Долоо хоногийн тойм
Яамдыг цөөлөх асуудал ихээхэн яригдав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим сайд нараа цөөлөхөө амласан. Үүний дараахан Засгийн газар яамдаа цөөлөх тухай яригдаж эхэлсэн. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрыг есөн яам, 10 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байх бүтцийг танилцуулсан бололтой. Тухайлбал, 1.Гадаад харилцааны яам, 2.Сангийн яам (Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэж), 3.Хууль зүйн яам, 4.Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОНХЯ, ССАЖЯ-ыг нэгтгэж), 5.Батлан хамгаалахын яам, 6.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 7.Дэд бүтцийн яам (УУЯ, ЗТЯ, БХБЯ, ЭХЯ-ыг нэгтгэж), 8.Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, 9.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам (ХЯ, НХЯ, ЭМЯ-ыг нэгтгэж) гэсэн есөн яамны бүтцийг танилцуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгэхээр Засгийн газар удахгүй есөн яамтай болно гэсэн үг.

Азийн наадам эхэллээ

Азийн спортын 17-р наадам орон нутгийн цагаар 9-р сарын 19-ний орой Өмнөд Солонгосын Инчеон хотноо албан ёсоор эхэллээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын хэ Азийн спортын 17-р наадам эхэлснийг зарлалаа. Азийн олимпын хорооны удирдах зөвлөлийн дарга Ахмед нээлтийн ёслолд баяр хүргэж, тус наадмыг зохион байгуулсан Инчеон хотынхонд талархал илэрхийлжээ.Тус наадамд Азийн 45 улс орны 9800 гаруй тамирчин 36 том төрлийн 439 тоглолтод хүч сорих юм. Үүнд Хятадын 900 тамирчин оролцоно. Хятад улс энэ удаа томоохон бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцуулж байна. Тус наадамд Өмнөд Солонгосоос 813 тамирчин оролцож байгаа бөгөөд 100 алтан медаль авах зорилго тавьжээ. Инчеоны Азийн спортын 17-р наадам 10-р сарын 4-нд өндөрлөнө.

Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд оролцохоор явлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцохоор Улаанбаатараас мордлоо. Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулган, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний бүгд хурал зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцохоос гадна бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

Шотланд улс Их Британийн харъяанд үлдэхээр болов

Шотландын тусгаар тогтнолын асуудлаар явагдсан бүх нийтийн санал асуулгын эцсийн дүн зарлагдлаа. Тоонуудыг ВВС News мэдээллээ. Санал хураалтын бүх хуудсыг тоолсны дараа нэг сая 617 мянга 989 шотландчууд буюу  сонгогчдын 44,7 хувь нь тусгаар тогтнолын төлөө санал өгчээ. Тусгаарлахын эсрэг 2 сая 1 мянга 926 хүн буюу 55,3 хувь нь санал өглөө. Сонгогчдын оролцоо 84,59 хувь байв. Нийт 32 тойрогийн дөрөв нь буюу Данди, Глазго, Хойд Ланаркшир, Баруун Данбартоншир зэрэг дөрвөн хотод тусгаар тогтнолын төлөө санал өгсөн байна.Ийнхүү шотландчуудын ялалтад 191 мянга 969 санал дутлаа. Тооллогын комиссоос тусгаар тогтнолын төлөөх санал хураалтад ялагдлаа гэж албан ёсоор зарлав. Ерөнхий сайд Алекс Салмонд ялагдлыг хүлээн зөвшөөрсөн ба Лондон бүс нутгийн Засгийн газарт илүү их эрх мэдэл өгөх ёстой гэлээ. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон хариуд нь Шотландын эрх мэдэлд татвар ба төсвийн зарцуулалт, нийгмийн хангамжийн салбарт нь илүү их эрх өгнө гэж амлав. Мөн тийм ажиллагаанд Британийн бусад нутгуудыг оруулна гэжээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.