Азийн том тоглогчидтой хамтрах боломж

…“Өнөөдөр Хятад Улс эдийн засаг, бизнес, худалдааны эргэлтээр дэлхийд тэр­гүүлж байна. Асар том зах зээл, эрэлт нийлүүлэлтийг эзэмшиж байгаа том тоглогчидтой хамтран ажиллах нь манай улсад олон боломжуудыг нээж өгч байна.  Бидний ихэнх нь урд хөршийн зах зээлийг Эрээн, Бээжингийн бараа бүтээгдэхүүн, ган­загын наймаагаар төсөөлдөг. Гэтэл Хятад улс технологийн хөгжлөөр тэргүүлж байна. Бүх амьдрал нь зураа­сан кодоор өрнөж байна. Бид интернэт дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээлттэй байна. Манайханд мэдээлэл байхгүй, бэлтгэл ажлаа хангаагүйгээс энэ асар өргөн уудам зах зээлд нэвтэрч чадахгүй байна” хэмээн нэгэн бизнес эрхлэгч бүсгүй ярьж байсан. Тэгвэл сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн Хятад улс эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллах, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд олон арга хэмжээг зохиож байгаа билээ. Энэ удаа “Монгол-Хятадын Экспо” ӨМӨЗО-ы Улаанцав хотноо гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад хоёр улсын 650 орчим хөрөнгө оруулагчид оролцсон юм. Уг форумд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй 150 гаруй төлөөлөгч, Хятадын талаас ӨМӨЗО-ы Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын тө­лөө­лөгч­дийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жихөн, БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбин тэргүүтэй 350 орчим төлөө­лөгч оролцлоо. Мөн БНСУ, ОХУ, Япон зэ­рэг бусад улсын 250 орчим төлөөлөгч  оролцлоо.

Хятад-Монголын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэнэ

ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Тиймээс энэ удаагийн арга хэмжээ нь манай улсын бизнесийн салбарын том, жижиг бүхий л байгууллага, ААН-д эрэлт хэрэгцээтэй байгаа олон асуудлыг шийдвэрлэж, Азийн хамгийн том үйлдвэрлэгч оронтой хамтран ажиллах өргөн боломжийг нээн өгч байгаагаараа онцлог болж байна. Энэ үеэр Монгол, ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтын орчин, тэргүүлэх төслүүдийг амжилттай танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын томоохон 15 төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн 56 төслийг БНХАУ-ын болон бусад улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох нөхцөлийг бүрдүүллээ.  Мөн 2017 оны Хятад, Монголын Экспогийн хүрээнд түншилсэн 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь худалдаа, хөрөнгө оруулалт, түншлэлийн хамтын ажиллагааг бүс нутгийн хэмжээнд дахин нэг шатаар ахиулах болно гэдгийг албаныхан цохон тэмдэглэж байна. Энэ тухай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин форумыг нээж хэлсэн үгэндээ “2015, 2017 онд зохиогдсон Монгол Хятадын Экспо үр дүнтэй болж, Монголын олон аж ахуй эрхлэгчид БНХАУ-ын зах зээлд нэвтрэх шинэ боломж бололцоог нээсэн тул энэхүү экспог манай бизнес эрхлэгчид сайн мэддэг, оролцохоор урьдчилан төлөвлөдөг болсон” гэдгийг дурдсан юм. Мөн “Монгол Хятадын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 60 гаруй хувийг бүрдүүлж байна. 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 21 хувиар өссөн. Цаашид худалдааг улам нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, 2020 онд хоёр тал худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна” гэсэн юм. Хятадын талаас ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Гүн Мин Жүн хэлэхдээ “Өвөр Монголын Монгол Улс дахь хөрөнгө оруулалт тогтмол өсөж байна. Энэ оны зургаадугаар сарын байдлаар Монголын 226 төсөлд 19.52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцээр хийсэн. Хятад, Монголын ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, анагаах ухааны технологийн судалгаа, боловсруулалт, цөлжилтийг бууруулах судалгаа, түүнчлэн үйлдвэрлэлийн инкубатор, хамтарсан лаборатори, технологи дамжуулах төвийн төслүүдийг идэвхтэй дэмжин хамтран ажиллаж байна” гэв.

Бизнесийнхэнд цаг хожих боломж олгов

Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй,  гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 50 орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд эзэлж байна. Хоёр улсын гадаад худалдааны эргэлт сүүлийн гурван жилд 20-30 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Хятад улсад бизнес эрхлэх хүсэлтэй, тус улсаас бизнесийн боломжийг эрэлхийлэх монголчуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсныг түвэггүй харж болох юм. Тиймээс “Монгол-Хятадын Экспо” нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргө­жүү­лэхэд томоохон түлхэц бо­лоод зогсохгүй Монголын бараа бүтээгдэ­хүү­нүүдийг Хятадын зах зээлд гаргах том боломж гэж харж буйгаа бизнес эрх­лэгчид онцолж байлаа. Мөн энэ удаагийн форум нь Хятадын зах зээлд  хэрхэн амжилттай бизнес хийх вэ гэж маш их судалгаа хийж байгаа, арга зам хайж байгаа бизнес эрхлэгчдэд стратеги төлөвлөгөө, судалгаа, экспортын зураглал гээд олон зүйл дээр цаг хожих, бодит мэдээлэл авах Азийн том тоглогчидтой хамтрах хо­вор­хон боломжуудыг нээн өгч байна гэдгийг оролцогч байгууллагууд онцолж байв.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Энхтуул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.