Б.Эрдэнэбилэг:Сэтгэл, зүтгэлтэй байхад амжилт өөрөө ирдэг

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Эрдэнэбилэгийг урьлаа. Тэрээр Онцгой байдлын албатай ажил, амьдралаа холбоод 15 дахь  жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

-Ажил, амьдралын гараагаа эхэлсэн дурсамжаар тань яриагаа эхэлье?

Юуны өмнө Онцгой байдлын байгууллагынхаа нийт алба хаагчдын энэ өдрийн амрыг эрье. Миний бие 2000 оноос хойш өнөөг хүртэл Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэн, хүлээсэн үүргээ биелүүлж явна. Анхны ажлын гараа НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангиас эхэлж байсан. Харин Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангидаа 2013 оноос хойш зургаа дахь жилдээ ажиллаж байна.

– Анхны даалгавар, дуудлага мартагдашгүй дурсамжаас гадна ажлын онцлогийг таниулдаг байх. Таны хувьд анх ямар дуудлагаар  үүрэг гүйцэтгэж байсан бэ?

Анх Хархорин захын хойд талын 19 дүгээр байрны 7 давхрын балкон дээр гал гарч байна гэсэн дуудлага байсан. Дуудлагаар очоод ангийн захирагчтайгаа хамт довтолгооны шат ашиглан дээш гарч, галыг унтраасан тэр үе үгээр хэлэмгүй сайхан санагдаж, урам зориг авч байлаа. Гэхдээ ажилд ороод удаагүй байхдаа үүрэг гүйцэтгэж байсан нэг дуудлага одоо ч боддог л юм.

-Зарим тохиолдолд хэцүүг нуух биш ил болгох нь бусдад сургамж, туршлага болдог. Би таниар яриулах гээд байна л даа?

  2001, 2002 оны үед өглөө ээлж хүлээлцэхийн өмнөхөн дуудлага ирсэн. Биднийг очиход 18 дугаар /тухайн үед 26 дугаар ангид ажиллаж байсан/ ангийнхан үүрэг гүйцэтгэж байлаа. Дуудлагын хувьд подвольд үйл ажиллагаа явуулдаг саун массажны газарт гал гарсан байсан. Тэнд байсан хүмүүс дотор нэг эмэгтэй хүн байгаа гэсэн мэдээллийн дагуу хайгаад олоогүй. Гэтэл галаа бүрэн унтраасны дараа тухайн эмэгтэйн цогцсыг шатны хөндийгөөс олсон. Галаас зугтааж гарах гэж яваад л эндсэн юм шиг байгаан.

-Харамсалтай юм. Энэ мэт олон удаагийн дуудлагаар л үүрэг гүйцэтгэж байгаа байх. Эсрэгээрээ хэдэн хүний амь насыг авран хамгаалав гэдгээ тооцож байсан уу?

Хүний амь нас, эд хөрөнгийг аюулаас авран хамгаална гэдэг бол маш том буян шүү дээ. Ийм буянтай ажилтай болохоор тэр бүр тооцоо гаргаад байдаггүй. “Анун” төв, “Говь” ХХК-ийн ахуйн гал түймэр, Сэлэнгэ аймаг, нийслэлийн ногоон бүсэд гарсан ой, хээрийн түймрийн дуудлагуудаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Харин сүүлийн жилүүдэд үер, усны дуудлагаар ихэвчлэн ажиллаж байна.

Ингэхэд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нэг болж, үүрэг гүйцэтгэхэд юу нөлөөлсөн бэ?

 Аав маань Гал түймэртэй тэмцэх байгууллага гэж байхад автомашины жолоочоор 20 гаруй жил ажилласан хүн байдаг. Хүүхэд байхдаа аавыгаа дагаад Баянхошууны сургалтын төвд зохион байгуулагддаг гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнийг үзэж, сонирхдог байлаа. Тухайн үедээ би энэ ах нар шиг л хүн болно гэж боддог байсан. Энэ  мөрөөдлөө арван жилийн сургуулиа төгсөөд л биелүүлсэн дээ.

