Б.Гүнбилэг: УИХ Үндсэн хуулийн алдаа гаргасан

Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд дөрөв орчим сар болж байна. Гэсэн ч төслийн явц  нэг л бүтэл муутай харагдаад байна. Та хуулийн төсөл боловсруулах, өргөн барих гээд анхнаасаа ажлын хэсэгт орж ажилласан.  Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх итгэл үнэмшил үлдсэн үү?

-Сүүлийн хоёр сарын ажилд бол оролцоогүй гэдгээ хэлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг болж өгвөл хийчихмээр байна. Гэхдээ бүгдийг нь дэмжээд байгаа юм алга. 70 орчим хувийг нь дэмжээд, 30 хувь дээр нь эргэлзэж, мэтгэлцээд байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг бол аль ч талдаа ашигтай болон эрсдэлтэй сул талыг агуулж байдаг. Одоо төслийн хэмжээнд явж байхдаа эрсдэлээ сайн тооцвол, цаашид алдаа бага гарна.

-Үндсэн хуулийн төсөл анх өргөн баригдсанаараа хэр зэрэг өөрчлөгдсөн бэ. Гол амин чухал заалтуудыг өөрчилсөн хэмээн ярьж байна. Та тайлбар өгөхгүй юу?

-Ер нь бол нийгмийн хүлээлт байсан зүйл заалтуудыг анхнаасаа оруулахдаа алдсан байх магадлалтай. Судлаач, эрдэмтдийн гаргаж өгсөн судалгаа материалаас илүүтэй иргэдэд хэр таалагдаж байна вэ гэдэг үндэслэлээр зарим чухал зүйл заалт бүр анхнаасаа хасагдаж ирсэн. Жишээ нь, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй бол эрх мэдлийн төвлөрөл, цөөхөн хэдэн бүлэглэлийн хүрээнд явагдсаар байх болно гэж судлаачид ярихад, иргэд 76 хулгайчийнхаа тоог нэмэх нь гэж ойлгоод байна гээд дэмжихгүй хасч байгаа юм. Энэ нь мэдээж зарим хүнд таалагдана. Угтаа гишүүд нь цөөхөн байгаад байгаа тул хулгай хийх нөхцөл бүрдээд байна гэдгийг сайн бодмоор. Хүмүүс АИХ-ыг сэргээе гэдэг. Энэ нь олуулаа гэсэн санаа учир дэмжигдээд яваад байдаг шүү дээ. Тэгвэл яагаад олуулаа гэдэг үндсэн санаагаа авч болохгүй, зүгээр УИХ гэхээр муухай, АИХ гэхээр гоё болчих гэж. Тэгэхээр нийлмэл сайн тал, сөрөг талаа иргэд маань олж хараасай. Иргэдийн санаа бодол тэгж байна гэдэг утгаар хууль зүйн асуудлаасаа ухарч болохгүй юм. Нэн ялангуяа, ийм популизм ноёрхсон үед хууль нь нийгмийнхээ урд баймаар.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Түүний дараа  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль,  УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчлөн баталлаа.  Үндсэн хуулийг хэлэлцэх процесс нь хууль тогтоомжийн дагуу явж байна уу?

-Асуудлын гол нь хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан зүйлсийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулж болох уу, шинээр зүйл нэмж болох уу гэдэгт байгаа юм. Энэ асуудлыг зохицуулах үүднээс яг 18 хоногийн өмнө УИХ маань Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын хуульд нэмэлт, өөрчлөлт хийж замаа зассан байна. Ингэхдээ процессын алдаа гаргажээ гэж үзэхээр байна. Ер нь хуулийн төслийг өргөн мэдүүлэх замаар эсхүл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр уг хуулийг хүчингүй болгосон бол хуульд өөрчлөлт оруулж болдог юм. Дээр нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол тухайн хоригт тавьсан агуулгадаа нийцүүлэн хууль, шийдвэрээ өөрчилж, Байнгын хороон дээр боловсруулж, хэлэлцээд явж болдог. Ерөнхийлөгч маань УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан байдаг. Хамгийн энгийн асуудал бол тогтоолд хориг тавьсан гээд түүнээс илүү хүчин чадалтай хуульд гар хүрч болохгүй. Цаашид агуулга руу нь орвол Ерөнхийлөгчийн хоригийн агуулгаас хэтэрчихсэн.  Хэрэв хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан бол хуулиа өргөн мэдүүлж хэлэлцүүлэх ёстой. Энэ нь өөрөө тусгай хуулиар зохицуулагдсан харилцаа. Тиймээс таны асуултад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хуулийн дагуу явж чадсангүй гэж хэлье.

-Үндсэн хуулийн төсөл батлагдсан ч гэлээ Үндсэн хуулийн цэц дээр очоод унах магадлалтай гэж зарим хуульч  ярьж байна.  Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?

-Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр гуравдугаар хэлэлцүүлгээр батална гэж байгаа бол асуудал бүрийг зүйл заалт бүрээр нь дөрөвний гурвын санал авах ёстой. Түрүүний миний хэлсэн зүйлс ҮХЦ дээр очвол энэ нэмэлт, өөрчлөлт хууль зүйн хувьд хүчингүй болно. Цаашид УИХ энэ янзаараа, алдаагаа засахгүй явбал төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хуульчдын хувьд Цэцэд өгч, Үндсэн хуульт ёсоо сахиулахаас өөр замгүй болно.

-Ерөнхийлөгчийн зүгээс хэд хэдэн санал дэвшүүлсэн.  Зөвшилцөх ажлын хэсэг байгуулаад байна.  Гэсэн ч мөн л санал нэгдэж чаддаггүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналд яаж хандах ёстой вэ?

