Газарзүйн ухааны ноён оргил академич Д.Доржготов

Академичдийн хамт.

Монгол орны хөрс судлал, газарзүйн зураглалын талаар ярих бол түүний нэвтэрхий толь нь яах аргагүй академич Д.Доржготов юм. Монгол орны бүхий л хөрсийг “эргүүлж” тойруулж үзэж, олон улстай жишиж, нэр томъёог нь гаргасан  түүний эрдмийн бүтээл олон улсад ч тод мөртэй. Монголд анхлан хөрсний судалгааг эхлүүлж, өдгөө 50 гаруй жил дагнан судалж 300 гаруй ном, бүтээл туурвиж олон улсад үнэлэгдсэний тод жишээ нь Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг Монгол төдийгүй гадаад улсаас анх удаа академич Д.Доржготов хүртэж байв. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, эгэл жирийн эрдэм шинжилгээний ажилтнаас шинжлэх ухааны доктор, академич болох урт замыг туулсан их эрдэмтнийд амралтын өдөр саатсан юм.

Зочин маань арвин баялаг түүх намтартайн дээр бидний уулзалт сүүлийн 100 жилд анх удаа болсон эрдэмтдийн их хуралтай давхцсан нь ярих сонин ихтэй байлаа. Академич Д.Доржготов амралтын өглөө эртлэн босч хүрээлэнгээсээ хэдэн ном авчирлаа гэсээр биднийг угтав.

Гэрийн эзэн чөлөө завгүй судалгаа шинжилгээний ажилтай байдаг бол гэр бүлийн хүн ч зүгээр суухгүй багахан бизнес эрхэлдэг гэнэ. Эхнэр С.Буяннэмэх бидэнд цай, идээ дөхүүлэнгээ “Хөгшин бид хоёр тэтгэвэртээ гарлаа гээд зүгээр суугаагүй.Би гутал, цүнхний тоног зарна. Ажлын өдөр хоёулаа хоёр тийшээ гараад л явчихдаг. Амралтын өдөр хөгшинд хоол цайг нь хийж өгөөд амарчихдаг юм. Тааваараа гар, хөлөө хөдөлгөж л байхгүй бол гэрт зүгээр сууж чадахгүй юм” гэв. Ийнхүү бид нутаг ус, хол ойрын сонин хуучлах зуур академич Д.Доржготов “Дэлхий дээр 40 мянган жилд 200 гаруй тэрбум хүн  амьдарсан. Энэ олон хүний хүнс тэжээлийг хангаж, амьдрах орчныг бүрдүүлж байсан нь хөрс юм. Хүн эргээд бүгд хөрсөндөө шингэдэг. Гэтэл хөрс бүхнийг ариутгаж байдаг. Ийм л ид шидтэй юм. Саяхан шинэ судалгаа гарсан байна лээ. Дэлхий дээр байгаа амьд организмын 99.99 хувь нь нэг эст бичил амьтан. Тэгэхээр 0.01 хувь нь хүн, мал, амьтан бусад орнанизм гэж бодохоор бид бүгд бичил амьтны хоол.Тэр бичил амьтад хэдэн саяараа хүний дотор оршиж байдаг. Хүн хорвоогийн хаан нь мэт авирладаг ч бичил амьтны хоол шүү дээ. Сонин байгаа биз” гээд инээмсэглэсээр номын өрөөндөө урьсан юм.

МОСКВАД БЭЛТГЭГДСЭН ГУРВАН АКАДЕМИЧ

Зочин маань Төв аймгийн Баян сумын уугуул. Малчин гэр бүлээс гаралтай. Харин хоёр настайдаа зохиолч сэтгүүлч Дэчингунгаагийнд өргөгдөж ирснээр хотын хүүхэд болж, эрдмийн мөр хөөжээ. Аав нь “Улаан-Од”, “Эх орны манаа”, “Үнэн” сонинд ажиллаж байсан бол ээж нь кино үйлдвэрийн газарт эвлүүлэгч хийдэг байж. Бидний хамгийн сайн мэдэх Цогт тайж киноны эвлүүлгийг хийжээ. Бичгийн болон урлагийн салбарын хоёр хүний гар дээр өсч, хожим Москвагийн их сургуульд суралцсан талаараа Д.Доржготов “Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг 1957 онд төгсөөд Москвагийн их сургуульд хөрс судлалын мэргэжлээр суралцсан. Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр дээр гурван хүүхэд хуваарилагдсаны нэг нь би. Академич Б.Чадраа, Төрийн соёрхолт Жамъянсэнгээ бид гурав физик, хөрс, ургамал судлалаар Москвагийн их сургуульд явсан юм. Багшийнхаа зөвлөснөөр л хөрсний мэргэжилтэй болсон” гэв. Түүнийг 1962 онд сургуулиа төгсөөд ирэхэд өмнөх жил нь Шинжлэх ухааны академи байгуулагдаж, төгсч ирсэн жилээ Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны судлаачаар ажлын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш 2015 онд Газарзүй, геоэкологийн хүрээлэн болж өргөжих зэргээр хүрээлэнгийн өнгөрсөн үеийн түүхийг бичилцсэн цөөн эрдэмтний нэг нь юм. Тэрээр нэг байгууллагадаа 57 жил ажиллахдаа чухам Монголын газар нутгийн хүрээгүй хэсэг, судлаагүй хөрс гэж үгүй. Д.Доржготовыг төгсч ирэхэд хөрс судлалын мэргэжилтэй ганц, хоёрхон хүн байсан нь  ХААИС-д ажилладаг байсан бол тэрээр цэвэр судалгаан дээр ажиллахын хажуугаар их сургуульд хөрс, экологийн чиглэлээр олон жил багш, тэнхимийн эрхлэгч хийжээ. Академич Д.Доржготов Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн захирлаар 20 гаруй жил ажиллаж энэ салбарт сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ шингээхдээ дотоод, гадаадын олон ч газраар явж туршлага судалсан байна. Энэ хугацаанд олон сайхан шавь нар бэлтгэсний дотор 20 эрдэмтний эрдмийн ажлыг удирдаж, дэд эрдэмтэн, докторыг улсдаа бэлтгэж өгчээ. Харин эхнэр С.Буяннэмэх нь биохимич мэргэжилтэй. Бактери шинжилгээний газар, эрүүл ахуй нян судлалын хүрээлэнгээс эхлээд сүүлд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болтол нь 30 гаруй жил ажиллаад гавьяаны амралтаа аваад байгаа юм.  Монголчууд тариа, вакцинаа өөрсдөө үйлдвэрлэж байсан үед хариуцлагатай алба хашдаг байсан талаараа “Хүмүүс микробоос зугтдаг бол би үржүүлдэг байлаа. Цагийн сайханд тарван тахал, галзуу, цэцэг өвчин гээд бүгдийг нь бид өөрсдөө үйлдвэрлэдэг байлаа. Одоо бол гадаадаас л авчирч байна даа” гэсэн юм. Эднийх гурван хүү, нэг охинтой. Хүүхдүүд бүгд хувийн бизнес эрхэлдэг бол ач нар Бельгид орчин судлал, олон улсын харилцаагаар эрдмийн зэрэг хамгаалж ажиллаж байна.

Д.ДОРЖГОТОВЫН АМЬДРАЛ ХӨРС СУДЛАЛ, ГАЗАРЗҮЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТҮҮХ, ТОЛЬ БИЧИГ НЬ ЮМ

Гэр бүлийн хамт.

Академич Д.Доржготовын амьдрал тэр чигтээ хөрс судлал, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн түүх, толь бичиг нь юм. Тэрээр нэг удаа ч өөр байгууллагад ажиллаж, өөр салбар руу хэлтийж байсангүй. Тиймээс энэ эрхэм хүнтэй уулзсаных Монголын хөрс судлалын нөр их бүтээлээс нь багахан ч болов уншигчдадаа хүргэхийг зорилоо. Тэрээр Монголын хөрсний онцлогийн талаар хэлэхдээ “1962 онд судалгаа шинжилгээ тун бага байлаа. Бааз суурь ч байсангүй. Хамгийн анхны судалгааг манай хүрээлэнгийнхэн хийж 1974 онд Хөрс судлалын тасаг, лаборатори байгуулсан.Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд анхны судалгаагаа хийж, хөрсний зургийг зохиож байлаа. Булган, Хөвсгөл, Архангай гээд Монголын бүх газар нутгаар тасралтгүй явсан. Манай орон их өвөрмөц. Хуурай эрс тэс уур амьсгалтай, нутгийн ихэнх нь говь, тал хээр, цөл, өндөр уултай. Монголд 40 хэв шинжийн хөрс бий.  Хар хүрэн, хар шороо, хүрэн, бор, цайвар, цөлийн бор, хэт гандуу  зэргээр ангилж, хэв шинжээр нь ангилсан. Тухайн үед одоогийнхтой харьцуулахад хөрс эрүүл, эвдрэл багатай байлаа. Гэхдээ л атрын сангийн аж ахуйн хөдөлгөөн өрнөж, газар тариалан эрчимтэй хөгжиж байсан үе. Газар үржил шимтэй. Ургац арвин байсан. Ер нь газар тариалан хөрсний үржил шимийг түшиглэдэг” гэсэн юм. Хөрсний чанарын үнэлгээгээр хамгийн сайн нь хар шороон хөрс байдаг. Яг ийм сайн чанарын хөрс Сэлэнгэ, Орхонтуул, Төв аймаг, Онон улз, Халх гол, Хэнтийн зарим хэсэгт элбэг байдаг аж. Харин тааруухан хөрс нь голдуу цөл нутаг, Алтайн өвөр говьд бий гэсэн сонирхолтой судалгааг хийжээ.

Харин сүүлийн жилүүдэд хөрс эвдэрч, доройтож байгаад сэтгэл эмзэглэж явдгаа хэлсэн юм. Ялангуяа, хөдөөд айл бүр машинтай болж, хүссэн газраараа зам гаргаж талхаж байгаа талаар “Байгаль хувьсч өөрчлөгдөж байгаа дээр хүн, техникийн буруутай үйл ажиллагаа байгалийг доройтуулж байна. Хөрсийг эвдэлж, доройтуулж байгаа нэг гол хүчин зүйл бол шороон зам. 1980-аад оны сүүлчээр гаргасан судалгаагаар Монгол орны замын талбай 600 орчим мянган га байсан бол одоо лав 3-4 дахин нэмэгдсэн. Хэчнээн салаа зам байгаа юм бүү мэд. Сэтгэл түгшмээр. Хөрс их эмзэг.Орос, Украйны хөрс 2-3 метр зузаан байдаг бол манайх 20-30 см, хөрсний давхарга их нимгэн. Говь руу бол бүр нимгэн. Ийм хөрс салхи, усанд элэгдэхээс гадна олон хүчин зүйл нөлөөлж байдаг” гэв.

Харин хөрсийг хэрхэн хамгаалах вэ гэхэд“Ургамал, бичил биетэн, амьтан газар дээрх бүх амьд организмыг хөрс тэжээж байдаг. Харин үржил шимийг бид ашиглаж байна. Хөрсний гол функц бол амьд организм, хүн нийгмийн хүнсний хэрэгцээг хангах гол эх үүсвэр нь хөрсний үржил шим. Хөрс эрүүл ахуйн чухал үүрэгтэй. Хөрсөнд булдаг бүх муу бүхэн өвчний нян, бохирдлыг хөрс илааршуулж, ариутгаж байдаг. Амьд биетийн амьдрах орон гэр, хамгаалалт болж өгдөг. Энэ мэтээр олон функц бий л дээ. Хөрсний эвдрэл, бохирдлоос болж сүүлдээ ямар ч хөрсгүй болж байна. Улаанбаатар болон хот суурин газар ямар ч хөрсгүй, зүгээр шороо болсон.

Монгол тариалангийн орон биш. Хөрсний нөөц бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйд зориулагдсан. Хөрсийг хамгаалахад их анхаармаар байна. Хэчнээн мянган га талбай шороон зам бий болж хөрсийг сүйтгэж байгааг анхаарахгүй бол том аюул болно. Шороон замыг дагасан утаа, автомашины дугуйны элэгдэл, тос хаягдлаас бол зөвхөн эвдрэхгүй бохирдоно. Ийм орчинд байгаа малын ашиг шим ямар байх вэ. Уурхайн олборлолт, ашиглалтын химийн бодис урвал хөрсийг бохирдуулна. Байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, зөв бордоо ашиглах хэрэгтэй” гэсэн юм.

ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ БҮТЭЭЛ ТУУРВИСАН ЭРДЭМТЭН

Д.Доржготовын бүтээлүүд.

Академич Д.Доржготовын судалгааны бас нэг томоохон чиглэл нь зураглал. Түүний шинжлэх ухаан салбарт оруулсан томоохон хувь нэр, гүйцэтгэсэн үүрэг бол  Монгол орны Үндэсний атласыг түүхэндээ хоёр удаа хэвлэгдэхэд ерөнхий хянагчаар нь ажиллаж, өөрийн судалгаа бүтээлээ нийтлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол орны нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүн амын 30 жилийн өөрчлөлтийг харуулсан Монголын Үндэсний атлас 1990, 2009 онд хэвлэгдсэн бол гурав дахийг нь Англи, Монгол хэл дээр ирэх жил хэвлүүлэхээр эрдэмтдийн хамт шаргуу ажиллаж байгаа аж. Үндэсний атласын 30 жилийн өөрчлөлтийн талаар товчхон мэдээлэл өгөхдөө “Хүннүгээс эхлээд өнөөдрийг хүртэлх Монголын түүх зураг, археологийн олдвор, байгаль орчин, хүн ам, эдийн засгийн хөгжлийн судалгаа атласт багтдаг. 30 жилд байгаль орчны хувьд хүний нөлөө, уул уурхайгаас доройтож буй газрын хэмжээ нэмэгдсэн. Монгол орны газар нутаг бүхэлдээ доройтох, алдрах хандлага ажиглагдаж байна. Янз бүрийн химийн бордоо их хэрэглэж байгаагаас тариалангийн үржил шим муудаж, хөрсний шинж чанар өөрчлөгдсөн. Хот тосгон, сум суурингийн ойролцоо бүр мөсөн хөрсгүй болсон. Малын бэлчээр, газар тариалан гээд хөрсгүй бол хоолгүй болно л гэсэн үг” үг хэмээлээ.

