Нийслэлийн 51 дүгээр сургуулийн 4б ангийнхан багш ч үгүй, анги ч үгүй байна
2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлээд хоёрхон хонож байна. Бүтэн гурван сар амарсан хүүхдүүдийн хувьд хичээлдээ орно, анги дэвшинэ, багш нартайгаа уулзана, ангийнхантайгаа баяр хөөртэйгээ уулзана хэмээн догдолж, есдүгээр сарын 01-нийг хоног тоолж, цаг минут харж тэсэн ядан хүлээдэг хөөрүү сэтгэлтэй гэнэн цагаахан сэтгэлтэй үрс минь сургуульдаа ирдэг билээ.

Гэвч нийслэлд багш, сургуулийн хүрэлцээ байхгүйгээс болж хүүхдүүд сурч боловсрох эрх нь ноцтойгоор зөрчигдөөд байна. Хичээлийн шинэ эхлэнгүүт нэгэн сургуулийн 4б ангийн хүүхдүүд багш ч үгүй, анги ч үгүй эхний өдрийг угтжээ. Энэ байдал цаашид яах вэ гэдэгт эцэг эхчүүд санаа зовниж байна.
 
Тодруулбал, энэ талаар нэгэн эцэг эх болсон үйл явдлыг олон нийтийн сүлжээнд ийнхүү бичжээ.
 
Тэрбээр “Хичээлийн шинэ жилийн өдөр ийм үйл явдал боллоо. Өнөөдөр хүүхэд бүр шинэхэн дэвтэрийнхээ эхний хуудсыг нээгээд, он сараа тавиад баяр хөөртэйгээр хичээлээ хийж суусан байх.

Гэтэл хүүхдүүд багш ч үгүй, анги ч үгүй гэсэн шалтгаанаар хүйтэн зааланд хэсэг томоотой гэгч нь сууж байгаад, сүүлдээ хүүхэд л болсон хойно ангийнхаа найзуудтай гарч тоглоцгоов.
 
Уг нь тэд мэдээж хичээлдээ суух гэж ирсэн. Хэрэндээ л хөөрхөн бэлдээд цэмцгэр гэгч нь формоо өмсөөд ирцгээсэн байв.

Зарим нь хэн нэгэн багш хичээл орж л таараа гэсэн шиг баглаа цэцэг тэвэрцгээсээр ирэв. Гэвч тэдэнд анги ч, багш ч байсангүй. Энэ бол нийслэлийн 51- р сургуулийн 4б ангийнхний хичээлийн эхний өдөр байлаа.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд дөрвөн багш сольсон учир энэ удаад багш нь хэвээрээ байгаа болов уу хэмээн санаа зовсоор энэ хичээлийн жилийг угтаж буй эцэг эхчүүд "Багшийн утас нь огт болохгүй юм, ангийн групп дээр ч мэдээлэл тавиагүй" гэсээр 9 сарын 1-ний өдөр уулзацгаалаа.

Гэтэл яг л зөгнөсөн юм шиг багш нь байхгүй. Харин сургуулийн ханан дээрх мэдээлэлд 4б О багш /4е ангийн багш/ гэсэн байхыг хараад өө ашгүй энэ багш манай ангийг авч байгаа юм байхдаа гэж баярлаад зарим эцэг эхчүүд очиж уулзтал манай анги Е биш Б болж байгаа. Танай ангийг тараана. Гэхдээ А Б ангиудад танайхаас хүүхэд авахгүй бусад 3 ангид л орох байхдаа гээд хээв 1 ярьж байв.

Яагаад, яагаад өчнөөн олон хүүхдийн ирээдүйг цаагуураа яриад шийдчихдэг юм бэ. Яагаад эцэг эхэд нь хэлэлгүй, асуулгүй бүгдийг өөрсдөө шийдчихэж байгаа юм бэ.

