МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянга болгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын анхдугаар зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. 39 мянга орчим оюутан аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээ зэрэг 16 салбарт 230 гаруй мэргэжлээр суралцаж байна. Харин өчигдрийн зөвлөгөөнд 800 орчим төлөөлөл оролцов. Тэд ажиллах хүчний хөгжил, аж үйлдвэрийн хувьсгал, инноваци, бүтээмжтэй уялдсан зах зээлийн эрэлт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

У.Хүрэлсүх: МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИД УС, АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, уул уурхай, автозам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгтэй байна. Цаашид аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүд байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургах зэргээр идэвхитэй ажиллах шаардлагатай байна гэдгийг онцоллоо.

ХНХ-ийн сайд С.Чинзориг: БАГШ НАРЫН АЖИЛЛАХ ЦАГИЙГ 36 БОЛГОЖ БАГАСГАНА

Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлд мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Мөн сургалтын агуулга, аргазүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байна гэдгийг онцлов. Мөн тэрээр “ Багш нарын зүгээс ачааллыг бууруулах, багц цаг нь 45 байгааг 36 болгож буурууллах гэх мэт тулгамдсан асуудлуудыг нь бас өнөөдөр Ерөнхий сайдтай ярилцаж шийдвэрлэх үүрэг чиглэл авлаа. Багш нарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газраас аль болох шийдвэрлэж байна. Нөгөө талаас Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад залуучуудыг сурах сонирхлыг нь хөхиүлэн дэмжиж, сар тутамд 100 мянган төгрөгийн степент олгож байна. Нийтдээ 35 орчим мянган залуус энэ тэтгэлгийг авч байна. Ирэх оноос тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэхээр 2020 оны улсын төсөвт тусгаж оруулсан. Нийтдээ 80 тэрбум төгрөгийг тэтгэлэгт зарцуулна” гэлээ.

Дархан-Уул аймаг дахь политехник коллежийн математикийн багш Б.Болормаа: БАГШ БЭЛТГЭХ ТОГТОЛЦОО ХОЦРОГДСОН

– Ерөнхийдөө багш нарын зүгээс хэд хэдэн саналууд хэлж байна. Багш бэлтгэх тогтолцоо маань хоцрогдсон. Мэргэжлийн боловсрол сургалтын байгуулагуудад мэргэжлийн багш нар бэлтгэдэг тогтолцоог өмнөхөөсөө илүү сайжруулъя. Мөн багш нарын нийгмийн асуудал, орон сууцанд хамруулах гэх мэт асуудал тавьж байна. Мөн нэг чухал асуудал нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нар тоостой хэцүү орчинд ажилладаг. Тиймээс эрүүл мэндийг нь хамгаалах чиглэлээр төсөвт суугдсан 0.5 хувийн мөнгийг тэр нэрээр нь суулгах чиглэлээр саналтай байна гэлээ.

Гагнуурчин Т.Оюун-Эрдэнэ: БИД ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИН АВЧ БАЙНА

-Би өөрөө сонирхлоороо энэ мэргэжилд татагдсан. Наймдугаар ангид байхад аав маань гагнуур хийлгэж үзүүлээд, есдүгээр ангиа төгсөөд гэрийнхнээсээ зөрж байгаад коллежид гагнуурчин мэргэжлээр суралцсан. Гагнуурчин мэргэжил дотроо зэрэгтэй байдаг. Гагнуурынхаа зэргээс хамаараад цалин мөнгөний асуудал яригддаг. Би цалин маань хангалттай гэж боддог.

Залуучууддаа хандаж хэлэхэд заавал их дээд сургууль гэхгүйгээр мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвүүдэд сар бүр цалин авч суралцаад, төгссөний дараа ажлын байр ч олдоцтой байдаг учраас мэргэжлийн сургалтын чиглэлийг илүүтэй сонирхож суралцаарай гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АМ 2019-10-06 02:28:35
    МСҮТ ӨМНӨ ТМС НЭРЭЭР МАШ ЧАНАРТАЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭДЭГ БАЙЛАА. ГОЛ НЬ 200.000 ТӨГРӨГТӨӨ БИШ МӨНГӨ ӨГЧ ГУЙЖ СУРГАХГҮЙ. ГОЛ НЬ ЧАНАРТАЙ СУРГАЛТ...
  • Зочин 2019-10-04 03:11:38
    бид нарын цалин маш бага жишээ нь сахиул үйлчлэгч нярав бичиг хэрэг, архив гэх мэт хүмүүсийн багш нар бол боломжийн цалин авчихдаг үүнийг төр засаг харж үзэх