Академич Д.Доржготов Монгол орны хөрсний зургийг хамгийн анх 2500000 масштабтай зохиож 1973 онд хэвлүүлсэн. Хөрс газарзүйн мужлал, ангилал, эвдрэл, үндэсний атлас, Орос, Англи дээр хэвлэгдсэн Байгаль нуурын сав газрын атлас, Монгол орны экосистемийн атлас, Монголын үндэсний нэвтэрхий толь, Хятад хэл дээр хэвлэгдсэн олон үндэстнийг хамруулсан Монгол судлалын нэвтэрхий толь гээд 300 гаруй бүтээл туурвижээ. Мөн хөрс судлалаар Орост эрдмийн зэрэг хамгаалсан. Энэ мэтээр эх орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх бүтээл туурвисан түүнд Төв Ази судалдаг эрдэмтэнд олгодог Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг өнгөрсөн жил тус улсын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн Их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч, академич Н.С.Касимов хүрэлцэн ирж гардуулж байв. Анх удаа гадаадаас хүн шагнасан нь академич Д.Доржготов бөгөөд Оросоос ч энэхүү нэр хүндтэй шагналыг цөөн эрдэмтэн хүртэж байжээ. Энэ талаар “Газарзүйн судалгаа их эртний түүхтэй. С.М.Пржевальский 1870 онд Монгол Улсад анх ирж байснаас хойш 150 гаруй жил манай улс оросуудтай хамтран судалгаа хийж, арвин нөөц материал цуглуулсан. Энэ шагнал бол зөвхөн  миний судалгааны ажилд олгосон юм биш. Монгол Улсын Газарзүйн шинжлэх ухааныг олон улсын түвшинд тодорхойлсон шагнал юм” хэмээн товчхон хэлсэн юм. Ийнхүү түүний номын өрөөнд дэлгэсэн бидний яриа өчигдөрхөн болсон эрдэмтдийн их хурлын сонин сайхнаар үргэлжлэв. Анхдугаар их хурал хийсэнд Д.Доржготов академич төдийгүй эрдэмтэд сэтгэл хангалуун байгаа талаар хэлэхдээ “Өмнө нь шинжлэх ухааны салбарын зөвлөгөөн болж байсан. Харин 1921 оноос хойш эрдэмтдийн их хурал болж байгаагүй юм. Одоо бол шинжлэх ухааны байгууллага хүнд байдалд орж үлдэгдлээр санхүүжиж байна. Хүний нөөц, хөрөнгө оруулалт, чадавхи маш сул байна. Багаж төхөөрөмж гэхэд гаднаас гуйж авдаг. Эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин үнэхээр хангалтгүй. Их сургуулийн багш нараас хоёр дахин бага. Залуучууд эрдмийн зэргээ хамгаалчихаад их сургууль юм уу гадагшаа ажиллахаар явчихдаг. Энэ салбарт тогтож үлддэг хүнгүй болсон. Тэдний буруу биш шүү дээ. Миний ач хүү хүртэл Бельгид эрдмийн зэргээ хамгаалчихаад тэндээ ажиллаж байна. Энэ их хурлаас үр дүн гарах байх найдаж байна. Нэлээд ул суурьтай зөвлөмж гаргалаа. Шинжлэх ухааны салбарт зардаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар нухацтай ярилцлаа” гэж байна. Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн ч одоо ч гэсэн судалгаа шинжилгээний бүтээлээ туурвиж, Газарзүй гео экологийн хүрээлэнгийнхээ залууст мэдсэн сурснаа харамгүй түгээж буй доктор, профессор, академич Д.Доржготовын амьдралын уран бүтээлийн нэгээхэн хэсгээр аяласан нь энэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bagshdaa murgumuu 2019-10-01 13:14:53
    Amidraliin zamd tushij erdmiin harguid hutulsun ih bagshdaa murgumui. Urt udaan nasalj tumen shavidaa surgaalaa hairlaarai.
  • зочин 2019-10-01 02:00:09
    энэ зөнөг газарзүйн хүрээлэнг тараасан, хор найруулж олон эрдэмтэдийг зайлуулснаа яагаад бичдэггүй юм. Одоо хүртэл ашиг сонирхлын хүрээнд зарим судлаачдыг дарда...
  • зочин 2019-09-30 01:38:54
    Энэ үнэхээр мундаг хүн энэ хүний энэ их мэдлэг ухааныг авч үлдээрэй дээ хойч үе минь