Хүндийн өргөлтийг үүсгэн хөгжүүлсэн гавьяатан бол А.Гунгаа багш

Мастер ангиллын дэлхийн 19 удаагийн аварга, дэлхийн рекордыг 76 удаа тогтоогч

Булган аймгийн Гурванбулаг суманд 1919 онд төрсөн А.Гунгаа бол 1938 оноос төмөр өргөсөн, 1944 онд хөл бөмбөгийн улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн, Улаанбаатар-Ханхын 2000 км-ийн цанын алдарт аялал болон Улаанбаатар-Бээжингийн дугуйн анхны найрамдал аяллын гишүүн, улсын шигшээг 1955, 1958, 1961 онд гардан байгуулсан, 1954-1967, 1969 онд улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан, Монголд болсон олон улсын чанартай тэмцээнийг анх зохион байгуулалцсан, тамирчнаа олон улсын тэмцээнээс анхны медаль авахуулсан, үндэсний багаа удирдан ДАШТ-д анх оролцуулж, шагналт VI байранд шалгарсан, Монголын хүнд өргөлтийн холбоог байгуулж, дэлхийн холбооны 74 дэх гишүүнээр элсүүлсэн, олон улсын анхны монгол шүүгч гээд ийм урт гуншинтай, алдарт дасгалжуулагч байжээ.

 

Ийм алдар хүндтэй хүний тухай бичих гэж миний бие улсын төв архивын материалтай танилцаж, улсын төв номын санд “Спортын мэдээ” сонины хуудсыг эргүүлсэн бөгөөд Монголын хүндийн өргөлтийн түүхтэй танилцан, тэрхүү үйл явдалд А.Гунгаа, холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажилласан, улсын начин, хууль зүйн ухааны доктор, генерал Ж.Авхиа нарын гүйцэтгэсэн үүргийг тодруулж, баримтжуулахыг оролдсон  юм.

Гунгаа багшийг зөвхөн хүндийн өргөлтийнхөн бус бүхий л тамирчид, спортын зүтгэлтнүүд багш гэж хүндэлдэг. Багш  маань залуус хүүхдийг хүчний спортод дуртай болгож, биеэрээ үлгэрлэн хүч тэнхээтэй болгосноос гадна уг спортыг хөгжүүлэхэд мэргэжилтэй хүн юунаас ч илүү хэрэгтэй болохыг ойлгон, дасгалжуулагч бэлтгэх ажлыг эртээс төлөвлөн 1959 онд ууган мастер Х.Намсрай, 10 жил төгссөн сурагч нэгдүгээр зэргийн тамирчин С.Магсар нарыг ЗХУ-д дасгалжуулагчийн сургуульд явуулсан боловч тэр хоёр мэргэжлээ сольцгоосон юм.

Гэлээ ч дараа нь Б.Дүүдийг Ташкентад, Ё.Цэрэннямыг Ленинградад, Т.Самбууг Москвад, тэрчлэн Д.Даваадоржийг Ленинградад илгээж, дасгалжуулагч болгосон. Бас далгалжуулагчийг олноор бэлтгэхийн тулд УБДэС-д хүнд өргөлтийн ангийг нээж, эхний ээлжинд Хөхөө, Сүхээ, Цамбахорлоо, Даш, Дашзэвэг, Мягмаржав, Номинчулуун, Амгаасэд, Доржханд нарыг элсүүлж суралцуулсан нь юуны өмнө мэргэжилтэн бэлтгэхийн сацуу сайн тамирчдаа дээд сургуульд оруулж, хэтийн амьжиргааг нь шийдвэрлэсэн хэрэг байжээ. Уг элсэлтийг үргэлжлүүлснээр тэнд Дөрвөнжин, Батчулуун, Чулуупүрэв, Амараа, Энхжаргал, Энэбиш, Атимхаан мөн Хосбаяр зэрэг сайн тамирчид нь суралцаж, олонх нь үр бүтээлтэй ажиллаж ирсэн,  одоо ч зарим нь амжилттай ажилласаар байна.

Багшлах боловсон хүчнээ бэлтгэхийн зэрэгцээ Хөдөлмөр, Хоршоолол, Барилгачин нийгэмлэг, МУИС, УБДэС-д бүлгэмүүд байгуулан тэнд хэрэглэх өргөлтийн гирь, гантилыг төмрийн заводод цутгуулж, дэвсгэр резинийг авто засварын үйлдвэрт хэвлүүлэн шахуулж, өөрсдөө хийж эс чадах туйван, стандартын угсардаг шалыг олноор захиалан нийгэмлэг, спортын клубүүдэд тарааж, мөн Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Дорноговь, Налайх, Баян-Өлгийд дугуйлан байгуулжээ.

Хүндийн өргөлтийг хөгжүүлэх үндэс нь олныг хамааруулах явдал гэж мэдэрч спортын төв байгууллагын шийдвэрт хүнд өргөлтийг заавал хөгжүүлэх асуудлыг тусгуулж, Улсын аварга, МБАТ-ий спартакиадын тэмцээний зааварт урамшуулах, торгох оноо тогтоож байжээ.

Бэлтгэгдсэн дасгалжуулагч нараа тараан байрлуулснаас гадна спортын төв байгууллагын хангамжийн албанд мэргэжлийн хүнээ томилуулж, жилдээ туйван 70, шал 30 хүртэл захиалан нийлүүлж байжээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд хүнд өргөлтийн хүрээ өргөжиж сонирхогчид олширч амжилт гаргах үндэс тавигдсан.

Нөгөө талаар дээр дурдсанчлан Гунгаа багш олон залуу, хүүхдийг энэ спорт руу татсан юм. Бүр 1957 оны хавар нийслэлд хүүхдийн дугуйлан байгуулж, түүнд нийслэлийн дөрвөн сургуулиас 70-аад хүүхэд хамарч байв.

Хүүхдийн дугуйланг байгуулахад, багш маань бидэнд та бүхэн ирээдүйд дэлхийн рекорд тогтоож, дэлхийн аварга болж, гадаад орноор явж юм үзэж, нүд тайлна. Манай монголчуудтай адил бие бялдартай Ираныхан одоо дэлхийд сайн байгаа. Тэр бүү хэл дэлхийн рекорд тогтоовол 10000 төгрөгийн шагнал олгох дээд газрын шийдвэр бий гэж ярих нь үлгэр домог мэт санагдаж байж билээ.

Хүндийн өргөлтөд татагдагсад дотор олон бөх болон оюутан сурагчид байсан юм. Жишээлэхэд,

-Бөхчүүдээс: аварга Д.Дамдин, Ч.Бээжин, арслан Оргодол, Ц.Бадамсэрээжид, Ө.Эрдэнэ-Очир, заан Гүрбадам, начин Банди, Авхиа, Бордух, Шаравжамц, Дашдаваа, Цэдэвсүрэн, Ч.Гочоосүрэн нар

-Циркийн жүжигчдээс Д.Дамдин/гавьяат жүжигчин/, Бадарч /Орос/, Шаравдорж, Хишигдаваа /гавьяат жүжигчин/ бусад 20-иод хүн,

-Оюутнуудаас, Цэрэндаш /доктор болсон/, Намсрай, Юмжээ, Жигжидсүрэн/эмч/, Лувсандаш /гавьяат тамирчин/, Аюуш, Нанжид, Цэдэвсүрэн, Дагдандорж, Бямбаа  /гавьяат тамирчин/,

-Хүүхэд сурагчдаас Цэгмэд, Дашдаваа, Хадхүү, Батсүх, Батаа, Магсар /гавьяат дасгалжуулагч/, Цэрэнням, Сэр-Од, Дүүдий, Доржханд зэрэг олон нэр бичиж болох байна.

Нэр дурдсан тамирчдын олонхи нь спортод өндөр амжилт гаргасан. Харин зарим нь энд олсон хүч тэнхээндээ тулгуурлан өөр төрлийн спортод амжилт гаргасан нь хэд хэд.

Гунгаа багшийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Монголын хүндийн өргөлт 1954-1968 оныг хүртэл хэрхэн хөгжсөнийг архивт байгаа 1954 оны Улсын аваргын тэмцээний дүн, 1967 оны МБАТ-ий спартакиадын амжилтаас тодорхой. Энэ үед олон тамирчин спортын мастер болсон, зарим нь олимпийн норм биелүүлсэн болон түүнд тун ойртсон байжээ.

Гунгаа багшийн шударга зан, алдаа завхралыг хэнээс ч айлгүй хэлдэг нь түүний их үйлсэд саад тотгор болж байсан удаатай.

Хүндийн өргөлт хөл дээрээ зогсож, хөгжихийгээ харуулж, тухайлбал 1958 онд ах дүү армийн спартакиадад Бордух VI байранд орж 1959 онд Намсрай Москвагийн нэрэмжит тэмцээнээс анхны хүрэл медаль хүртсэн болон олон хүн спортын зэрэг ахиж байх чухам тэр үест буюу 1959 оны долдугаар сараас хүндийн өргөлтийг боксын хамт хаасан түүхтэй.

Үүнээс болж монголын хүндийн өргөлт анхны хэлмэгдүүлэлтээ үзсэн юм. Юу гэвээс хүнд өргөлт зогсонги байдалд орсноор ойролцоо амжилттай байсан орнуудын тамирчид урагш ахиж манайхан хоцорсон. Энэ нь 1964 он болон бүр цаашдаа нөлөөлсөн юм. Судалгаанаас харахад 1959 онд улсын рекорд 19-ийг тогтоож байсан бол тэр нь дараа жилүүдэд гурав хүртэл буурч байв. Мөн 1957 онд спортын мастертай болсон бол 1962 он хүртэл ганц ч мастер нэмж төрсөнгүй. Бас дээр дурдсанчлан анх гадаадад сургахаар явуулсан хоёр дасгалжуулагч мэргэжлээ сольж мэргэжлийн хүний ажиллах хугацаа хойшилсон гашуун сургамжтай. Хамгийн харамсалтай нь спортын зэрэг ахиж байсан сурагчид оюутан залуус хүндийн өргөлтөө орхиж ганц нэг нь л үлдсэн хэрэг.

А.Гунгаагийн уйгагүй зүтгэлийн үр дүнд хүндийн өргөлт 1961 онд дахин сэргэсэн боловч хуучин амжилтдаа хүрэхийн тулд 1964-1965 оныг хүртэл хүлээх шаардлага гарчээ. Спортын хэлмэгдэлт ийм хор уршигтай байдаг аж.

Түүх болгон үлдээхийн тулд А.Гунгаагийн ажлын үр дүнг харуулсан гурван зүйл судалгааг оруулав.

Монголын рекорд тогтоогч шавь нар /1967 он хүртэл/, рекордын тоо

 

Х. Намсрай – 7

Б. Цэгмэд – 20

Д. Дамдин – 5

Г. Батаа – 8

Д. Даш – 40

С. Дашзэвэг – 5

Д. Цамбахорлоо -3

Н. Сэр-Од – 1

Аюуш – 2

Цэдэвсүрэн – 2

Тайлбар. 1980 он хүртэл улсын рекордыг хот улсын түвшингээс дээш тэмцээнээр хүлээн зөвшөөрдөг журамтай байв. Сүүлд рекорд бүрт 50 төгрөгийн шагнал олгодог байлаа.

 

А.Гунгаагийн спортын мастер болгосон тамирчид: /1957, 1962-1967/

Х.Намсрай, Б.Цэгмэд, Д.Дамдин, Г.Батаа, Д.Даш, С.Дашзэвэг, Д. Цамбахорлоо, С.Хөхөө, Ш.Сүхээ, Н.Сэр-Од, С.Доржханд, Н.Номинчулуун, Р. Амгаасэд, Б.Дүүдий.

Тайлбар: Б.Цэгмэд мастерын нормыг 1961 оны арванхоёрдугаар сард Москва хотын дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн дээр биелүүлжээ.

А.Гунгаагийн шавь нарт ОУХ-ний мастерын зэрэг олгосон байдал, учир шалтгаан

Х.Намсрай -Ууган мастер, олон улсын анхны медаль хүртсэн.

З.Далхжав-Олимпийн норм анх биелүүлсэн, олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, олимпийн наадамд шахалттай өргөлтөөр долоод  орсон.

С.Дашзэвэг-ДАШТ дээр огцом өргөлтөөр зургаад орсон, дэлхийн дээд амжилтад ойртсон.

Б.Цэгмэд-Москвад болсон олон улсын тэмцээнд дөрөвдүгээр байр, Ригагийн тэмцээнд тавдугаар байр, Монголд болсон нөхөрсөг  уулзалтанд хоёр удаа тэргүүлсэн, нийлбэрээр ДАШТ-ий медалийн дүнд 7,5 кг ойртсон.

Д.Даш-Монгол Улсын дээд амжилтыг 50 гаруй удаа тогтоож, Монголд анх удаа 150 кг-аас дээш өргөсөн, ДАШТ-д хоёр удаа оролцсон.

Н.Сэр-Од-Олимпийн тэмцээнд гурван өргөлтөөр Монголоос анх удаа 400 кг өргөсөн.

