Б.Амгалан: Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг хуулийн дагуу явагдсангүй

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан билээ.  Тэгвэл парламент хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн.  Улмаар  Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байна.  Энэ талаар   хуульч Б.Амгалантай ярилцлаа.

 

-Та  УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  Үндсэн хуулийн төслийн эхний хувилбаруудыг боловсруулах ажилд оролцож байсан гэж ойлгож байгаа.     Ер нь Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг одоо ямар өнгө аястай явагдаж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл анхнаасаа тийм муу төсөл байгаагүй. Ард нийтийн саналыг авч, эрдэмтэн, судлаачид боловсруулсан. Улс орны өмнө тулгамдсан цөөнгүй асуудал шийдэгдэх боломжтой тийм л  төсөл гэж ойлгож болно.  Харин Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ  хуулийн дагуу зохион байгуулж чадсангүй. УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Хууль тогтоох байгууллага өөрсдөө  хуулиа зөрчөөд байж таарахгүй. Хууль зөрчвөл мэдээж Ерөнхийлөгч хориг тавьдаг. Цаашлаад Үндсэн хуулийн маргаан ч гарахыг үгүйсгэхгүй.  Баталсан шийдвэр нь хүчингүй болж ч болно шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг удаа дараа зөрчлөө. Ялангуяа хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад төсөлд анхнаасаа байгаагүй хэдэн саналыг УИХ санал хурааж, төсөлдөө тусгасан. Өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй шинэ санал гаргах нь хуулиар хориотой. Миний олж харснаар хууль зөрчигдсөн таван  санал хураагдсан. Тухайлбал, шүүхийг тойргийн журмаар байгуулах санал төсөлд нэмэгдсэн байна лээ.

-Тэгэхээр анхны оруулсан төслөөс нэлээд өөрчлөгджээ?

-Тийм ээ. Цаашлаад ард нийтийн санал асуулгыг ямар зүйлээр явуулахыг хориглох, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоох зэрэг хэсэг, заалт хууль бусаар төсөлд тусгагдсан.

-Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаас ийм хууль зөрчсөн алдаа, гажуудал гарч байна. Энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн төсөл цааш явах боломж байна уу?

– Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хуулийн дагуу хийсэнгүй гээд Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг УИХ хүлээн авсныг зөв алхам гэж харсан. Гэтэл хоригийг хүлээж аваад алдаагаа зассангүй. Дахиад л хууль зөрчөөд явчих юм. Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор хоёр хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилжээ.  Яг ямар агуулгатай хууль баталчихсныг мэдэх хүн алга. Энэ бол үнэхээр хуулийн том зөрчил юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн  хэлэлцүүлэг шулуухан хэлбэл жонхуу болж байна.

-Эдгээр хуульд ямар өөрчлөлтүүд орчихов.  Парламент бараг хэлэлцээгүй шууд баталчихсан?

-Г.Занданшатар дарга шууд алх цохиод баталж байгаа харагдсан. Улс орон даяар л харсан. Харин хуулийн төсөл нь олдож өгөхгүй байна. Эсхүл УИХ-ын дарга санаанаасаа зохиогоод хууль батална гэж байхгүй. Тэр хуулийн төслүүдийг нь бэлдэж өгсөн хүмүүс байх л ёстой.  УИХ-ын цахим хуудсанд УИХ-аар хэлэлцэгдэх бүх хууль, тогтоолын төслийг байршуулдаг. Ороод үзэхээр байхгүй. Цааш нь сонирхоод хуралдааны тэмдэглэлүүдийг үзье гэхээр бас байхгүй. Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдэхээр нь энэ талаар дэлгэрэнгүй ярих боломж гарах байх.  Энэ хоёр хуулийн өөрчлөлт анхнаасаа хууль зөрчиж орж ирсэн учраас  Ерөнхийлөгч дахиад хориг тавих болов уу.   Үүнийг нь УИХ хүлээж аваад алдаагаа засах нэг боломж байна.  Эсхүл Үндсэн хуулийн Цэц хамгийн сүүлчийн найдвар юм даа.
 

Эх  сурвалж: Зууны мэдээ сонин 
Т.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.