М.Ариунжаргал: Сургалтын төлбөрийн зээлийг 11 мянган оюутанд олгоно
Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна.  Улсын болон хувийн  хэвшлийн  их, дээд сургуулиуд оюутнуудаа хүлээн авч бүртгэж эхлээд байна. Тиймээс энэ жил Сургалтын төрийн сангийн зээлээр хэдэн оюутан суралцах талаар БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргалтай ярилцлаа.
 

-2019-2020 оны хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ.  Энэ жил улсын хэмжээнд  танай сангаас олгодог сургалтын төлбөрийн зээлийг  хичнээн оюутанд олгох вэ?

-Манай сангаас энэ хичээлийн жилд оюутнуудад олгох сургалтын төлбөрийн зээл болох Оюутны хөгжлийн зээлийг улсын болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 11 мянган оюутанд олгоно.

-Их, дээд сургуулиудаас зээлд хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудынхаа тоог танай санд ирүүлсэн үү?

-Одоогоор зээлд хамрагдахыг хүссэн оюутнуудын материал их дээд сургуулиудаас ирээгүй байна.

Бид их дээд сургуулиудад зээлд хамрагдах  оюутнуудыг тоог  хязгаарласан тодорхой хэмжээний  квот өгсөн байгаа. Зээл олгох дүрэм шалгаруултад өөрчлөлт ороогүй. Тухайлбал, их дээд сургуулиудад шинээр элсэн орж байгаа элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 буюу түүнээс дээш байгаа тохиолдолд зээлд хамрагдах боломжтой.  Харин их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудын хувьд өмнөх улирлын хичээлийн дүнгийн голч оноо нь 2.8 болон түүнээс дээш байснаар Оюутны хөгжлийн зээл авна.

-Зээл авахыг хүссэн оюутнууд  хэзээ материалаа бүрдүүлж өгөх ёстой вэ?

-Зээлд хамрагдахыг хүссэн  оюутнууд эхний ээлжинд суралцах гэж байгаа сургуулийнхаа Сургалтын албанд материалаа бүрдүүлж өгнө. Ингэснээр сургууль дээр нь манай сангаас энэ сарын 15-наас нээсэн  бүртгэлийн программ дээр зээлд хамрагдах оюутнуудын материалыг шивж эхэлсэн. Тэд энэ ажлаа дуусаад манай сантай тооцоогоо хийж,  оюутнуудынхаа гэрээг  баталгаажуулна. Үүний дараа нийт дүн нь гарахаар төлбөрийг нь сургууль руу нь шилжүүлнэ. Харин манай сангийн зүгээс их сургуулиудад оюутнуудаас эхлээд сургалтын төлбөрийг нь нэхэхгүй байх гэсэн хүсэлтийг  тавьдаг.  Эхлээд төлбөрөө хийчихээд  дараа нь хичээл сонголтоо хийнэ гэдэг хууль бус асуудал байгаа юм. Тэрнээс биш оюутнууд зээлд хамрагдаад үлдсэн шалгуур хангаагүй оюутнуудаас төлбөрөө нь нэхэх эрх нь нээлттэй.Гэхдээ зарим нэг сургууль шалгуур хангах боломжтой оюутнуудаас төлбөрөө эхэлж хийгээд дараа нь буцааж ав гэсэн шаардлагыг тавиад байна. Энэ бол буруу юм.

– Оюутнуудын зээл хүүгүй гэж сонссон. Хэрхэн зээлд хамрагдах вэ?

