд талархсанаа илэрхийлж байв
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-08-20 09:23:12
    ойрхон болоход овоо медаль аваад байдаг шүү. элс цацаж тэнгэртээ датга.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах