Д.Эрдэнэбат: Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд эрхзүйн орчин нэн шаардлагатай байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт говийн гурван аймагт ажиллалаа.Тэрбээр орон нутагт ажиллах үеэрээ Дорноговь аймаг болон Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Харин Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Оюутолгой, Тавантолгойн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлагдсан хууль, бусад шийдвэр болон УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагааны оролцоо хууль тогтоомж, бусад бодлого шийдвэрийн талаархи холбогдох мэдээллийг иргэд олон нийтэд мэдээлж, санал бодлыг нь сонслоо.
 
Говийн аймгуудад бүтээн байгуулалт өрнөсөөр
 
Засгийн газраас орон нутгийн хөгжилд түлхүү анхааран ажил­лах зорилт тавиад байгаа энэ хүрээнд хэд хэдэн аймгийн нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоос гадна 10 аймагт дулааны цахилгаан станц барихаар болсон билээ. Үүнээс гадна аймаг бүрт 1000 айлын орон сууцыг барихаар болсон. Тэгвэл говийн гурван аймагт 1000 айлын орон сууц барих ажил эхэлжээ. Дорноговь аймагт орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж байна. Цахилгаан, дулаан, автозамын ажлыг энэ жил хийж дуусгаад ирэх жилээс барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ аймагт барилгын материалын үйлдвэр байгуулагдсан гэдгээрээ онцлогтой бөгөөд нэг ам.метрийг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар болжээ. Харин Өмнөговь аймагт дээрх ажил мөн л адил эхэлжээ. Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсийн 90 га газарт 130 гаруй объект, 2300 өрх буюу 9000- 13000 хүн амьдрах орон сууц гэх мэт цогдолбор хороолол босох ажээ.
 
Энэ аймагт нэг ам.метрын үнэ нэг сая 50 мянган төгрөгөөс хэтрэхээргүй байхаар тооцжээ. Гэхдээ энэ үнэ тухайн үеийн эдийн засгийн байдлаас хамааран өөрчлөгдөж магадгүй юм байна. Учир нь Өмнөговь аймагт барилгын материалын ямар нэгэн үйлдвэр байхгүй. Бүх бүтээгдэхүүнийг урд хөршөөс оруулж ирдэг байна. Тиймээс тухайн үеийн байдалтай уялдуулах ч зах зээлийн үнээс доогуур үнэ тогтооно гэдгийг Өмнөговь аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Дөлбаяр танилцуулсан юм. Говийн аймгийн нэг болох Дундговь аймагт ч гэсэн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг баригдаж байгаагаас гадна 1000 айлын орон сууцны ажил ч ид үргэлжилж байгаа бөгөөд нэг ам.метрийг 1.2 сая төгрөгт барьж буй юм. Үүнээс гадна энэ Дундговь аймагт ду­лааны цахилгаан станц барих ажил эхэлж байна. Уг цахилгаан станц ирэх жил ашиглалтад орж, аймгийн иргэд хэрэглээний халуун устай болох юм байна. Энэ мэт говийн гурван аймагт улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр.
 
Эдийн засгийн чөлөөт бүсийн ажил урагшлах уу
 
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дар­га Д.Эрдэнэбат Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн байдалтай газар дээр нь танилц­сан юм. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахад хууль, эрхзүйн орчин дутмаг байгаа төдийгүй эдийн засгийн хөшүүрэг хамгийн гол хэрэгцээтэй байгаа юм бай­на. Хэдийгээр Монгол Улс 2002 онд чөлөөт бүс байгуулах асууд­лыг парламентаараа хэлэлцэж шийдвэрлэсэн ч уг ажил өнөөдөр яриа төдий, цаасан дээрх мөрөөдлийн төлөвлөгөө хэвээрээ байсаар. Дорноговь аймгийн Замын-Үүд сум нь БНХАУ-ын Эрээн хоттой хиллэдэг учраас Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур төв болж хөгжиж буй ч Чөлөөт бүс байгуулах асуудлыг эрх зүйн хүрээнд яаралтай шийдвэрлэхгүй бол хөрөнгө оруулах асуудал хүлээгдсээр бай­на гэдгийг Д.Эрдэнэбат дарга Замын-Үүдийн бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ тодотгосон. Уг нь хууль 10 гаруй жилийн өмнө батлагдаж, Алтанбулаг, Замын- Үүдэд чөлөөт бүс байгуулах ажлууд эхэлсэн ч амжилт дагуулаагүй гэхэд болно. Гэхдээ өнгөрсөн хавраас Алтанбулагийн чөлөөт бүс байгуулах ажилд төр онцгой анхаарснаар ямар ч байсан туршилтаар зарим ажлууд эхэл­сэн. Тэгвэл Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулах асуудал өнөөдөр бүрэн шийдэгдээгүй байна. Нийт 900 га газрыг хамруулан чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан ч одоо хүртэл ашиглалтад ороогүй.
 
Хэдийгээр өмнө нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрхзүйн орчин бүрдээд 10 гаруй жил өнгөрч энэ хугацаанд улсын төсвөөс нэлээд мөнгө зарцуулсан ч олигтой үр дүнд хүрч чадсангүй. Тиймээс чөлөөт бүс нь улсын төсвөөс тэтгүүлдэг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй улсын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлдэг газар болгож өөрчлөх зарчмын үндсэн дээр эрхзүйн орчинг улс орны хөгжлийн өнөөгийн шаардлага хэтийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, гааль, хилийн шалган, хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэмийг хуулиар зохицуулж өгөх, чөлөөт бүсийн захирагчдын эрх мэдлийн хязгаарлагдмал байдлыг өөрчлөх үүднээс Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг. Уг хуулийн төсөлд тусгаснаар тухайн чөлөөт бүсэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй бол ямар ч худалдааг хүлээн зөвшөөрнө. Мөн гурван сая хүртэлх төгрөгтэй тэнцэхүйц барааг татвараас чөлөөлнө, чөлөөт бүсэд үйлдвэрлэж буй бараанд НӨАТ ногдуулахгүй, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах боломж нээлттэй зэрэг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Чөлөөт бүсийн хуультай харьцуулахад илүү уян хатан зохицуулалтыг тусгаж өгчээ.
 
Харин бизнес эрхлэгчид 2004 оноос эхлэн Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулагдахыг харж суусаар өдийг хүргэжээ. Харин одоо цаг алдалгүй асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна. Мөн шинээр батлагдах гэж буй Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хууль нь олон салаа утгагүй, ойлгомжтой тодорхой байх ёстой гэдгийг онцолж байна. Нөгөө талдаа урд хөрш рүү өдөрт 2-3 удаа гарах болоход тэр бүрт долоон төрлийн бичиг баримт бүрдүүлж хил гаалиар нэвтрэх эрх үүсдэг нь хүнд суртлыг бий болгож байгаа аж. Мөн чөлөөт бүс дэх газрыг дуудлага худалдаагаар ашиглуулах юм уу, яг ямар хэлбэрээр ашиглуулах вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай гэсэн саналуудыг Замын- Үүдийн бизнес эрхлэгчид мөн хэлж байлаа. Чөлөөт бүсийн асуудлаар АН-ын бүлгийн даргын байр суурийг сонслоо.
 
Д.Эрдэнэбат: Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд эрхзүйн орчин нэн шаардлагатай байна
 
-Эдийн засгийн чөлөөт бүсийн талаар олон жил ярилаа. Гэсэн ч ажил нэг их урагшлахгүй байсаар. Газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж байгаа хүний хувьд цаашдын ажлыг хэрхэн харж байна вэ?
 
-Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай 10 жил ярилаа. Одоо ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Чөлөөт бүсийн ойлголтыг өөрчилсөн. Учир нь хилийн боомт дахь чөлөөт бүсийн ойлголт өөр байх ёстой. 2004 оноос хойш  10 жилийн хугацаанд хийгдээгүй нь чөлөөт бүс гэдэг ойлголтоос хол байсан. Эдийн засгийн чөлөөт бүсийн ойлголт гэдэг бол ялангуяа манай улс импортоос хараат улсын хувьд эдийн засгийн чөлөөт бүсэд үйлдвэрлэл үйлчилгээг хамтарч хийхгүй бол асуудал урагшаа явахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хилийн боомтод эдийн засгийн чөлөөт бүс байж болно гэдгийг Хилийн боомтын тухай хуульдаа суулгасан.
 
Эдийн засгийн чөлөөт бүсийг хөрш орнууд байгуулж болно гэдгийг хэлж байгаа юм. Импорт, экспортын татвараас чөлөөлөгдсөн чөлөөтэй үйлдвэр үйлчилгээг явуулах эрхзүйн бололцоог бий болгох хэрэгтэй. Хоёр дахь хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн тухай асуудал яригдаж байгаа юм. БНХАУ-ын ЖДҮ асар өндөр хөгжсөн. Хамгийн өртөг багатайгаар бараа материал үйлдвэрлээд хэрэглэгчиддээ маш хурдан түгээх сонирхолтой байгаа нь Монгол Улсын эрх ашигт нийцэж байна. Энэ нь өндөр татвар төлөх, өндөр үнэтэй бараа авах нөхцөл байдлаа өөрчлөөд хамтран үйлдвэрлэх хамгийн өртөг багатай бараа үйлчилгээг бий болгоход явах хэрэгтэй
 
-Бизнес эрхлэгчид болон чөлөөт бүсийн захиргаанаас эрхзүйн орчин таатай бус гэдгийг их ярьж байна?
 
-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллах хүч болон ажлын  байрыг бий болгох боломж  гэж харж байна. Гэхдээ 10  жилд хийсэн ажлаа үгүйсгэж  болохгүй юм байна гэж бодож  байна. Эдийн засгийн чөлөөт  бүсийг болгох 900 га талбайд дэд бүтцийн хөрөнгө шийдээд  явж байсан нь зөв байна. Хоёр хөршийн айлчлалын дараа эдийн засгийн чөлөөт бүсийн  харилцааг цаашид хөгжүүлнэ  гэдэг нь хил дамнасан чөлөөт  бүс хөгжих үүд нээгдсэн.  Тиймээс эдийн засгийн чөлөөт  бүсийг хөгжүүлэхэд эрхзүйн  орчин нэн шаардлагатай байна гэж үзэж байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.