''Н.Баяртсайханыг огцруулах нь улстөржилт, ҮХЦ-ийн даргаа огцруул''

 УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Саарал жагсаалтад орсон хариуцлагын асуудлыг эрх баригч нам хөндөж эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой гэж тайлбарлаж байгаатай та санал нийлэх үү. Саарал жагсаалтад орсон шалтгааныг хувь гишүүнийнхээ хувьд хэрхэн тайлбарлах вэ?

-Бид яагаад саарал жагсаалтад оров гэдгийг би хувьдаа ойлгохгүй байгаа. Монгол Улс мөнгө угаадаг эсвэл терроризмыг санхүүжүүлдэг улс биш. Саудын араб, Иракт өдөр болгон шахуу терроризм болж байгаа. Гэтэл тэдгээр улс хар, саарал жагсаалтад яагаад ордоггүй юм. Манай улс саарал жагсаалтад орсон нь нэг талаасаа улс төр биш байгаа даа гэж санаа зовниж байгаа. Би АНУ-ын Элчин сайдтай уулзаад манай улс саарал жагсаалтад орсон нь ямар учиртай юм бэ. Монгол Улс терроризмыг эсэргүүцэж бүр Афганистан, Судан руу хүртэл цэргээ илгээдэг. Ингэж терроризмтой тэмцдэг манай улсыг яагаад терроризмыг дэмждэг байж болзошгүй гэж хардаж саарал жагсаалтад оруулж байгаа юм бэ гэж АНУ-ын Элчин сайдаас асуусан.

Хоёрт, саарал жагсаалтад ороход Хойд солонгосоос болсон гэдэг нь худлаа. Яагаад гэвэл энэ оны арванхоёрдугаар сарын 24 гэхэд Хойд Солонгосын ажилчдын гэрээг дуусгавар болгож Монгол Улсаас албадан гаргасан байх ёстой. Гэтэл тэднийг гаргаагүй гэдэг шалтгаанаар биднийг саарал жагсаалтад оруулсан гэвэл итгэхгүй. Бага багаар гаргасаар бараг дууссан. Тэгэхээр Хойд солонгостой холбоотой өөр дуулиан байгаа бол олон улсын зэвсгийн шинжээд ч юм уу эсвэл НҮБ-ын төлөөлөгчид ирж дүн шинжилгээ хийж тогтоосны дараа нь саарал жагсаалтад оруулах ёстой.

-Манай улсад FATF-ын өгсөн зөвлөмжүүдтэй та танилцсан уу?

-Танилцсан. FATF-ын  гишүүн орнууд манай улсыг саарал жагсаалтад орвол орог гэсэнд нь  би их харамссан. ОХУ, БНХАУ эсвэл бусад улсын аль нь ч Монгол Улс хүний наймаа, зэвсгийн наймаа хийдэг улс биш гэж хэлэх улс олдсонгүй. Одоо нэгэнт саарал жагсаалтад орсон. Өөрийнхөө хүрээнд шалтгааныг нь тодруулахад, гурван шалтгаанаар саарал жагсаалтад оржээ гэж дүгнэхэд хүрсэн.

-Ямар?

– Нэгдүгээрт, манай төрийн байгууллагын албан тушаалтнууд буюу саарал жагсаалтад оруулахгүй байхад ажиллах ёстой ажлын хэсэг гэж бий. Энэ ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  ажилладаг. Энэ хүн саарал жагсаалтын араас огт яваагүй, нэг удаа ч анхаарал тавиагүй. Миний ойлгож байгаагаар энэ хүн гадаадад явж хуралд нь суугаагүй байх гэж бодож байна.  Уг нь бол Ц.Нямдорж FATF-ын хуралд оролцоод жинхэнэ “баавраа” харуулаад МАНАН, МАФИ байдаг юм бол МАФ-ийн гишүүдээ зарлаад явах ёстой байлаа. Харамсалтай нь, ингэж явсангүй. Хоёрдох шалтгаан нь Монгол Улсад ойлгомжгүй сул мөнгөнүүд байгаа. Жишээлбэл арилжааны банкууд нь яаж эх үүсвэрээ нэмэгдүүлснээ тайлбарлаж чаддаггүй. Дээр нь Монгол Улсад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага бий. ББСБ нь дотроо хадгаламж зээлийн хоршоо, ломбард ажиллуулах эрхтэй.

500 гаруй ББСБ-гаас 34-ийг нь төрийн дээд албан тушаалтнууд өмчилдөг. 11 нь УИХ-ын гишүүнийх, үүнээс найм нь мөнгө угаасан гэдгийг АТГ тогтоосон ч шүүхээр явуулдаггүй. Харамсалтай нь, энэ талаар дуугарч байгаа хэвлэлийнхэн ч алга.

