Дотоодын хэрэглээг бүрэн хангах чадал бүхий шувууны ферм ашиглалтад орлоо
500 шахам мянган шувуутай “Баян шувуу” шувууны аж ахуй Төв аймгийн Баянчандмань суманд өнөөдөр нээлтээ хийлээ. 300 гаруй мянган өндөглөгч, 100 гаруй мянган дэгдээхэйтэй, цагт 60 мянган ширхэг өндөг ангилж савлах хүчин чадалтайгаар эхний ээлжинд ашиглалтад орж байгаа энэ цогцолборыг үндэсний НВЦ компани өөрийн хөрөнгөөрөө хоёрхон жилийн дотор барьж босгожээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг цогцолборын нээлтэд оролцохдоо “1953 онд Монгол Улс анх удаа 30 мянган өндөглөгч тахиатай аж ахуй нээж, түүнээс хойшхи 50 жилийн хугацаанд нийтдээ 350 мянган өндөглөгч тахиатай болжээ. Харин өнөөдөр манай улсын хагас зуун жилийн түүхэнд бүтээснээс илүү хүчин чадалтай орчин үеийн том цогцолборыг үндэсний компани богино хугацаанд босгож байна. Монголчууд жилд 100 сая ширхэг өндөг хэрэглэдэг бол энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд дотооддоо 200 сая ширхэгийг үйлдвэрлэж, хоёр дахин илүүг хэрэглэх боломжтой болно. Энэ том бүтээн байгуулалтыг дагаж хамгийн орчин үеийн технологи, ноу хау орж ирж, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулахаас гадна гадаадаас өндөг авдаг байсан 20 сая ам.долларыг эх орондоо үлдээнэ. Ийм жишгээр Монголдоо бүтээх санаа, төсөл бүрийг Шинэчлэлийн Засгийн газар дэмжих болно” гэлээ.

Өндөгний импортыг 90%, өндөгний үйлдвэрлэлийн өртгийг 30% хүртэл бууруулах, энэ хэрээрээ улсын эдийн засагт жинтэй нөлөө үзүүлэх энэ цогцолборыг барьж босгоход төр бодлогын дэмжлэг үзүүлж, НВЦ компани нийт 55 тэрбум төгрөгийн хөрөнгөө зарцуулж байна. Тус аж ахуй нээгдсэнээр орон нутгийн 200 хүн ажлын байраар хангагджээ.

“Баян шувуу” аж ахуй ойрын 4 жилд 1 сая толгой өндөглөгч шувуутай, жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр болж, 2018 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана. 2015 онд мax боловсруулах үйлдвэр, шингэн өндөгний цех, 2016 онд тэжээлийн болон биогазын үйлдвэр, 2017-2018 онуудад нэмж тус бүр 300 мянган өндөглөгч, 100 мянган дэгдээхэйн байрыг тоног төхөөрөмжийн хамт барьснаар Европын томоохон аж ахуйнуудтай эн зэрэгцэхүйц техник технологи, хүчин чадалтай томоохон цогцолбор болно.

Хог хаягдлаа дахин боловсруулж бүрэн ашиглах энэ цогцолбор экологид ээлтэй үйлдвэрлэлийн жишгийг Монголд тогтооно. Шувууны аж ахуйгаас гардаг гол хаягдал сангасаар түлш үйлдвэрлэж, хэрэглээний эрчим хүчээ хангаад, үлдсэн хэсгээр хөдөө аж ахуйд өргөн ашиглагдах сайн чанарын бордоо үйлдвэрлэнэ. Энэ мэт олон сайн жишиг нэвтрүүлэх үйлдвэрийн хүрд нийслэлээс 75 км зайд, дэд бүтэц сайн хөгжсөн бүсэд өнөөдрөөс эргэж эхэллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.