-Зээл авахыг хүссэн баримтыг бүрдүүлэхдээ энэ талаар тодорхой ойлголттой байх ёстой. Манай сангийн зүгээс мэдээллээ олон нийтэд боломжоороо хүргэж, сурталчилж байна. Учир нь оюутнууд хуучны банкаар дамждаг зээл шиг санаад их явдалтай, чирэгдэлтэй  гэж бодоод байдаг. Гэтэл энэ зээл нь банкаар дамжихгүй, хүүгүй, хамтран зээлдэгч шаардахгүй. Тухайн оюутан цаашид суралцах зорилго,ирээдүйгээ тодорхойлсон эссе бичих, шинээр элсэж байгаа бол  элсэлтийн батламж, иргэний үнэмлэх гэсэн бусад өөрийн хувийн мэдээллийг агуулсан  материалыг бүрдүүлээд зээлд хамрагдах боломжтой юм. Энэ талаар тодорхой мэдэхгүйгээс болоод аав, ээж, эмээ, өвөөгийнхөө тэтгэвэр, цалингийн зээл авахуулж байна. Оюутнууд өөрсдөө ч хариуцлага хүлээх ёстой. Тодруулбал, сурлагын амжилт гаргах, дараа нь зээлээр авсан жилээ зургаан жилийн хугацаанд төлөх хэрэгтэй. Манай сангаас их, дээд сургуулиа төгсөөд зургаан жилийн хугацаанд эргэн төлөх хуваарийн дагуу авсан зээлээ хувааж төлөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Мөн бидний гаргасан тооцоогоор зээл авсан оюутан сард 100 мянган төгрөг төлөхөд таван жилийн хугацаанд зээлээ төлж дуусна. Мөн их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад арилжааны банкнаас хүүтэй зээл авах шаардлагагүй гэдгийг хэлмээр байна.

-Жилийн жилд хичээлийн шинэ жил эхлэхээр их дээд сургуулиудын төлбөр нэмэгддэг. Энэ жил төлбөрийн нэмэгдлийн талаарх мэдээлэл танайд ирсэн үү. Энэ нь сургалтын зээлд нөлөөлдөг үү?

-Боловсролын яамны дээд газрынхан энэ талаар мэдээлэлтэй байгаа байх. Манай санд их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн гэсэн мэдээлэл ирээгүй.

-Танай сангаас оюутнуудад олгодог төрийн сангийн зээлийн төлбөрийн хэдэн хувийг улсаас өгдөг вэ. Ер нь улсаас нийт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Манай сангийн энэ жилийн төсөвт оюутны хөгжлийн зээлд 33 тэрбум төгрөгийг  суулгасан.  Тиймээс энэ төсвийг 11 мянган оюутанд олгоно гэсэн тооцоог гаргасан. Гэхдээ энэ оюутнуудын өнгөрсөн жилийн оюутны зээлд хамрагдсан байдал, бусад үзүүлэлтийг нь харьцуулаад сургуулиудад квот тогтоосон. Тухайлбал, Монголын үндэсний их сургуульд хэдэн квот олгох боломжтой вэ? Квотынхоо хүрээнд сургуулиуд оюутнуудаасаа материалыг нь хүлээн авч байна. Гэхдээ  санхүүгийн жил нь их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилтэй таардаггүй учраас  энэ жилийн төсөвт суусан 33 тэрбумаас 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр дамжаанаас олгоно. Үүний өмнө 2018-2019 оны хичээлийн жилд хагасыг нь олгосон байгаа.

-Зээлээр суралцсан оюутнуудад дипломыг нь буцааж олгоно, нэмэлт боломж олгоно гэж салбарын сайд мэдэгдэж байсан. Энэ талаар дуулгах ямар мэдээлэл байна?

-Өмнө нь дээд сургуулиудад боловсролыг үнэгүй олгодог байсан. Харин зах зээлийн жамаар төлбөрийг нь авч сургадаг хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд гарч ирснээр төлбөртэй болсон. Тиймээс сурах чадвартай ч төлбөрөө төлөх боломжгүй оюутнуудыг их, дээд сургуульд сургахын тулд төр засгаас 25 жилийн өмнө Төрийн сургалтын сан гэдэг байгууллагыг байгуулсан. Сан байгуулагдсан эхний үед диплом нь зээлээ эргүүлж төлөх барьцаа байсан. Зээл авсан оюутнууд сургуулиа төгсмөгц сургууль нь манай санд зээлээ төлөх баталгаа болгож дипломыг нь авчирч өгдөг байсан. Тиймээс  манай байгууллагын нэг өрөөнд 16 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх диплом хураагддаг болсон. Харин хоёр удаа диплом чөлөөлөх буюу эздэд нь өгөх үйл ажиллагааг зохион байгуулсан. Тухайлбал, 2004 онд чөлөөлөхдөө 2004 оноос өмнө төгссөн оюутнуудын дипломыг  зээлийг нь авахгүйгээр бүтэн чөлөөлсөн. Үүнд хамрагдсан ч эзэн нь мэдээгүй диплом одоо манай санд бий. Дараа нь 2008 онд дахин дипломыг чөлөөлсөн. Гэхдээ 2004 оных шиг бүтэн чөлөөлөөгүй. Эзэмшсэн мэргэжлээрээ хоёр жил ажилласан байх,  сурлагын дүн гэсэн шалгуурыг тавьсан. Тэр шалгуурт тэнцээгүй хүмүүсийн диплом бас бий. Харин үүнээс хойш чөлөөлөх тогтоол шийдвэр гараагүй учраас манай байгууллага дээр аудитын шалгалтын улмаас авлага үүсгэсэн гэсэн шалтгаанаар дүгнэлт муу гараад байна. Тиймээс  Боловсролын яамнаас бодлого боловсруулж, судалгаа хийгээд энэ олон дипломыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийгээд  Засгийн газрын хуралдаанаар оруулсан. “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д чөлөөлөлт, хөнгөлөлтийн асуудлыг УИХ шийднэ хэмээн заасан. Үүний дагуу БСШУСЯ-наас уг журмыг төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.  Хэрэв энэ асуудал шийдэгдвэл 16 мянган дипломыг чөлөөлнө. Харин оюутны хөгжлийн зээл нь барьцаагүй учраас дипломыг барьцаалахгүй Монгол банкны мэдээллийн санд бүртгэх юм.

-Гадаадад сурахыг хүсч байгаа оюутнуудын хувьд энэ зээлд хамрагдах боломж бий юу?

-Гадаадад бакалаврын зэргээр  сурахыг хүсч байгаа оюутнууд дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулиудад сурахад санхүүжилт олгодог. Харин энэ сургуулиудын  эхний 20-д багтаж байгаа сургуульд хүссэн мэргэжлээрээ, 21-40-ийн хооронд багтсан их сургуулиудад элсвэл эх оронд чухал шаардлагатай мэргэжлээр элсэлт явуулж байгаа. Харин сонгон шалгаруулалтыг Боловсролын яаманд хийж, санхүүжүүлэх эрхийг нь манай санд нээж өгснөөр санхүүжүүлж байна. Харин мастераар сурах тохиолдолд дэлхийн шилдэг 100 сургууль байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Амьжиргаа болон сургалтын төлбөр 16000 ам.долларыг жилд нэг удаа олгоно. Харин бакалаврын зэргээр сурч байгаа бол зөвхөн сургалтын төлбөрийг нь төлж байгаа. Авсан зээлээ сургуулиа төгсч ирээд байгуулсан гэрээнийхээ дагуу эх орондоо таван жил үр бүтээлтэй ажиллаад, нийгмийн даатгалаа төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд чөлөөлөх асуудлыг төрийн захиргааны төв байгууллага авч үзнэ.

-Гадаад руу сургалтын төрийн сангаар явж суралцсан хүүхдүүд дотор улс төрчдийн хүүхдүүд нэлээд байдаг. Энэ нь нийгэмд ар өврийн хаалгаар явлаа гэсэн хардлагыг байнга төрүүлж байдаг. Эдгээр хүүхдүүдийн зээлийн эргэн төлөлт нь хугацаандаа төлөгддөг юм болов уу?

-Монгол улсын Үндсэн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан байдаг. Монгол Улсын иргэн бүрт боломж бололцоо нь нээлттэй байгаа. Бид зээлийн талаар мэдээллийг чадлаараа сурталчилж байгаа боловч манайхан өөрсдөө мэдээллээс хол байна. Ялангуяа орон нутгийн иргэдэд иймэрхүү мэдээлэл хүрэх нь хомс. Тиймээс мэдээлэл хамгийн түрүүнд очиж байгаа хэсэгт давуу байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тэглээ гээд мэдээлэл аваад өөрийн хүчээр тэнцсэн оюутнуудад эцэг, эх нь өндөр албан тушаалтай гээд ч хязгаарлалт тавих нь утгагүй. Нийт зээлдэгч нарын хувьд хуулийн хүрээнд эргэн төлөлтөө хийгээд явж байгаа.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-29 00:45:14
    Хичээлдээ сайн, төлбөрийн чадваргүй эцэг эхтэй, эрэлттэй мэргэжлээр суралцах сонирхолтой хүүхдэд наад мөнгөө өгөөч, авилгачидаа. Битгий хавтгайруулаач.