ШИНЭ нам: НДШ-ийг нэмэгдүүлэх хуулиа эргэн харахыг шаардаж, ЗГ-т албан бичиг хүргүүлнэ
УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийж таван асуудал хэлэлцлээ.

Тодруулбал, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх гэж буй асуудлыг хэлэлцсэн юм. 2020 онд НДШ-ийг дахин нэмэх гэж буйтай холбогдуулан иргэд болон аж ахуйн нэгжүүд дургүйцлээ илэрхийлж байна. ШИНЭ нам тэдний хүсэлтийг судлан үзэж, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед НДШ-ийг нэмэгдүүлэх нь буруу гэж үзлээ. 2017 оноос эхлэн ОУВС-гийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус сангаар халхавчилж, Засгийн газар НДШ-ийг нэмж эхэлсэн байгаа. Тухайлбал, 2018 онд 23, 2019 онд 24 хувь болгосон бол 2020 онд 26 хувьд хүргэх гэж байна.

Тодруулбал, он гараад НДШ-д ажил олгогч 13.5 хувь, ажилтан 12.5 хувь төлдөг болох гэж байна. Жишээ авъя, 900 мянган төгрөгийн цалинтай бол ажил олгогч нь 112.500 төгрөг, ажилтан 103.000 төгрөг төлнө гэсэн үг. Энэ нь бизнес эрхлэгчид болон ажил хийж буй иргэдийн хувьд багагүй дарамт болно. Нөгөө талаас Нийгмийн даатгалын сангийн 340 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулж, улмаар хулгайд алдсан хэрэг гарсан. Энэ мэтчилэн тус сангийн удирдлагууд сангийн хөрөнгийг гарынхаа салаагаар урсгаж ирсэн. Энэ бүх хулгай, луйвартай тэмцэхийн оронд даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж, ачааг нь ажил олгогч болон ажилтанд үүрүүлж байгаа нь буруу гэж ШИНЭ намын зөвлөл үзэж, уг хуулийг эргэн харахыг Засгийн газраас шаардаж буйгаа мэдэгдлээ. ШИНЭ намын зөвлөлийн хуралдаанаар Зөрчлийн хуулийг мөн хэлэлцлээ. Уг хуулийн торгуулийн хэмжээ өндөр байгаа талаар иргэдийн саналыг үндэслэн, хүчингүй болгож, шинээр хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулах нь зүйтэй гэдэг дээр ШИНЭ намын зөвлөлийн гишүүд санал нэгдлээ. Зөрчлийн хуулийн шийтгэл, торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн нь торгуулиар төсөв бүрүүлэх гэсэн зальт арга гэж ШИНЭ намын зөвлөл үзэж байгаа юм. Үүний дараа Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэлэлцэхдээ Монголын телевизүүдийн холбооны төлөөллийг оролцуулж, байр суурийг нь сонслоо. Олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгч /ОСДҮЭ/ дөрвөн компани өнөөдрийг хүртэл телевизүүдийн хөтөлбөрийг дамжуулахдаа ямар ч төлбөр төлөхгүй ирсэн. Үүнийг буруу гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдэгдэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бид үндэсний контентоо дэмжих ёстой. Телевизүүдийн үйлдвэрлэж буй контент бүр монголчуудаа гэгээрүүлж, оюуны хөрөнгө оруулалт болдог, үнэ цэнтэй байх ёстой. Иймд ОСДҮЭ компаниуд хэрэглэгчээс авсан орлогынхоо тодорхой хувийг телевизүүдэд хуваарилан өгч, контентын чанарыг сайжруулах, уран бүтээлчдийнхээ цалинг нэмэх боломжийг олгох ёстой.” гэв. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ШИНЭ намын зөвлөлийн дэргэд тус намын дэд дарга Э.Зоригтоор ахлуулан байгууллаа. ШИНЭ намын зөвлөлийн дэргэд Авто тээврийн тухай хуулийн Ажлын хэсгийг намын дэд дарга Д.Жаргалсайхан ахлуулан байгуулсан юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд хэлэхдээ “Ажлын хэсэг 28 чигэлэлээр маш чухал санал гаргасан. Бид УИХ-ын холбогдох ажлын хэсгүүдэд орж, эдгээр саналыг тусгуулахад анхаарч ажиллана. Авто тээврийн тухай хууль нь Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. Монгол Улс өргөн уудам нутагтай, нийслэлдээ хүн амын их төвлөрсөн. Энэ хуулийн төслийн хүрээнд олон зуун хүний амь нас, эрүүл мэнд, ажлын цаг, ачаалал зэргийг хөндөх боломжтой.” гэсэн юм.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2019-11-11 11:03:35
    Т нар хулгайд алдсан 340 миллиард төгрөгийг Нийгмийн даатгалын санд буцааж төлчихөөд дараа нь юм яривал ярь!!! Барагтай л байгаарай та нар!!!!
  • Зочин 2019-11-11 08:42:25
    НДШ нэмэгддэг нь буруу. Иргэдийн гар дээр ирэх цалин буурна шүү дээ.
  • иргэн 2019-11-11 06:05:17
    зөв шдээ Батзандан дандаа зөв асуудал тавьдийн хүмүүс жигтэйхэн янз янзаар хэлээд байхаар маш их гайхдаг шүү. гаргаж тавьж байгаа асуудлууд байнга зөв байдаг
  •  2019-11-11 04:49:47
    аль ч сангаас мөнгө хулуун авч зувчуулсан хүмүүсийн хөрөнгийг хураан авч сангаа дүүргэ. 76 гай болохгүй бол улс энгийн сайхан амар жимэр хөгжиж урагшилсаар бай...
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах