Утааны оргил цаг 40 минутаар богиноссон

МУИС-ийн эрдэмтэн багш нар агаарын бохирдлыг цаг, минут тутам хэмжиж дата бааз хуримтлуулж байна. Мөн цаг агаарын автомат станцаар 10 минут тутам температурыг хэмжиж агаарын бохирдлыг өмнөх дөрвөн жилтэй харьцуулсан үр дүнгээ гаргажээ. Энэ талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Сономдагватай ярилцлаа.

-Утаа буурлаа гээд хүн бүхэн л зураг авч харьцуулж байна. Үүнд эргэлзсэн, талцсан хэсэг ч байна. Харин эрдэмтэн судлаачид ямар байр суурьтай байна вэ?

-Хүн болгон санаа зовж байгаа нь сайн хэрэг. Магадгүй зургаар баталгаажуулж харахыг хүсч байна. Гэхдээ хүний нүдэн баримжаагаар юм уу, үнэрлэснээрээ агаарын бохирдлыг хэмжих нь өрөөсгөл. Нарийн тоо гарахгүйн дээр яаран дүгнэлт гаргах хэцүү.Манай сургуулийн багш нар аравдугаар  сарын 1-24 хүртэлх хугацаанд агаарын бохирдол ямар байгаад анализ хийж үзсэн.

Сүүлийн дөрвөн жилийнхийг харьцуулж нэгтгэхэд тодорхой хэмжээний үр дүн харагдсан. Мэдээж гол дүгнэлт бол арванхоёр, нэгдүгээр сард гарна.

Бид агаарын бохирдол буюу pm 2.5-ыг арван секунд тутамд нэг хэмжиж, өдөрт 10 мянга гаруй дата боловсруулдаг учраас бохирдлыг минутаар ч илрүүлэх боломжтой. Ингэхдээ зөвхөн агаарын бохирдлыг  хэмжихээс гадна цаг агаарын мэдээг харьцууллаа. Сүүлийн дөрвөн жилийн цаг агаарын мэдээг харахад энэ жил дундаж хэм харьцангуй бага, дулаан байна. Гэхдээ галлагааны үе эхэлсэн учраас бохирдол нэмэгдсэн гэсэн үг. Аравдугаар сарын 1-23-ны хоорондохыг 2017 оноос хойш харьцуулсан. Ямар ч хүйтэн бохирдолтой үед өглөө, орой агаарын бохирдол нэмэгдээд өдөр нь багасчихдаг учраас дунджаар авч үзэхэд бага гардаг. Тиймээс өдрийн дунджаар үр дүнг авч үзэх нь оновчтой бус. Агаарын бохирдол буюу pm 2.5 2016 онд харьцангуй бага байсан бол 2017, 2018 онд өссөн. Тэгвэл 2019 оны аравдугаар сард өмнөх жилүүдийнхээс харьцангуй багассан. Ганц нэг өдөр өссөн үзүүлэлт бий. Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 4 өмнөх жилийн яг энэ өдрийнхөөс их байгаа юм. Энэ дүнг задалж дүн шинжилгээ хийсэн. Сүүлийн дөрвөн жилийн зөвхөн аравдугаар сарын 4-ний шөнийн 00:00 цагаас оройн 24:00 хүртэлхийг авч үзэхэд онцын ялгаа харагдахгүй. Энэ жилийн хувьд оройн 19:50 цагаас 20:30 цагийн хооронд агаарын бохирдол огцом өссөн байна. Харин 2018 онд харьцангуй жигд байсан учраас дундаж утга нь бага, өмнөх хоёр жилд нь бохирдол өндөр байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн өдрийн явцыг харахад нэг л зүй тогтол ажиглагдсан. Энэ нь агаарын бохирдол 19:00 цагаас тогтмол өсч шөнө буураад өглөө дахиад огцом нэмэгддэг. Энэ нь галлагааны үетэй холбоотой. Энэ жилийн хувьд бохирдол буурсан нэг шалтгаан нь оройн бохирдол үргэлжлэх хугацаа багассан. Жишээлбэл, 19:00 цагаас бохирдол эхлээд 20:00 цагийн үед буурч шөнөжин бохирддог байсны эрчим багассан. Ялангуяа, гал асах үед дутуу шаталт ихээр явагддаг. Нүүрс, сайжруулсан түлш, мод гээд ялгаагүй. Тэгэхээр гал асаах үеийн бохирдол огцом орж ирээд жигдэрч байна гэсэн үг.

-Бохирдлын үргэлжлэх хугацаа багассан гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Агаарын чанарын дундаж стандарт 50 микрограмм м куб байдаг. Үүнтэй харьцуулахад аравдугаар сарын дундаж бохирдлын стандартад хүрээгүй. Харин өглөө, орой бол дунджаас дээш гарч байна. Аравдугаар сарын эхний 24 хоногийг өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад даруй 40 хувиар бага байгаа нь өндөр үзүүлэлт. Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдийнхийг бодвол энэ жил цаг агаар хоёр хэм орчмоор дулаан байна. Хоёрдугаарт,  галлагааны хувьд түлшний өөрчлөлт болон бусад хүчин зүйл нөлөөлж байна. Мэдээж түлшний нөлөө байгаа ч сайн түлшнээс болсон гэж хэлж чадахгүй. Дээр нь их гал түлэхээс болгоомжилж буй зүйл байгааг үгүйсгэхгүй. Аравдугаар сарын 23-н хүртэлхийг харахад зарим өдөр бохирдол огцом өссөн. Үүнийг гадаад орчин болон галлагаатай харьцуулж үзсэн. Энэ жилийн аравдугаар сарын 11, 12-нд бохирдол өссөн байгаа юм. Энэ өдөр цагаан давааны хогийн цэг шатаж утаа нь хотын төв рүү өдрийн турш орж ирсэн байдаг. Дээр нь цаг агаарын автомат станцаар 10 минут тутам хэмийг хэмжихэд шөнө огцом дулаарахад тоосонцор дагаж өссөн.Бидний хувьд цэвэр судалгааны тоон дээр үндэслэсэн баримт юм. Утаагаар улс төр хийж байгаа намаас илүү жил бүр өсч байсан бохирдол тодорхой хэмжээгээр буурч байгаа нь сайн мэдээ.

-40 хувь гэдэг бага үзүүлэлт биш. Үүнд салхины хүч нөлөөлсөн үү?

-Салхины хүч онцын нөлөө үзүүлээгүй. Аравдугаар сард салхи 2-4 метр секунд байсан нь бохирдлыг тараах, сарниулах хэмжээнийх биш. Ер нь гурван метр секундээс дээш байж салхилдаг. Өмнөх жилүүдэд ч салхины эрчим бага нөлөө үзүүлсэн.

Агаарын бохирдлыг сүүлийн дөрвөн жилээр харьцуулсан мэдээлэл. Аравдугаар сар.

-Нэгдүгээр сард бохирдол хамгийн их байдаг. Одоогийн энэ төсөөллөөр тооцоход нэгдүгээр сард өмнөх жилийнхээс бага байж чадах уу?

-Аравдугаар сар болон нэгдүгээр сарыг харьцуулж үзсэн. 2016 оны аравдугаар сар, 2017 оны нэгдүгээр сарыг харьцуулахад нэгдүгээр сард даруй 5-6 дахин их бохирдолтой байдаг. Энэ жилийн төсөөллөөр өмнөх жилүүд болон одоогийн бууралт цаашдын өсөлтийг харьцуулж тооцож үзэхэд нэгдүгээр сард бохирдол сарын дундаж агууламж нь 200 микро грамм мкуб орчим байх магадлалтай. Энэ нь өмнөх жилүүдийн мөн үеэс 20-30 орчим хувиар багасах магадлалтай. Нэгдүгээр сард цаг агаар дулаан байгаад  ч галлагаанд нөлөөлдөггүй. -30 хэмээс -25 боллоо гээд галлагаа өөрчлөгддөггүй гэсэн үг. Хавар, намар бол галлагаанд температурын зөрүү их нөлөөлдөг.

-Харагдах орчноос гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бохирдол буурсан гэж ойлгож болох уу?

-Агаарын бохирдол буюу pm 2.5 өнгөрсөн жилүүдийнхээс 40 орчим хувиар багассан гэж ойлгож болно. Энэ нь цаг агаар дулаарсан болон агаарын бохирдлын эсрэг хийж буй үйл ажиллагаатай холбоотой. Гэхдээ энэ бол урьдчилсан байдлаар гарсан үр дүн. Дахиад арваннэг болон арванхоёрдугаар сард судалгааны үр дүнгээ ярихад бэлэн байна.

Нүдэнд харагддаг, харагддаггүй утаа гэж байхгүй. Угаартахдаа хүрвэл 100 ам.долларын дэвсгэрт шатаахад угаартана. Харин хэрхэн зөв түлэх вэ гэдгээс шалтгаална.

-Та бүхний хэмжиж буй багаж, арга зам Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрынхаас өөр  байна уу?

-Агаар дахь pm 2.5-ын явцыг дөрвөн жил хэмжиж байна. 10 секундад нэг дата хуримтлуулдаг. Нийслэлийн дөрвөн цэгийн мэдээллээр бохирдлын агууламжийг илэрхийлж байна.Ер нь бол дэлхий нийтээр агаарын бохирдлыг хэмжих аргазүй стандарт ижил. Нийслэлийн агаарын чанарын албанаас хотын 11 байршилд хэмжилт хийхдээ зургаан төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг. Манайх бол агаарын бохирдлын гол элемент pm 2.5-ыг хэмжиж, стандарттай харьцуулаад бохирдлыг илэрхийлж байгаа юм. Агаарын чанарын индекс бол тухайн үед бохирдол хамгийн их байгаа бодисын үзүүлэлтээр гаргадаг. Өөрөөр хэлбэл, аль нэг үзүүлэлт нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байснаар илэрхийлэгддэг. Pm 2.5-ын эх үүсвэр нь нүүрс, шатахуун, тоос, шороо гээд шаталтаас үүсдэг бүх зүйлд агуулагддаг. Дотор нь олон төрлийн бохирдуулагч бодис бий. Тухайлбал, pm 2.5-ын тоосонцор дотор хортой элемент, химийн нэгдлүүд агуулагдаж байдаг. Нийт дүнгээрээ эдгээр тоосонцор багассан гэж хэлж болно.

-Тэгвэл утааг илүү багасгахын тулд өөр ямар алхам хийх ёстой вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах талаар 2004 оноос хойш судалсан. Монгол орны хотуудын хүрээлэн буй орчин гээд нэг сэдэвт сүүлийн 10 гаруй жил хийсэн бүтээлээ эмхэтгээд хэвлүүлж байна. Энэ номонд нийслэлээс гадна Дархан, Эрдэнэт хотуудын агаарын бохирдлын талаар хийсэн судалгаа бий. Утааг бууруулах шийдэл нь түүхий нүүрсийг л хориглох юм. Нүүрсийг олон төрлийн түлшээр орлуулахаас гадна нүүрс түлдэг байгууламжийг хотоос гаргаснаар Англи хоёр жилд утаанаас салсан түүх бий. Улаанбаатарын хувьд түүхий нүүрс хориглохоос гадна гэр хорооллыг тэлэхгүй байх хэрэгтэй. Дараагийн алхам бол уурын зуухуудыг хотоос гаргаж шинэ цахилгаан станц барих, гэр хорооллыг богино хугацаанд орон сууцжуулах хэрэгтэй. Орон зайн хувьд Өлзийт юмуу Тахилтад гал түлэхэд сөрөг нөлөөгүй.

-Сайжруулсан түлшний талаар судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ. 5-6 лабораторийн дүгнэлт “асуудалгүй” гэж гарсан гэж мэдээллээ. Гэтэл иргэд олноороо угаартлаа гэсэн дуудлага тасрахгүй байдаг?

-Ямар  ч утаа хүний амьсгал руу ороход хордуулна. Аминд  ч хүрэх эрсдэлтэй. Нүүрс, сайжруулсан түлш, цаасны утаанд ч угаартаж үхэж болно. Харин галлагаа, агааржуулалтын систем, зуухны чанараас шалтгаалдаг. Сайжруулсан шахмал түлшний хувьд онцгой хортой бодис агуулагдсан уу гэдэг зүйл яригдахаас биш ямар ч утаанд хүн угаартана.

Монголд хийсэн таван лабораторийн шинжилгээгээр хортой бодис байхгүй гэж  мэдээлсэн. Би бол судлаач хүн учраас Монголынхоо эрдэмтдийн дүгнэлтэд итгэнэ. Судлаач, эрдэмтэд бол аливаад үнэнийг хэлэх ёсзүйн хариуцлагатай хүмүүс. Эсвэл монгол эрдэмтдээ үл ойшоогоод заавал гадаад хүнд итгэх ёстой юм уу. Эрдэмтэд хэдэн жилийнхээ датаг боловсруулаад ярихаар эргэлздэг тархины утаагаа эхлээд арилгах хэрэгтэй. Миний хувьд бол түүхий нүүрсээ буцаад түлэх  вий гэхээс айж байна. Нүүрсэнд байгаа хортой зарим зүйлсийг нь угаачихаад шахмал түлш болгохоор нүүрснээс илүү хортой байх уу гэдэг бол энгийн л ойлголт.

-Амны хаалт зүүгээд ямар ч нэмэргүй гэдгийг та өнгөрсөн жил хэлж байсан. Одоогийн нөхцөлд амны хаалт зүүвэл утаанаас хамгаалах уу?

-Монголд байгаа амны хаалт, агаар шүүгч найдваргүй. Гал тогооны өрөөнд хуушуур хайрсан тоос, тортгийг шүүдэг агаар шүүгч Монголын бохир агаарыг шүүх боломжгүй. Цайны шүүлтүүрээр далайн ус шүүхтэй адил. Монголын нөхцөлд бараг хорт утааны баг зүүгээд явбал нөлөөлнө. Ийм л хэмжээний бохирдолтой байна. Одоо ч агаар бохирдож байгаа, харин үргэлжлэх хугацаа багассан гэдгийг л ойлгох хэрэгтэй. Өмнө нь өдийд бохирдлын үргэлжлэх хугацаа 2-3 үргэлжилдэг байсан бол одоогоор 30-40 минут болсон.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С-Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.