Орчин цагийн өндөрлөгөөс харахад Гунгаагийн шавь нарын амжилт, түүний өсөлт нь хэт удаан мэт боловч тэр үеийн боломж, түүний мэргэжлийн түвшинтэй харьцуулж үзвээс гололтгүйгээр үл барам тэр маань дараа үеийнхнийгээ бодвол илүү шудрага, бүтээмжтэй ажилласан гэж дүгнэх ёстой. Тухайлбал холбооны дарга нь тэмцээний ерөнхий шүүгч хийж, нарийн бичгийн дарга нь бичиг хэргээ хариуцдаг, дасгалжуулагч нь тэмцээнд оролцдоггүй байжээ.

А.Гунгаа ажлаа өгснөөс хойш буюу 1970-аад онд холбооны дарга, нарийн бичиг нар тэмцээний ажиллагаанд шууд оролцохоо больсноос дасгалжуулагч нар дураараа дургиж, шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрөө сонгож, тамирчдын жинг будлиулах, дургүй тамирчны амжилтыг хуйвалдаанаар хүчингүй болгох, тэр бүү хэл тэмцээний тухай мэдээллийг өөрсөддөө ашигтайгаар өөрчлөн сонинд гаргасан явдал гарч байсан нь баримтаар нотлогддог. Чухам ийм шударга бус явдлаас болоод хүндийн өргөгчдийн дунд хагарал гарч тэр нь удаан үргэлжилсэн юм.

Сургууль төгсөөд ирсэн шинэ дасгалжуулагч хүчин чадалдаа хэт бардаж, гадаад оронд залуу тамирчдыг хурдан амжилтад хүргэж байгаагаас жишээ авч хууччуулаа халж, халахдаа дээр дурдсан шиг арга заль хэрэглэж байсан нь харамсалтай. Гэтэл манай оронд гадаадынх шиг нөхцөл огт байгаагүйн зэрэгцээ шинээр орсон залууст өмнөх үеийнхэн шиг байгалиас заяасан хүч тэнхээ дутагдаж байв.

Халагдсан тамирчдад амжилтаа ахиулах боломж байсныг жишээлвээс С.Дашзэвэг 1966 оны VIII сард 115 кг-ыг огцом өргөлтөөс өргөсөн нь дэлхийн дээд амжилтаас 7,5 кг доогуур, тухайн үед дэлхийд гуравт жагсаж байв. Б.Цэгмэд гурван өргөлтөөр 352,5 кг өргөсөн нь дэлхийгээс медаль хүртэгсэдээс бас 7,5 кг дутуу, мөн түлхэлтийн амжилт нь дэлхийн рекордод 17 кг ойр байсан юм.

Улс төрөөс болж 1967 онд дэлхийн аваргын тэмцээн болоогүйн дээр шинэ дасгалжуулагч учраа ололгүй 1968 оны олимпод явуулаагүй юм. З.Далхжав олимпийн норм биелүүлсэн, Б.Цэгмэд 2,5 кг-аар дутаасан байсан юмдаг. Иймэрхүү тамирчдаа додомдохын оронд халсан гашуун түүхтэй. Гэтэл залуус энэ түвшинд хүрэхийн тулд 1977, 1978 оныг хүлээх шаардлагатай болсон бөгөөд чухамдаа энэ үед залуус эрийн цээнд хүрч өндөр амжилт гаргаж байсныг тэмдэглүүштэй. Тэгээд ч 1990 он гэхэд манай тамирчдын амжилт Азиас медаль хүртэх түвшинд хүрч 1991 онд нэг өргөлтөөр анхны медаль, 1992 онд нийлбэрээр хүрэл медаль хүртэцгээж, өсвөрийн тамирчид мөнгө, алтан медаль хүртэж эхэлсэн бөгөөд 1992 он бол Монголын хүндийн өргөлтийн оргил үе байсан боловч дасгалжуулагч нар үг хэлээ ололцоогүйгээс хүндийн өргөлт гурав дахь удаагаа уналтад орсон.

Улсын төв архив болон сонины баримтаас ишлэн үзвээс Монгол Улсад хүндийг өргөлтийн спортыг үндэслэгч А.Гунгаа агсны бүтээлч үйлсийг доор дурдсанаар дүгнэж болох байна. Тэрээр хүндийг өргөлт сонирхогчдын хүрээнээс улсын хэмжээний спорт болгон хөгжүүлээд цаашид олон улс, тив дэлхийд гаргах эх суурийг тавьжээ. Үүнд:

-Чухлаас чухал мэргэжлийн багш бэлтгэхийн тулд бүр 1958, 1959 онд мэргэжлийн суурьтай залуусыг гадаадад сургахаар илгээж, дотооддоо түр сургууль байгуулж, Багшийн дээд сургууль дээр хүндийн өргөлтийн анги нээсэн нь дасгалжуулагч бэлтгэхийн зэрэгцээ сайн тамирчдынхаа ирээдүйг бодсон хэрэг болжээ.

-Өргөлтийн хэрэглэл, тоног төхөөрөмжийг дотооддоо бэлтгэх, гадаадаас нийлүүлэх асуудлыг цогц шийдэж байснаас гадна мэргэжлийнхээ хүнээр тийм ажлыг эрхлүүлж байжээ.

-Бүрдүүлсэн нөхцөлд тулгуурлан олон нийгэмлэг, сургууль, аймагт дугуйлангууд байгуулсны тоонд хүүхдийн бүлгэм багтана.

-Гадаадын туршлага судлах чиглэлээр зэргэлдээ Хятад, Казахстан, ОХУ-ын зах хязгаартай холбоо тогтоож, нөхөрсөг уулзалт  зохион байгуулж эхэлжээ.

-Олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцох боломжийг нээхээр Дэлхийн холбоонд улсаа элсүүлж, үүний тулд үндэсний холбоо байгуулаад, түүндээ эрх мэдэлтэй, эрдэм мэдлэгтэй, хүндийн өргөлтөд элэгтэй эрхмүүдийг оролцуулан дэмжлэг авч байжээ.

-Бяр тэнхээтэй хүүхэд залуучуудыг цуглуулан бэлтгэл хийлгэж, гурван удаа улсын шигшээг бүрдүүлж ажилласнаар 1957 онд спортын мастертай болсон бол түүний тоог 1967 онд 15 болгож, улсынхаа дээд амжилтыг 130 гаруй удаа шинэчлэн тогтоосон. Тамирчдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцуулж, олон улсын тэмцээнээс анхны медаль хүртэж ДАШТ-д 6 дугаар шагналт байр эзлэх түвшний тамирчидтай болсны дотор зарим нь олимпийн норм биелүүлж, зарим нь түүнд маш ойртсон байв.

-Олон улсын тэмцээнээс медаль хүртэж, 1962-1967 онд бусад спорттой харьцуулахад хамгийн олон спортын мастер төрүүлсэн. Монголын спортын мастеруудын 20 хүний нэг нь хүндийн өргөгч болсны учир тэргүүлэх спортын тоонд хүнд өргөлтийг оруулсан түүхтэй.

А.Гунгаа 1968 онд шинээр төгсөж ирсэн мэргэжилтэнд ажлаа өгснөөр дэлхийн аварга болон олимпийн тэмцээнд оролцох явдал унтарч, тамирчдын амжилт зогсонги байдалд орсон нь гашуун үнэн билээ.

-А.Гунгаагийн унаган шавь нар 1980 онд спортын мастерын тоог 50 хүргэж, улсынхаа рекордыг хоёр дахин олшруулж олон улсын түвшний мастер арваадыг бэлтгэж, хүндийн өргөлтийн сэргэлтийн үеийг эхлүүлжээ.

-Ямар нэг хэмжээгээр спортын дөр суусан тамирчдыг тив дэлхийн түвшинд хүргэж буй дасгалжуулагчтай харьцуулан үзэхэд Аюурзанын Гунгаа агсан бол хүндийн өргөлтийг хөгжүүлэхийн төлөө оюун бодлоо чилээж, биеэ хайрлалгүй зүтгэж явсан гавъяатай зүтгэлтэн байжээ.

Дашрамд А.Гунгаагийн унаган шавь нарын зарим нь мастер ангиллаар дэлхийн түвшний амжилт гаргасаар байгааг тэмдэглэхэд бахдалтай.

Эдгээрийг нуршин дурсахын учир юув гэвэл анхны сурагч шавийнх нь хувьд А.Гунгаагийн эхлүүлсэн их үйлсийн үнэн мөнийг  хойч үедээ хүргэх гэсэн юм. Бас төгсгөлд нь дараахь саналыг дэвшүүлж байна. Үүнд:

-Үндэслэгч А.Гунгаа агсны 100 жилийн ойг тэмдэглэж, үнэлэгдээгүй гавъяаг нь олон түмэнд хүргэх.

-Монголын Хүндийн өргөлтийн холбооны үүсэл 1956 гэснийг 1960 болгож бодит үнэнд нь нийцүүлэх нь зүйтэй.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Цэгмэд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.