Парисийн Дарь эхийн сүмийг сэргээхэд чулуужсан мод ашиглана
Францын хамгийн алдартай 850 жилийн түүхтэй готик загвараар баригдсан Парисын Дарь эхийн сүм өнгөрсөн дөрөвдүгээр сард шатсан. Энэ сүмийг сэргээн босгоход Гана улсын нуурт удаан хугацаагаар хадгалагдсан моддыг ашиглах боломжтой юм байна. Ялангуяа, энэ сүмийн шовх орой болон дээврийг дахин барихад хэрэглэхэд зохимжтой ажээ. Гана улсын Акосомбо даланг 1965 онд барих үеэр Волта нуурын сав газар үерлэсний улмаас халуун орны ой усан доор орсон байна. Харин одоо Засгийн газраасаа энэ моддыг ашиглах зөвшөөрлийг Гана улсын “KeteKrachi Timber Recovery” компани авчээ. Тиймээс энэ компанийнхан алдарт Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлахад энэ моддыг ашиглаж болно гэж үзэж байна. Ингэснээр сүмийг дахин засварлахад шинэ моддыг тайрахгүй учраас байгаль орчинд ээлтэй үйлдэл болно хэмээн үзэж байгаа аж. Энэ модыг нь бусад модтой харьцуулахад илүү тэсвэртэй. Учир нь нуурын намгархаг байдал нөлөөлснөөр ялзарч муудалгүй сайн хадгалагдсанаас гадна чулуужиж эхэлсэн гэж мэдэгджээ. Зарим мэргэжилтэн энэ саналыг нь ухаалаг шийдвэр гэж үзсэн бол бусад нь эко системд хор хөнөөлтэй үр дагавар учруулж болно гэж сануулсан байна. Компанийн зүгээс энэ хүсэлтээ Францын Засгийн газарт тавьсан байна.
 
XII зуунд баригдсан энэ сүмийн шовх хэлбэртэй дээвэр, билэг тэмдгийг хийхэд царс голдуу 1.3 сая мод ашигласан аж. Тухайн үед сүмийг барихад 52 га газрын моддыг тайрсан нь хөлбөмбөгийн 26 талбайтай тэнцэх газар юм байна. Францын өв соёлын дурсгалт зүйлсийг хадгалах нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Бертранд де Фейдо “Франц улс сүмийг барих үеэр ашигласан шиг хэмжээний том царс мод байхгүй” гэв. Гана улсын “KeteKrachi Timber Recovery” компанийн захирал Францис Калици “Бид Франц улсын сүмийг дахин сэргээхэд хүрэлцэх хэмжээний  царс модтой гэж бодохгүй байна” гэжээ. Гэхдээ нуурын дор хадгалагдсан африкийн хатуу моднууд чанарын хувьд царс модтой адилхан. Францын Соёлын сайд Жереми Патриер Лейтус “BBC” агентлагт “Одоогоор сүмийг дахин барихад мод ашиглах эсэхийг мэдэхгүй байна. Бид дурсгалын цогцолборыг барих үйл явцын талаар хэлэлцэж байна. Дараа нь сүм болон дээврийг сэргээн барина” гэж ярьсан байна. Харин Оксфордын их сургуулийн архитектур, дундад зууны үеийн Франц болон их Британийн урлагийн мэргэжилтэн Кати Оакес “Волта нуурын моддыг Парисын Парь эхийн сүмийг барихад ашиглаагүй. Гэхдээ дундад зууны үеийн барилга, тавилгыг хийхэд их ашигладаг байсан намгийн царстай адилхан байж болно” хэмээн ярьжээ. Тэрээр “Удаан хугацаагаар усанд хадгалагдсан мод нь царс модтой адилхан хатуу, эдэлгээ удаантайгаараа төстэй” гэсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.