Өлсгөлөнгүй дэлхийн төлөө өнөөдөр зохистой хооллоё

“Дэлхийн зэрлэг байгалийг хамгаалах сангийн тайланд дурдсанаар хүн төрөлхтөн хоолны зохисгүй хэрэглээний улмаас 2050 он гэхэд хүнсний хурц хомсдолд орж болзошгүй байна. Ганцхан жилийн дотор 1.3 тэрбум хүнийг өлсгөлөнгөөс аврах боломжтой хоол хүнсийг бид зүгээр л хог болгон хаяж байна. Яг одоо хэн нэг нь хоол нь амтгүйг гайхаж, хаяж байхад, хаа нэгтээ хүүхдүүд өлссөндөө уйлж байна. Энэ бүх учир шалтгааныг ч мэдэлгүйгээр өөлж хаясан хоолны үлдэгдэл байгальд хэчнээн хор хохирол учруулдаг гэдгийг хүн бүхэн ойлгоосой” хэмээн нэгэн сурагч эссендээ бичжээ. Хэдийгээр дэлхийн бүх хүн амд хүрэлцэхүйц хэмжээний хүнс үйлдвэрлэж байгаа боловч өнөөдөр дэлхий даяар 820 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хоол хүнсээр дамжуулан авбал зохих 2100 калорыг авч чадахгүй байна. Харин энэ тооноос хоёр дахин их буюу 1.9 тэрбум хүн илүүдэл жинтэй байгаагаас 600 сая гаруй нь хэт таргалалттай байгаа нь өлсгөлөнгийн өөр нэг хэлбэр буюу шим тэжээлийн алдагдал ноцтой байдалд хүрснийг харуулж байна. Түүнчлэн нийт улсын ган гачиг хөдөө аж ахуйн эдийн засгийн бууралтад 83 хувь хүртэл нөлөөлж байна.
Дэлхийн Хүнсний өдрийн арга хэмжээний цар хүрээг тэлэх зорилгоор Сүхбаатарын талбайд хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд Монгол үндэсний урлагийн тоглолт, ёс заншил, уламжлалт цайны ёслол, танилцуулж, хэрэглэгчдэд эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хүнсний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хүнс үйлдвэрлэгчид эх орны хөрсөнд ургасан, эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнүүдээ танилцуулахын сацуу мэргэжлийн байгууллагууд иргэдэд эрүүл хүнс-зөв хооллолтын талаар зөвлөгөө өгч байсан юм. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулж, бүтээгдэхүүний дээжээсээ бэлэг болгон гардуулж байсан юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Мал аж ахуй, газар тариалангийн нөөцийг бүрэн ашиглах, импортыг орлох, экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангаж Монгол хүн бүр эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэн, энэ онд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Дотоодын зах зээлээ хамгаалж, гадаадаас чанаргүй импортын бүтээгдэхүүн оруулж ирэхгүй байхад чиглэж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажиллана. ЕБС-ийн сурагчдын 45 хувь нь өглөөний цайгаа тогтмол уудаггүй гэсэн судалгаа гарсан байсан. Өглөөний цай хөдөлгөөний хүрээнд хүнсний чиглэлийн чиглэлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран Монгол хүнд тохирсон өрхийн орлогын төвшинд нийцсэн цэсүүдийг боловсруулж гаргана” гэсэн юм.

Энэ үеэр НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа “ Монголын нийт хүн амын 12 хувь нь хэрэгцээт калор, шим тэжээлээ авч чадахгүй байгаа. Хүн болгон өглөөний цай ууж, өдрийг эхлүүлдэг. Гэвч дэлхий дээрх олон сая хүн энэ эрхийг эдэлж чадахгүй байна. Энэ жилийн Дэлхийн Хүнсний өдрийг хүн болгон хаанаас ч шим тэжээлтэй хоолыг хүссэн үедээ худалдан авах, мөн шим тэжээлтэй хоолыг тухайн нутаг оронд үйлдвэрлүүлэхэд чиглэж байна” гэдгийг онцолж байлаа.

НҮБ-ын ХХААБ-д дэлхийн 191 орон, нэг гишүүн байгууллага /Европын холбоо/ нэгдсэн бөгөөд манай улс 1973 онд гишүүнээр элссэн аж. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ажлын гол чиглэл нь иргэдийг тогтвортой, эрүүл аюулгүй хүнсээр хангахад оршдог ажээ. Мөн гишүүн орнуудынхаа хөдөө аж ахуйн техникийн чадавхийг бэхжүүлж ажилладаг байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнуудынхаа Засгийн газартай хамтарч ажилладаг аж. Манай улсад 2009 онд суурин төлөөлөгчийн газраа байгуулж дэвшилттэй ажиллаж эхэлсэн бөгөөд гурван жилийн хугацаанд 12.5 сая америк долларын санхүүжилтээр 10 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Энэ өдрийн хүрээнд ҮХААЯ, Хоршоодын холбоо, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгчийн газар хамтран хэлэлцүүлэг хийж хүнсний аюулгүй байдал, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний хангамж, хүнсний эрүүл ахуй гэх мэт сэдвүүдээр гадаад дотоодын мэргэжилтнүүд зөвлөгөө өгсөн юм.

Үзэсгэлэнд оролцогч иргэн С.Мандахнаран “Энэ өдөрлөгт ирээд олон мэдээлэлтэй боллоо. Жишээлбэл өглөөний цай ууж гараагүйгээс шим тэжээлийн дутагдалд орох, хооллосон ч илчлэггүй хэрэггүй хоол хүнс хэрэглэдэг байсан байна. Өнөөдөр Үндэсний үйлдвэрлэгчид маань органик хүнсний бүтээгдэхүүнүүдээ иргэддээ таниулан сурталчилж, ямар хүнсний бүтээгдэхүүн эрүүл, ямар нь хэрэггүй ходоод дүүргэдэг хүнс болдог талаарх мэдээллийг авлаа. Манай улс Хятадаас ихэнх хүнсээ импортоор оруулж ирдэг. Чанаргүй хүнс оруулж ирдгээс өнөөдөр хоол боловсруулах замын эрхтний хорт хавдар манай улсад тоогоо алдчихаад байна. Эх орныхоо хөрсөнд тариалсан, үйлдвэрлэсэн зүйлсээрээ бид хүнсний хэрэгцээгээ хангах боломж хангалттай байна” гэлээ.

Жил бүр энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомстлыг бууруулах, хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр, олон нийт, хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулах зорилго агуулан тэмдэглэн өнгөрүүлдэг. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг энэ жилийг Эрүүл хүнс-Зөв хооллолт. Өлсгөлөнгүй дэлхий уриан дор тэмдэглэгдэж байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Намуунтамир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.