Өнгөрсөн жил авсан багш нь удаа дараа зөв бичих дүрмийн алдаа гаргаад байсан /самбар дээр бичсэн зүйл нь ч, гэрийн даалгавар бичиж хэвлэж өсөн цаасан дээр ч зөв бичих дүрмийн алдаа их байдаг байсан/ болохоор эцэг эхчүүд нэгдээд багын эрхлэгч дээр нь ороод энэ багшаа болиул гэхэд өөр багш олдохгүй байна гэсэн.

Ангиа тараая бусад ангиудад хуваарилъя гэхэд бид нар энэ багшийг нэг мундаг багшдаа хариуцуулаад өгчихсөн байгаа, тал талаас нь хамжиж дэмжээд тордоод авъя гэж учирласан. Тэр үед бид залуу хүн сайжрах байх гээд дахиж ганц ч удаа асуудал үүсгэсэнгүй. 

Бүтэн жил хүлээцтэй хандсан. Эрхэм эрхлэгчийн үгэнд орсон.  Гэтэл өнөөдөр үр дүн нь ийм байх юмуу.

Хүүхэд бүрийг дэмжих, хөгжүүлэх төрийн бодлого чинь хаана байна. Тэр бодлого чинь нэг ангийн хорин хэдэн хүүхдийг тойроод хэрэгжээд байгаа юм уу.

Жил бүр шинэ багшийн арга эвд нь таарах гэж тэмцэж ирсэн үрс минь энэ 3 жил нэг нэгнээ дэмжиж түшсээр аль хэдийн нэг баг хамт олон болчихсон учир үгүй өөр ангид ормооргүй байна гээд бөөнөөрөө тойрч зогсоод хошуу нь өмөлзөж, нулимс нь цийлэгнэж байсан. Тийм болохоор энэ удаад сургуулийн удирдлагын үгийг дагалгүй ангиа хуваалгахгүй, 4б хэвээрээ байна гэж эцэг эхчүүд өнөөдөр бага ангийн эрхлэгчтэй уулзлаа.

Гэтэл өөдөөс багш байхгүй гэнэ. Тэр багшийн орон тоон дээр багш аваачээ гэхээр тийм багш алга гэв. Өө бурхан минь багш нар нь ийм хомсдолтой байдаг гэж үү.  Бас дараагийн нэг шалтгаан нь анги танхим хүрэлцэхгүй байна гэв.
 
Миний хүүхдийн анги л тарчихвал тэр сургууль жин тан болчих гээд байгаа юм гэнэ. Яагаад хүүхдүүдээ нэгдүгээрт тавьж бодохгүй байгаа юм бэ.

Үүнийг бичлээ гээд хүүхдийг минь гадуурхвал ёстой яршиг шүү, би эрхэм захирал таны өрөөндөө үүдээ түгжээд юу гэж худлаа хэлүүлж суусан зэрэг олон асуудлыг энд дурдаагүй шүү” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
 
Энэ байдалд сургуулийн захиргаа болон захирал нь ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд салбарын сайд болон холбогдох удирдлагуудыг харахыг, анхааралдаа авахыг эцэг эхчүүд хүсчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • , 2019-09-14 07:52:40
    юу ч хэлхэвдээ
  • Сумъяа  2019-09-07 03:20:15
    Яагаад багш байхгүй гэж... Өнгөрсөн жил багш нарын ажил хаялт, цалин нэмүүлэх жагсаал цуглааны үед "Та нарын цалинг аваад бид хийе" гэсэн тэр хүмүүс хаачив.
  • Zochin 2019-09-06 08:17:10
    Ingeed baihaar chin bagsh hiih hvn yaj oldoh we
  • багш  2019-09-05 10:35:05
    Одоо хамгийн тэнэг хүн багш хийнэ...
  • Иргэн 2019-09-04 00:56:57
    Одоогийн энэ эцэг эхчүүдийн хэл ам гэж мөн ч их юмаа, үр хүүхдүүддээ гай болморууд. Бидний үeд сургуулийн захиргаанаас шийдсэн асуудлыг л дагадаг байлаа гэж. ...
  • зочин 2019-09-03 10:49:47
    Улсын хэмжээнд бага ангийн багш дутагдалтай байна, үүнийг ойлгохгүй мөн их юм бурах юмаа