FATF Та нар мөнгө угаахтай холбоотой эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн үү” гэхээр Нигер улсын өнгөт арьстан иргэнийг мөнгө угаасныг тогтоосон, удахгүй шүүхээр тогтооно гэсэн юм билээ. Гаднын иргэнийг хэлэхээр нь өөрсдийнхийгөө ярь гэхээр юм хэлдэггүй. Энэ нь саарал жагсаалтад орох хоёрдох шалтгаан болсон. АНУ 2000 оны терроризмын дараа банк, санхүүтэй холбоотой гүйлгээний утгуудыг нь хянадаг тусгай программтай  болсон юм билээ. Энэ төслийг манай Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанктай хамтраад одоо л хийж байгаа. Үүнийг эртхэн хийгээгүй нь саарал жагсаалтад орох гуравдах шалтгаан болжээ гэдгийг би хуульч хүнийхээ хувьд, УИХ-ын гишүүнийхээ хувьд дүгнэж байгаа.

"ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ  ЕРӨНХИЙ САЙДААС ИЛҮҮ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ" 

-FATF-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадвал манай улс богино хугацаанд саарал жагсаалтаас гарах боломжтой гэдгийг холбогдох албанынхан хэлж байгаа. Бидэнд гарах ямар гарц байна вэ?

-Ц.Нямдоржийг байгаа цагт саарал жагсаалтаас гарахгүй. Горьдоод ч хэрэггүй. Ядаж энэ хүн гадагшаа явж уулзах хэрэгтэй. FATF гэдэг байгууллагыг Монголд төлөөлж байгаа хүн чинь Ц.Нямдорж шүү дээ.

Монголбанк, СЗХ-ны удирдлагыг чөлөөлөх асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ. Энэ нь  “бай”- гаа оносон хариуцлагын эзэд мөн үү?

-Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувьд мөн. FATF-ийн долоон шаардлагын нэг нь Санхүүгийн зохицуулах хорооны даргад, зургаа нь ХЗДХ-ийн сайдад хаягласан үүрэг байна лээ. Мөнгө угааж байгаа 500 ББСБ-ийн талаар арга хэмжээ ав гэсэн. Монголд өнөөдөр тусгай зөвшөөрлийн систем нь хошин шог шиг. Жишээ нь нийслэлийн Засаг даргад архины, гоо сайхны үйл ажиллагааны гэсэн энэ хоёр чиглэлийн зөвшөөрөл байдаг. Гэтэл  гоо сайхны зөвшөөрлийг  нь 200 хүнд өгсөн байдаг. Үүн дотор ресторан ажиллуулдаг эзэнд хүртэл олгосон байна. Тэр эзэн нь УИХ-ын гишүүний эхнэр. Манай шинэ галзуунуудын нэгийнх нь эхнэрийнх нь ресторан дотор гоо сайхны эмнэлэг ажилладаг гэж ойлгох уу эсвэл гоо сайхны эмнэлэгт ресторан ажилладаг гэж ойлгох уу, маш эргэлзээтэй.

 -Монголбанкны хувьд өнгөрсөн хугацаанд хэр ажилласан гэж дүгнэж байна вэ?

-Шулуухан хэлэхэд, Монголбанкийг буруутгамааргүй байна. Яагаад гэвэл Монгол Улс дампуурал зарлах гэж байсан тэр хүнд цаг үед Монголбанкийг Н.Баяртсайхан хариуцаж долларын нөөцийг барьж чадсан. Ер нь бол Монголбанк гурван ажил хийх үүрэгтэй. Валютыг тогтвортой байлгах, инфляцыг барих, долларын нөөцийг нэмэгдүүлэх гэсэн ийм гурван үүрэгтэй. Энэ гурван үүргээ чамлахааргүй хийсэн гэж дүгнэж байна. Огцруулах асуудлыг олонхоороо шийдэх биз. Уг нь Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулахаасаа өмнө Үндсэн хуулийн цэцийн даргыг даруй огцруулах хэрэгтэй.

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулаад оронд нь н.Ганбат гэдэг хүнийг томилох сураг дуулдсан. Бидэнд улстөржиж болохгүй албан тушаал гэж бий. Уг нь бол Төв банкны Ерөнхийлөгч гэдэг бол Ерөнхий сайдаас илүү тогтвортой байх ёстой албан тушаал. Мөнгөний бодлогыг барьдаг утгаараа дэлхийн ихэнх орон Төв банкныхаа Ерөнхийлөгчийг тогтвортой ажиллуулж Сангийн сайдаасаа илүү эрх мэдэлтэйд тооцдог. Яагаад гэвэл санхүүгийн тэр дундаа мөнгөний бодлогыг нь барьдаг гол хүн. Тийм болохоор энэ асуудалд улстөржиж болохгүй. Харамсалтай нь, улстөржилт явагдаж байна гэж харж байгаа. Сонгууль болохоос өмнө улсаар минь тоглож дуусах вий гэдэгт би санаа зовниж байна.
 

Ш.Адъяамаа

Бусдад түгээх
  • gplus