Г.Удвалцэцэг:Сургуульд орсон, гоё санагдаж байгаа шүү
Өчигдөр бүх нийтийн амралтын өдөр байлаа. Орой ажлаа тараад автобусны буудал дээр унаагаа хүлээгээд зогсч байтал ээжтэйгээ хөтөлдсөн хөөрхөн алаг нүдтэй цовоо сэргэлэн байрын охин яах аргагүй анхаарал татав. Ээжтэйгээ ярих нь хэвлүүхэн энэ охиныг Гантөмөрийн Удвалцэцэг гэдэг юм байна.

“Ээжээ би онц сурна аа. Одоо хэзээ хичээлдээ очих юм бэ. Хурдхан очихыг хүсч байна шүү. Том болоод мундаг эмч, дэлхийн тамирчин болоод эмээ өвөөгөө баярлуулна, ээждээ машин авч өгнө” хэмээн том хүн шиг ярина.

Энэ жил сургуулийн босгыг алхан оржээ. Хичээлдээ явсан эхний өдөр л сургуулийнхаа гоё сайхныг багшийнхаа алиахан ааштайг гайхаж, ангийн хүүхдүүдээ гоё хөөрхөнийг магтаж гэртээ иржээ.

Зургаан настнуудын хувьд сургуулийн орчныг янз бүрээр л угтаж хүлээж авдаг байх. Сургуульд дуртай ч хүүхэд бий, дургүй ч хүүхэд бий. Г.Удвалцэцэгийн хувьд их дуртай, сонирхолтой байгаа гэнэ шүү.

Ингээд сонирхол татсан хэвлүүхэн яриатай охинтой хором ярилцах боломж олдов.



-Сайн уу, миний дүү өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Г.Удвалцэцэг гэдэг. Цэцэрлэгээ төгсөөд энэ жил Шавь цогцолбор сургуулийн 1г ангид элсэн орсон.

-Өө за, сургуулийн сурагч болсон уу. Хичээл ороод нэг л өдөр болжээ. Сургуульд суух ямар байна?

-Гоё санагдсан. Гэхдээ хичээлийн эхний өдөр аймаар халуун байсан шүү дээ. Би халууцаад хөл өвдөөд жаахан ядарсан. Гэхдээ шинэ ангийнхантайгаа, шинэ багштайгаа уулзах гоё байсан. Манай анги 60 хүүхэдтэй бөгөөд хамгийн урд талын ширээнд би нэг эрэгтэй хүүхэдтэй хамт суусан. Нэрийг нь мэдэж амжаагүй. Ямартаа ч сургуулийн сурагч боллоо, цаашид хичээж сайн сурна.

-Багшийг нь хэн гэдэг вэ. Ангийнхнаасаа найзтай болж амжсан уу?

-Амжаагүй эгчээ. Манай багшийг Өлзийтогтох гэдэг юм билээ. Их сайхан зантай, хүүхдүүдээ “Миний хүү, миний охион” гээд дуудаад байсан. Ангийнхантайгаа сайн танилцаж амжаагүй. Багш бид нарыг хооронд нь танилцуулна гэсэн. Дүрэмт хувцас өмсөх их гоё юм билээ. Би цэвэрхэн өмсөнө. 

-Хичээлийн эхний өдөр багш нь хичээл заасан уу?

-Багш бид нараар дуртай зургийг минь зуруулсан. Цэцэрлэгт байхдаа дүрслэх урлагт их дуртай, аймаар их хичээллэдэг байсан. Тиймээс зураг зурах надад нээх их хэцүү биш. Харин ч дуртай зурах авьяастай шүү.

-Энэ зуны амралтаа хэр өнгөрүүлэв?

-Өвөө, эмээтэйгээ Увс, Говь-Алтай зэрэг аймгуудаар явж амарсан. Их гоё амарсан. Малд нүдтэй болсон. Морь унаж сурсан. Цагаан идээ их идсэн. Ааруул идэх дуртай. Өвөө минь намайг их эрхлүүлж, тоглоомын талбайд их тоглуулдаг.



-Аль цэцэрлэгийг дүүргэсэн бэ. Ямар авьяастай вэ?

-Би Кино үйлдвэрийн тэнд байдаг “Соёл” цэцэрлэгийг төгссөн. Цэцэрлэгт байхдаа би спорт өрөлтөөр хичээллэсэн. Бас монгол бүжгийн дугуйланд явж хичээллэсэн. Спорт өрөлтөөр өнгөрсөн 2018 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд орж байсан. Мөн өнгөрсөн тавдугаар сард улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод тусгай байр эзэлсэн. Бас багийн өрөлтөөр тусгай байранд орсон бол дүүргээсээ ганцаарчилсан төрлөөр тусгай байртай. Монгол бүжгээрээ мөнгөн медальтай.

-Хөөх ямар мундаг юм бэ. Спорт өрөлтөөр багаасаа хичээллэсэн охин байна даа?

-Тийм.Заримдаа дэлхийд нэрээ гаргасан мундаг тамирчин болдог юм билүү ч гэж боддог ш дээ. Эмээ өвөө минь миний амжилтыг хараад уйлаад явж байна биз. Өө, бас нэг зүйлийг хэлэхэд “Соёл” цэцэрлэгийнхээ шилдэг хүүхдээр төгссөн шүү. Нээрээ, манай цэцэрлэгийн ангийн гурван хүүхэд манай сургуульд орсон байна билээ, гэхдээ өөр анги. Хичээлийн завсарлагаанаар тааралдах байх.

-Ямар хүсэл мөрөөдөлтэй вэ. Том болоод ямар хүн болох уу, миний дүү?

-Эмч болно.

-Яагаад эмч болно гэж?

-Өвчин тусаж шаналсан хүмүүсийг эмчилж эдгээдэг хүн болно.

-Чиний нүд ямар хөөрхөн юм бэ?

-Баярлалаа. Миний ээж ч бас гоё нүдтэй байгаа биз. Ээжийнхээ нүдэнд хайртай.

-Сурлагын өндөр амжилт хүсье. Онц сураарай?

-Баярлалаа, эгчээ хичээнэ ээ. Онц сурна. Би гурван оронтой тоо бодож чадна. 35 үсгээ мэднэ.


















О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.