Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрөгч долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт

Долоо хоногийн мягмар гарагт Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэж, яамдууд ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Харин лхагва гарагт Засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулах тухай байв.

Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болов. Угаарын хийн хордлогод өртсөнийг цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг байна. Ийм багаж байхгүй учир угаарын хийнд хордсон эсэхийг эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх асуумжаар оношилж байгаа юм.   

Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонголоо

МАН-ынхан баасан гарагт НАМЭХ-ны ээлжит Их хурлаа хийлээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл төлөөлөгчдийн 75 хувийн саналаар НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. МАН-аас  дүрмийн дагуу НАМЭХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг дэвшүүлсэн бол заалнаас Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэрээ дэвшүүлсэн өрсөлдсөн юм.

 Ингэснээр Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд НАМЭХ-ны тэргүүн гээд гурван албыг хашихаар болж байна.

 
 “Саншайнь Виллаж” хотны уснаас хордсон хүмүүс ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI  хороонд байрлах “Саншайнь Виллаж” комплекс  “Саншайнь Виллаж” хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар ХӨСҮТ-д хандсан юм. Дээрх шинж тэмдэг илэрсэн 117 хүн хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авчээ. Өнөөдрийн байдлаар 19 хүн хэвтэн эмчлүүлж байна.  Ундны усны дээж болон өвчтөнүүдийн шинжилгээнд гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрчээ.

“Саншайнь Виллаж” хотхоны цэвэр усны шугамаас эвгүй үнэртэй ус гарч байсан ч түүнийг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, буцалгахгүйгээр шууд уусан гэдгийг оршин суугчид хэлж байна. Тус хотхоныг төвлөрсөн усан хангамжийн системд холбоогүй бөгөөд энэ нь халдвар гарах шалтгаан болсон байж магадгүй гэж  урьдчилсан байдлаар үзэж буй.
 
Ирэх оноос элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдлаа.

Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

- 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

- 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,

- 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

- 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж:

Хууль батлагдсантай холбоотойгоор 2020 оны улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа. Эхний ээлжид тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг баталж, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
 
“Хүннү эйр” ХХК гэмтсэн ажилтнаа үл тоов

Энэ сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн инженерийн үүрэг гүйцэтгэгч О.Мэргэншагай өндрөөс унаж хүнд гэмтэл авсан харамсалтай үйл явдал болсон юм. Гэвч “Хүннү эйр” компанийн дарга удирдлагууд энэ асуудалд хайнга хандаж байгаа учраас О.Мэргэншагайгийн ах өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс тусламж хүссэн юм. О.Мэргэншагайгийн хувьд “Гавлын ясны цууралт, хугарал баруунаас зүүн чих хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай. Тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж баруун зүүн хоёр тал руу цус хуралдсан харвалттай. Зөөлөн тархи баруун болон зүүн талдаа хэсэгчилсэн няцралттай” гэсэн оноштойгоор ГСҮТ-д эмчлүүлж байна.

О.Мэргэншагай ийнхүү хүнд бэртэл авсан нь “Хүннү эйр” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал мөрддөггүйгээс үүдэлтэй болохыг баримтууд нотолж байгааг эх сурвалжууд мэдээлж буй юм.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.