Барилгын Политехник коллежийг "Алтан гадас" одонгоор шагнав

Жаран жилийн ой нь тохиож байгаа Барилгын Политехник коллежийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, Алтан гадас одонг тус сургуулийн туганд зүүж өгөв.

Барилгын Политехник коллежийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигт “Монгол Улсын барилгын салбарт мэргэжилтэй, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хүч хөдөллмөр, авьяас чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Барилгын Политехник коллежийг Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Монгол Улсын барилгын салбарын хөгжлийн түүхэнд улс эх орондоо их бүтээн байгуулалтыг цогцлоож ирсэн танай сургуулийн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, төгсөгч, ажилтан, ажилчдад түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Монголчууд бидний өвөг дээдэс барилга, архитектурын баялаг уламжлалтай  ард түмэн байсныг одоогийн бидний амьдран буй гэр, түүгээр ч зогсохгүй Хүннүгийн үеэс үлэмж хэмжээтэй булш, онго, тахилын байгууламжийг барьж байгуулж байснаас харж болно. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Египетийн хаад газрын гадаргаас дээш пирамид босгож байсан бол манай өвөг дээдэс газрын гүн рүү хаад язгууртныхаа булш, онго, тахилын байгууламжийг барьж байгуулж байжээ. Иймд Монголчуудын барилгын салбарын түүх нэгэн жарнаар хязгаарлагдахгүй эртний уламжлалтай гэдгийг энд онцлон хэлэхэд таатай байна.

Монгол Улсын хөгжлийн тэргүүн эгнээнд барилгын салбарын хөгжил байх ёстой. Барилгын салбарын хөгжлийн чиг хандлагыг ажихад байгаль орчин, нийгэмд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай байхыг шаардах болжээ. Тиймээс бүтээн байгуулалтыг өрнүүлэх, барилга барих мэргэжилтэн олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадварлаг байх ёстой гэдгийг төр, засгийн зүгээс сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байна. Энэ шаардлагад хүрэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагчдын ажиллах, сурах орчин нөхцөлийг өрсөлдөхүйц түвшинд хүргэх, барилгын үйлдвэр технологийн уламжлал шинэчлэлийг шинжлэх ухааны үндэстэй хослуулахыг цаг үе шаардах боллоо.

Цаг үеийн шаардлага, дэлхийн жишигт хүрэх нь Та бидний бэлтгэн гаргасан мэргэжилтэй ажилтан, багш нарын ур чадвараас ихээхэн шалтгаалах болно. Барилгын Политехник Коллежоос олон арван алдар суутай чадварлаг ажилтан, боловсон хүчин бэлтгэгдэн гарч байсныг бид мэднэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Барилгын Политехник Коллежийн 60 жилийн ойг тохиолдуулан, улс эх орныхоо нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалтын салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас" одонгоор шагналаа.

Түүхт 60 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа танай хамт олонд болон  барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргахад эрдэм мэдлэгээ зориулсан үе үеийн багш, удирдлага, төгсөгч, суралцагчиддаа сайн сайхныг хүсэхийн ялдамд барилгын салбарт амжилт бүтээлээрээ жигүүрлэн манлайлах их үйлсэд тань амжилтыг хүсье” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.