''Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл''-ийн төслийг олон нийтэд танилцууллаа
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр “Блью Скай” зочид буудалд боллоо. Монголбанкнаас жил бүр ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барих үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.
Өнгөрсөн сарын 26-нд“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан.
Танилцуулах хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нарын хүмүүс оролцож манай улсын мөнгө, санхүү, зээл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулдгийг олон нийтэд ойлгуулан тайлбарлаж, бодлогын саналуудыг хэлэлцэж, судлаач, эдийн засагч нарын саналыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах явдал юм.
Хэлэлцүүлгийг эхлүүлж “Эдийн засгийн төлөв - Мөнгөний бодлого” сэдвээр Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа илтгэл танилцуулав.

Б.Баярдаваа захирлын зүгээс Мөнгөний бодлогод тулгарч болох гол сорилтуудыг талаар “Ойрын хугацаанд гадаад өрийн эргэн төлөлтүүдийг Засгийн газар бүх түвшинд анхаарч шийдвэрлэх ёстой. Макро бодлого, макро эдийн засгийн суурь нөхцөл байдлуудыг бэлдэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ажлууд хийгдэнэ. Харин гадаад эрэлт тодорхой бус байдалд байна. 2018 оны төгсгөлөөс Монгол банк, судлаачид, бизнес эрхлэгчдэд анхааруулж байгаа нэг том хүчин зүйл бий. Энэ нь хоёр том гүрний худалдааны маргааны асуудал. 2018 оны сүүлээс эхлээд өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй явж байна. Хоёр гүрний худалдааны дайн яагаад Монголын эдийн засагт нөлөөлөөд байна вэ?

- Нэгдүгээрт, санхүүгийн зах зээлээр дамжиж хүүний нөлөө үзүүлж байна

- Хоёрдугаарт, бусад улс орнууд энэ арга хэмжээний хариу үйлдэл болгож валютын ханшиндаа өөрчлөлт оруулдаг.
- Гуравдугаарт, эрдэс бүтээгдэхүүний үнэнд хариу үйлдэл үзүүлж байна. Эдгээр манай эдийн засагт хамаатай хүчин зүйл. Нөгөө талаар худалдааны маргаан, дэлхийн эдийн засгийн хурдац нь саарах төлөв байдал руу орсон. Энэ нь бизнес эрхлэгч нийт эрэлт саарах юм байна гэдэг дээр дохио өгч байна. Үүнийг бодлого боловсруулагчид анхаарах ёстой. Мөн энэ бодлогын хариу үйлдэл ямар байх вэ, гэдэгтэй холбогдуулж ОУ-ын түвшинд хэлэлцүүлгүүд өрнөж байна” гэлээ.

Үүний дараа Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Төрөөс мөнгөний бодлоыг талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн танилцуулгыг хийлээ.

“Монголбанк инфляцийг ирэх онд 8 хувь орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Мөн гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахын тулд нэн тэргүүнд гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэх зорилт тавьжээ. Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалд дурдсан байна.

Үргэлжүүлэн Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй Монголбанкны газар, нэгжийн захирлуудаас бүрдсэн бүрэлдэхүүн хэлэлцүүлгийг өрнүүлж, эдийн засаг, банк, санхүүгийн салбарын хүрээнд сэтгүүлч, олон нийт, эдийн засагчдын сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өглөө.
 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus