Т.Батбилэг: Бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно

Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог ebarimt аппликейшнээр дамжуулан төлөх Засгийн газрын албан даалгаврыг энэ оны аравдугаар сарын 16-наас эхлэн аймаг, сумын Засаг дарга нар болон салбарын сайд нарт хүргүүлсэн. Ингэснээр ebarimt аппликейшн ашиглан төрийн үйлчилгээний төлбөр тооцоог гар утаснаасаа төлөх боломжтой болсон байна.  Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэгтэй ярилцлаа.

-ebarimt аппликейшнээр дамжуулан төрийн ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ. Зарим үйлчилгээнд НӨАТ-ын буцаан олголт олгогдохгүй байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-2016 оноос буюу ebarimt аппликейшн гарсан цагаасаа хойш саяхныг хүртэл ямар нэгэн шинэчлэлт хийгээгүй байсан. Тэгвэл энэ жил гурван  шинэчлэлийг хийгээд байна. Нэгдүгээрт, иргэдийн гомдлыг аппликейшнээрээ дамжуулан гаргах боломжтой болсон. Ингэснээр иргэд ААН илгээгээгүй, НӨАТ-ын баримт олгохгүй байгаа асуудалд татварын алба руу заавал залгахгүй, цахимаар гомдлоо илгээх боломжтой болсон.  Гомдлын дагуу харьяа татварын албанаас холбогдож аж ахуйн нэгжийг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Хоёрдугаарт, өнгөрсөн долдугаар сард үүрэн холбооны операторуудтай хамтран ebarimt аппликейшн ашиглах дата төлбөрийг үнэгүй болголоо. Та датагүй байсан ч интернэтээ асаагаад л орох боломжтой. Гуравдугаарт, өнгөрсөн сараас төрийн үйлчилгээний төлбөр тооцоог аппликейшн ашиглан төлж НӨАТ-ын баримт авах боломж бүрдсэн юм. Үүгээр дамжуулан Улсын бүртгэлийн 38 үйлчилгээ  болон авто тээврийн татвар төлөлтийн үйлчилгээг авч болно.  Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд банкинд дугаарлаж мөнгөө төлдөг байсан бол одоо ebarimt аппликейшн ашиглан төрийн сангийн дансанд мөнгөө тушаах боломжтой болсон. Харин татваргүй төрийн үйлчилгээнүүд буюу иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаанд НӨАТ-ын буцаан олголтын 20 хувь хүртэлх урамшуулал тооцогдохгүй.  Харин төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ зөвхөн НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой гэдгийг тодотгож хэлмээр байна.

-И-баримтыг аппликейшнд төрийн үйлчилгээг оруулсан тухай иргэд төдийлөн мэдээлэлгүй байна?

-Сүүлийн үед цахим шилжилт, дижитал шилжилт гэж ярих болсон. Үүнийг хийхийн тулд иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахад чиглэсэн цахим системүүдийг хөгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. И-баримтын систем нь үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Одоогийн байдлаар 1.2 сая хэрэглэгч ашиглаж байна. Иймээс одоогийн нөхцөл байдалд дижитал технологийн шилжилт рүү шилжихэд И-баримтын төхөөрөмж маань хамгийн зөв гэж үзсэн.

-Сүүлийн үед цахим гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа.  Тэгвэл танайх мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд 1.9 сая иргэнд И-баримтын буцаан олголт олгосон. Ингэхдээ иргэдийг банкинд дугаарлуулалгүй өөрийнх нь хэрэглэдэг арилжааны банкны дансанд шилжүүлсэн. Манайх Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв гээд төрийн өмчит байгууллага.  Монголбанк, Кибер аюулгүй байдлын шугам, сүлжээ, Үндэсний дата төв гэсэн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр аюулгүй байдал тал дээр төрийн хууль журмын дагуу, хяналт дор үйл ажиллагаа явуулж байгаа учир мэдээллийн аюулгүй байдлын асуудалд эргэлзэхгүй байж болно.

-Ер нь нэлээд үр дүнтэй шинэчлэл болж байгаа юм байна?

-Тийм ээ. Апликейшн  маань зах зээлд гарахад нэг өдөрт шинэчлэгдэнэ гэж байхгүй. Одоогийн байдлаар 1.2 сая иргэний маань 510 мянга нь шинэчлэлт хийж төрийн үйлчилгээг авах боломжтой болсон байна. Үлдсэн иргэд он гарахаас өмнө И-баримтынхаа аппликейшнд шинэчлэлт хийнэ.  Мөн ирэх оноос Засгийн газрын 25 байгууллагыг үйл ажиллагааны төлбөр тооцоог төлөх боломжийг бий болгоно. Тухайлбал, НМХГ-ын төлбөр, авто тээврийн төлбөр тооцоог төлөх боломж бүрдэнэ гэсэн үг.  Мөн  ирэх оноос НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог байхаар хуульд тусгаад байна.

-Зарим зах, худалдааны төв И-баримт олгодоггүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Татварын багц хуулиар татвар төлөгчийг дөрвөн хэсэгт хуваадаг. Бага буюу 50 саяас доош орлоготой. Дунд буюу 50 саяас дээш орлоготой иргэд гэх мэтчилэн. Тэгвэл татвар төлөхгүй байгаа иргэд нь бага буюу 50 саяас доош орлоготой иргэд байгаа. Иймээс бид энэ хүмүүст зориулсан гар утасны төхөөрөмжийг бий болгох гэж байна.  Зах дээр очоод иргэд утсаараа төлбөрөө төлөөд И-баримт авдаг болох юм. Мөн ирэх оноос татварын хуулиар бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.