Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэрхэх талаар парламент суудалтай намууд юу хэлэв
Парламент бүтэн зуны турш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлгийг нь өнгөрсөн сард дуусгасан. Улмаар Үндсэн хуулийн төслийг батлах эсэхийг ард түмнээсээ асуухаар шийдвэрлээд байв. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хэдийгээр МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй хэмээн байр сууриа нэгтгэсэн ч чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэж дуусаад санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хоригийг хүлээн авахыг дэмжив.  

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд  хүчингүй болж байна.  Тиймээс дахин Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол батлах уу, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үү гэдэг хувилбар яригдаж байна. Үүнтэй холбогдуулан парламентад суудалтай намууд дараах байр суурийг илэрхийлж байна.
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бидэнд хоёр гарц бий. Эхний шийдэл нь өмнөх гаргасан тогтоолоо өөрчилж засаад ард нийтийн санал, асуулга явуулж болно. Мөн  гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг батлах боломжтой. Манай бүлэг дээрх хоёр хувилбарыг хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. МАН-аас тав, АН-аас гурван гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шинэ намын дарга Ж.Батзандан нар ажлын хэсэгт байгаа. Бүлэг хэлэлцээд зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байсан. Гэхдээ эрх баригчдын хоёрдугаар хэлэлцүүлгийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын санал тусгагдаагүй. Ерөнхийлөгчийн саналаас цөөн тусгагдсан.  Засаглалын хэлбэрээ тодорхой болгож, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг АН гаргасан. Бид сонгуулийн тогтолцоогоо аль болохоор иргэд, олон түмэнд нээлттэй, тодорхой болгох саналыг тавьсан байгаа. Бидний тавьсан саналыг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн өөрчлөлтийг цааш үргэлжлүүлэхгүй.
 
 ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн долоо хоногт УИХ хүлээж авсан. Энэ хоригийг хүлээж авсан тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлах хоёр зам байгаа. Нэгдүгээрт, гуравдугаар хэлэлцүүлгээр оруулж УИХ-ын түвшинд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх. Хоёрдугаарт, хоёрдугаар хэлэлцүүлгээ хаасан чигээрээ Ард нийтийн санал асуулгыг ирэх онд болох УИХ-ын сонгуультай хамт явуулах боломжтой. ШИНЭ намын Зөвлөл Үндсэн хуулийн төслийг батлахдаа 2020 оны УИХ-ын сонгуультай хамт Ард нийтийн санал асуулгаар оруулж батлах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна.
 
 
 П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.