Тойм:ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчилсан долоо хоног
Өнгөрч буй долоо хоног Монголын улс төрийн амьдралд онцлох томоохон үйл явдал тохиов.

Тодруулбал,Мягмар гарагт бүх нийтээрээ амарч агуу эзэнт гүрний удирдагч, хойд хөршийн төрийн тэргүүнийг угтаж авав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн 4 дэх удаагийн энэхүү албан ёсны айлчлал хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж, хамтын ажиллагааны 10 гэрээ хэлэлцээрт талууд гарын үсэг зурав.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын гарын үсэг зурж баталгаажуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүй байгуулсан.

Айлчлалын явцад  Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд ОХУ Монгол Улстай хамтран ажилах сонирхлоо илэрхийлж, мөн 100 тэрбум рублийн зээлийг УБ төмөр зам болон  Зүүнбаян, Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарт зарцуулахаар болов.  

Энэ айлчлалын явцад Монгол Улс Алс Дорнодод далайн боомт ашиглах болон хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах,  ОХУ-ын холбооны субъектүүдтэй  бие даан хамтран ажиллах зэрэг боломжууд  монголчуудын гарт үлдлээ.
Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөв

Өнгөрсөн сарын  12-оос эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар  хэлэлцүүлгийг эхэлсэн.  

Энэ удаагийн хэлэлцүүлэгээр УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл болон Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан төслийг нэгтгэн хэлэлцснээс гадна АН-ын саналуудыг мөн тусгасан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын мэдээлснээр  Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор УИХ-ын 62 гишүүнээс 53 санал гарснаас 34 саналыг нь дэмжих шийдвэр гарсан. Энэ 34 дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгасан саналууд орсон юм байна.  Харин анхны өргөн  барьсан төслөөс 8 заалт огт хөндөгдөөгүй үлдсэн аж.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн мөн чанар хэмээн тодотгож  байсан зарим заалт олонхийн дэмжлэг авч  чадалгүй уналаа.  Ялангуяа  гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах,  Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх заалтыг дэмжсэнгүй.  Ингэснээр Засгийн газрын гишүүд нь УИХ-даа барьцаалагдсан байдал цаашид ч хэвээр үргэлжлэх нөхцөл байдал хэвээр үлдэх болж байна.
 
Аварга Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцсэнгүй

Залуу аварга Э.Оюунболд өөрийнх нь нэр төрд халдаж, аварга цолыг авах гээд байна. Мөн намайг допинг хэрэглэсэн гэж олон нийтэд ташаа мэдээлэл тарааж, гүтгэсэн гэх үндэслэлээр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн байгаа билээ.

Тэгвэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан түүний нэхэмжлэлийг өнгөрсөн долоо хоногт шүүх хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Учир нь түүний гаргасан нэхэмжлэл тодорхой бус учир тодруулах шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гарсан байна.

Энэ нь шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байгаа тул тодруулах шаардлагатай гэж үзсэн гэсэн үг юм. Хэрвээ шүүхээс захиргааны хэрэг үүсгэх юм бол нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэнэ.
 
Гүүрэн гарцыг муруй барьж байна гэх дуулиан дэгдэв

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд болон зөвлөх компанийн төлөөлөл, хяналтын инженерүүд Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай өнгөрсөн пүрэв гаригт танилцах үеэрээ нийгмийн сүлжээгээр цацагдсан “Гүүрэн гарц муруй баригдсан” дуулианд тайлбар хийв.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн экспертүүдийн баталсан зургаар хийгдэж байна. Энэ гүүрийг яагаад муруй, саруй хийж байна гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 м, зарим газраараа 18 м, заримаараа 25 м баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр баригдаж байгаа.

Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад баригдсан гүүрүүд бүгд шулуун гүүр. Яг ийм туслах гурван гүүр босч байгаа том бүтээн байгуулалт анх удаагийнх юм. Ийм гүүрэн гарцан дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ.

Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянаж явдаг. Яг батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийж байна. Ямар нэгэн алдаа байхгүй” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2019-09-11 06:46:20
    мөнгөтэй хуужаагийн ажлыг үзэлгүй батладаг хүмүүс байгаа тул хөндлөнгийн хяналт хийлгэх нь зүйтэй шүү анхаарахад буруугүй дараа харамсахгүйн тулд