Айлчлалаар юу шийдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм.
 
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.  

Тодруулбал, хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалт халуун дотноор эхэлсэн яриа уулзалтын турш ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн юм. Товлосон цагаас гурав дахин урт хугацаанд уулзаж, ярилцсан талууд өргөтгөсөн хэлэлцээрт ярилцах байсан бүхий л асуудлаа шийдвэрлэж, Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулах зэрэг томоохон асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч, баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар тохиролцсон юм.
 
Улмаар хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд талууд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
  1. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар,

  2. “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар,
  3. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар,
  4. “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол”-д БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов нар,
  5. “Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”-д Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,

  6. “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”-нд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,
  7. “Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,
  8. “Монгол Шуудан ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,
  9. “Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Павел Анатольевич Ливинский нар,
  10. “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээр”-т “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус тус гарын үсэг зурлаа.

Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга: 


 -Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэйгээр санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа.  

ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Манай хоёр орны цэрэг, цэрэг техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна. Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколыг шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна.  Ирэх онд болох Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ойд Монголын тал өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо илэрхийллээ.

 Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр” зам нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.  ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийллээ. ОХУ-ын алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг ханган, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархаж байна.  2008 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна.

 Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засаг, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мөн үзлээ.

 Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны төлөөлөгчийн газраа Владивостокт нээхээр төлөвлөж байна.  Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж бодож байна. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтайгаа мөн илэрхийллээ. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд рубль төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч, санамж бичиг байгууллаа. Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадаагүй Монгол дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн эхний үе шат болох Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварыг шийдвэрлэх түвшинд хүрснийг мэдэгдлээ. Хоёр орны найрсаг харилцааг, иж бүрэн стратегийн түншлэлд хүргэснээр хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг дахин онцлон тэмдэглье.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин олон жилийн турш уламжлал болсон найрамдалт харилцаа маань цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх суурь болсон гээд энэ удаагийн яриа хэлэлцээр баялаг агуулгатай, халуун дотно, өргөн цар хүрээний асуудлыг хөндсөн хэмээн дүгнэсэн юм. Улмаар Монгол-ОХУ Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гарсан нь цаашдын хамтын ажиллагааг бүхий л салбарт ахиулах боломж хэмээн харж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр улсын худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдэж, энэ оны долдугаар сарын байдлаар гэхэд 12 хувиар нэмэгдсэн амжилтыг дурдаад, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
 
 
 П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mogi 2019-09-05 10:31:13
    oros avgaitai bolhoor ni battulgiig teversen geseen.
    202.126.89.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-05 02:20:09
    Хүний хүчин зүйл гэж сонин юм аа. Тарвагатай хэзээ ч ингэж тэврэлдэхгүй байсан даа хахаха
    64.119.21.175
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-09-04 00:39:28
    хог дээр хаяхаас гээд батлан хамгаалахын хэдэн техник егех нь дээ гааль шуудан гэсгээд харин тэр газрын тос темер зам нь ажил хэрэг болвол манайд егеежтэй юм да...
    202.9.43.116
    Мэдэгдсэн Хариулах