Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын томилгоог хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэнэ.
 Нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна. Тэрбээр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.
 Нэр дэвшигч Д.Ганзоиг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.
  Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж. 

Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.