-Гал унтраах техникийн олон төрөлт спортод дурлаж энэ албыг сонгосон гэж ойлгож болох уу. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

 Бололгүй яахав. Анх ажилд орчихоод албаныхаа онцлогийг ойлгоогүй шантарч байсан үе бий. Гэхдээ дуудлагаас дуудлага бүрт аврагч хүний л хийх ажил. Олон аавын хүүхдүүд энэ албыг нэр төртэй хашиж байхад би яагаад чадахгүй гэж өөртөө урам өгөөд л ажилласан. Гал унтраах техник спортын хувьд гэвэл 2002 оноос хойш хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд бүсийн болоод улсын аварга шалгаруулах тэмцээнд баг хамт олноороо амжилттай оролцож, 2006 онд спортын мастерын зэрэг хамгаалсан амжилттай. Мөн 20 гаруй медалийг энэ спортоос хүртэж байсан.

-Сэтгэл, зүтгэл, тэвчээр хосолсон хүний хийдэг ажил гэж аврагчийн мэргэжлийг ойлгодог. Ер нь аврагч хүн ямар байх ёстой юм бэ?

Яг тийм. Та оноод хэлчихлээ. Таны хэлснээр хамгийн чухал нь чин сэтгэл. Сэтгэл, зүтгэлтэй байхад л амжилт өөрөө ирдэг гэж ойлгодог. Мөн бие бялдрын болоод сэтгэлзүйн хувьд байнгын бэлтгэлтэй байх ёстой. Ямар ч төрлийн дуудлагад очиж болно шүү дээ. Аюулаас хүмүүс зугтаж байхад аврах гээд аврагчид бид л гараа сунгадаг. Тийм болохоор өөрийгөө дайчлан суралцаж л байх хэрэгтэй. Хэдийгээр 15 жил үүрэг гүйцэтгэсэн ч дуудлага бүрт суралцсаар л байна.

Энэ их ажлын хажуугаар ар гэрээ орхигдуулахгүйгээр авч явна гэдэг чанга даваа. Ар гэргүй мэт зүтгэж, ажилгүй мэт ар гэртээ анхаарал тавих ёстой юм шиг?

 Тийм шүү. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхэдтэй. Том охин маань 9 настай, хоёр бага нь 8 настай ихэр. Албан ажлаа санаа зоволгүй гүйцэтгэх бүхий л боломжийг гэр бүлийнхэн маань олгодог. Ханьтайгаа энэ албанд орсон хойноо танилцаж байсан болохоор ажлыг минь их хүндэтгэнэ. Цаг наргүй, гэрийн бараа бага хардаг болохоор чөлөөт цаг гарвал л эхнэр, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг боддог доо.

-Алба маань жил ирэх бүр л шинэ алба хаагчдаар эгнээгээ тэлж байна. Шинэ залуу алба хаагчдаа сургаж, дадлагажуулахад хэр гар бие оролцож байна даа?

Миний хувьд гэхэд ангидаа хамгийн олон жил ажиллаж байгаа алба хаагчдын нэг. Шинээр олон залуус ангид томилогддог. Зүтгэлтэй, хүний хэлсэн ярьсныг ажил хэрэг болгоод ажиллаж байгаа залуус ч байна. Шантраад ороод удалгүй ажлаас гарч байгаа ч тохиолдол байна. Өөрийнхөө мэддэг бүхий л зүйлээ зааж сургадаг. Энэ бол залгамж халаагаа бэлдэж байгаа л асуудал шүү дээ.

-Ярилцсан танд баярлалаа. Таны амьдралд аз жаргал, ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе?

  Онцгой байдлын алба маань жилээс жилд өргөжин, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон дүрэм, журмыг батлуулан ажил хэрэг болгож, автомашин, техник хэрэгслийн шинэчлэлийг хийж байгаад алба хаагчийн хувьд баярлаж талархдаг. Нөгөө талаар төр, ард иргэд маань өндрөөр үнэлж, дэмжиж байгаа учраас улам илүү л ажиллах ёстой гэж ойлгож байгаа. Ингээд үйлс, зорилго нэгтэй нийт алба хаагчдадаа  ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.