-Ерөнхийлөгчийн санал гэж уг нь бие даасан зүйл байхгүй юм, ном журмаараа бол. Хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд Ерөнхийлөгчийн саналуудыг бие дааснаар бус, гишүүд харгалзан үзэх шинжтэйгээр санал хураалгаад явах байсан боловч УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг хүндэтгэж, зөвшилцөх ажлын хэсэг гэж оруулж ирсэн. Яг ямар хууль зүйн чиг үүрэгтэй ажлын хэсэг хоёрдугаар хэлэлцүүлгийн түвшинд байгуулагдчихав гэдэг хууль зүйн хувьд маш эргэлзээтэй. УИХ ажлаа дуугүй хийгээд явахгүй. УИХ-ын онцгой бүрэн эрхийн дундуур нь гэнэт хууль тогтоогчийн эрхгүй нэг этгээдийг оруулаад ирсэн. Угтаа бол ингэж холилдохгүйгээр тус тусдаа ажлаа хийгээд, хориг тавьдаг бол хоригоо тавиад явах ёстой байлаа. Улс төрийн шийдлүүд нөлөөлсөн байж таарна, тэр нь хуулийн хувьд ойлгомжгүй.

-Одоо энэ сарын 11-нийг хүртэл гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж байна.  Ард нийтийн санал асуулга явуулахгүй зүтгүүлэхээр болсон гэсэн үг үү.  Цаашид  процесс яаж үргэлжлэх вэ?

-Гуравдугаар хэлэлцүүлгээр явах нь зөв. Ард нийтээс юу асуух юм бэ.  Олон багцалсан, олон хариулттай зүйлийг ганц хариултаар, дэмжинэ, дэмжихгүй гэдгээр асууж болохгүй. Жишээлбэл, би 19 зүйлийн 15-тай нь санал нийлж байна, дөрөвтэй нь нийлэхгүй байна. Тэгэхээр 15 нь дөрвөөсөө их юм чинь олонхи нь зөв байна, дэмжье гэх үү. Тэгж огт болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Үг үсэг бүр нь үнэтэй. Одоо гуравдугаар хэлэлцүүлгээ хий, хийхдээ процессын алдаагүйгээр, зүйл, заалт бүрээр нь батлах журмын хуулиа хуулийн дагуу сэргээ гэж УИХ-ын дарга, гишүүдэд уриалаад байгаа маань энэ.

-Үндсэн хуулийг өөрчлөх  цаг үеийн шаардлага тулгарсан гэдэгтэй хэн бүхэн санал нийлж байна. Гагцхүү энэ парламент ёс зүйн хувьд энэ өөрчлөлтийг хийх боломжтой юу.  Хүчээр өөрчлөлтийг эхлүүлсэн ч Ерөнхийлөгч, сөрөг хүчин гээд санал зөрөлдөх асуудал олон байна?

-Бидний байгаа байдал, тусгал энэ шүү дээ. Аль хэдийнэ тарвал тарчихаар боллоо. Гэхдээ энэ хэд маань тарахыг хүсэхгүй байна. Өөрсдийгөө гоё харагдаж байгаа гэж бодсоор байна. ЖДҮ, саарал жагсаалтаас авахуулаад олон хэрэг, ярьж болж байна. Иргэд мэдэж байна. Тэгэхээр зарим гишүүн нь Үндсэн хууль батлах байтугай, зүгээр тэр ордон руу зүглэх ч эрхгүй баймаар. Гэвч энэ хүмүүсийн дараа, ийм хүмүүс дахин гарах эрсдэл байсаар байна. Иргэд шинэчлэгдээсэй, шинэ хичээнгүй хүмүүсийг уухайлан гаргаасай гэж бодоод сууж байна. Цаг урагшлах тусам улам дордоод байх шиг. Гээд яахав одоо долоохон сар үлдлээ. Тэвч, итгэ, хүлээ гэдэг. Харин үүнийг далимдуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах хэв шинж үзэгдэж байна. Энэ болохгүй. Хүн бүр өөрийн итгэл үнэмшлээ илэрхийлэхдээ бусдад заавал тулгаж болохгүй. Өөр өөртөө үзэл бодлоо ярь, харин нийгмийг турхирч болохгүй, бусдыг өөрийгөө дагасангүй гэж өширхөж, түүндээ улайрч болохгүй гэдгийг дахин хэлье. Үндэсний эв нэгдэл гэдэг бол Монгол оршин байхын үндэс. Үүнийг далимдуулж, тусгаар тогтнолыг сулруулах оролдлогууд ихсээд байгаа тул аль болох нийгмээ тайвшруулах хандлагыг барих нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-11-07 15:11:29
    Gvnbileg usuj yavaa sain huulich
  • Zojin 2019-11-05 15:09:18
    Mi hulgaichiin uldegel l bna shte
  • Зочин 2019-11-05 05:57:14
    ГҮНБАЛАЙГИЙН ДҮҮ БИШ БИЗ
  • ХУУЛЬЧ 2019-11-05 02:28:47
    ЭНЭ ЗАСАГЛАЛ 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД БОЛОХГҮЙ БАЙГААГ НОТЛООД БАЙХАД АРД ТҮМНЭЭС ЮУ АСУУХ ЮМ БЭ ? ГЭДЭГ ЭНЭ ХЭН ЮМ БЭ,,ӨӨРИЙГӨӨ БИТГИЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ГЭЖ БОД...