У.Хүрэлсүх: Газар тариалангийн салбарын ирээдүйг авч явах залуучуудыг бэлтгэхэд анхаарна

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд зохион байгуулж буй "Атрын 60 жил" хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт тариаланчид аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа ахмад тариаланчид, зочид, төлөөлөгчид, энэ салбарын үе үеийн удирдлага, газар тариалангийн тогтвортой хөгжлийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Манай оронд тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж ирсэн түүхэн ололт амжилт нь үе үеийн удирдлага, тариаланчид болон энэ салбарт чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа та бүхний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.

МАХН-ын Төв хорооны 1959 оны III Бүгд хурлаас Атрын анхны аяныг, 1976 оны XI Бүгд хурлаас “Атар газар эзэмшиж, тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тухай” асуудал хэлэлцэж Атрын II аяныг зарлаж, бүтээн байгуулалтын их аяныг өрнүүлсэн байдаг.

Атрын I, II аяны үндсэн зорилтууд нь тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэстэй эрчимжүүлэн хөгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар нэвтрүүлэхэд чиглэгдэж байлаа.

Атрын аяны үр дүнд хөдөө газарт орчин үеийн үйлдвэрлэл, соёл, боловсрол, эрүүл мэндийн цогцолбор бүхий сангийн аж ахуй, төв суурингууд байгуулагдсан бөгөөд хөдөөгийн хөгжлийг шинэ шатанд гаргасан нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой үндэсний томоохон бүтээн байгуулалтын ажил байсныг Та бүхэн мэднэ.

Харин Атрын III аяныг улс оронд нийгэм, эдийн засгийн томоохон шилжилт хийгдсэн үед зарлан төр-хувийн хэвшлийн хамтын түншлэл, хичээл зүтгэлийн үр дүнд амжилттай хэрэгжүүлснээр тус салбарын уналтыг зогсоож, сэргээн хөгжүүлэх, импортын хүнсний хараат байдлаас гарах, хүнсний эх булаг болсон газар тариаланд техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж чадсан юм.

Төр засгийн уриалгаар атар газар эзэмших аянд олон мянган залуучууд илгээлтээр хошуучлан ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн ба өнөөдөр тэдний төлөөлөл болж энд урилгаар хүрэлцэн ирсэн хүндтэй буурлууд, ахмад тариаланчдынхаа үйлс хөдөлмөр, алдар гавьяагаар нь бахархаж байна.

Нэгэн жарны хөгжлийн түүхийг бүтээлцсэн, хийсэн ажил, хэлэх үгтэй ахмад буурлууд та бүхэнд хойч үедээ зааж сургах, захиж зөвлөх зүйл их байгаа. Ахмад нь залуу халаагаа бэлтгэдэг, залуус нь ахмад үеийнхээ үнэтэй сургаалыг эрхэмлэн сонсож, ажил үйлсдээ нэвтрүүлдэг монгол ёсны сайхан уламжлал бидэнд бий.

Тариаланч хүн бол байгаль, цаг уурын бэрхшээл дор цаг нартай уралдан ажиллаж, аливаа хатуу бэрхийг тэсвэр, тэвчээрээр даван туулж, хүн амыг хүнсээр хангах гэгээн үйлсийн төлөө өөрийн мэдлэг оюун, авьяас билэг, хөрөнгө, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажилладаг баатарлаг үйлстэн юм.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид нь тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурлан дэлхийн өсөн нэмэгдэж байгаа хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үүргийг хүлээдэг билээ.

Өнөөдөр дэлхийн зарим улс орон ихээхэн хүнсний хомсдолтой байгаа бол Монгол Улс айл өрх бүрийнхээ мах, гурил, төмс зэрэг нэн тэргүүний хэрэгцээт хүнснийхээ дийлэнх хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь малчид, тариаланчид, ногоочид Та бүхний хөдөлмөрийн үр дүн юм.

Та бид Атрын 60 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд өнгөрсөн үеэ дурсаж, нэгэн жарны ажлаа дүгнэж, түүнийгээ түүхэнд баталгаажуулан үлдээхийн сацуу хөгжлийн шинэ жарны үүдийг хамтдаа нээж байна.

Бид цаашид газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай зохистой хослуулан эрхлэх, таримал ургамлын үр сорт, техник технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хөрс хамгаалах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй тэжээллэг хүнсээр тогтвортой хангах, хадгалалт, борлуулалтын найдвартай сүлжээг бий болгох, хөдөөгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тогтворжуулахад чиглэсэн цогц бодлогыг хэрэгжүүлнэ.

Манай орны газар зүйн байршил, эрс тэс уур амьсгал, байгаль, экосистемийн эмзэг байдал зэрэг нь экологийн нөхцөлд тохирсон байгальд ээлтэй, нөөцийг хэмнэсэн, ногоон технологи бүхий ухаалаг газар тариалангийн бодлогыг хэрэгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байна.

Бид бүхэн өөрийн орны хөрс, цаг уурын онцлогт тохирсон, дэлхийн уур амьсгалын дулаарлын өөрчлөлтөд дасан зохицсон таримал ургамлын сортууд болон илүү нарийвчлалтай ухаалаг техник, технологийг сонгон нэвтрүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, усалгаатай тариаланг хөгжүүлэх замаар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, улмаар нэмүү өртөг шингэсэн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас бодлогын түвшинд “Хүнс экспортлогч улс” болох зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд уг зорилтыг хангахад та бид дараах чиглэлээр анхаарч ажиллах нь зүйтэй байна. Үүнд:

   - Газар тариалангийн салбарын ирээдүй нь экологижсон, ухаалаг, нарийвчлалтай технологид суурилсан үйлдвэрлэл байх ба салбарын ирээдүйн залгамж халаа болсон хүний нөөц, залуу үеийг бэлтгэхэд онцгой анхаарах;

  - Хөрсний үржил шимийг хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, тариалангийн талбайг хамгаалах хашаа, ойн зурвас байгуулж байгаа санаачилгыг өргөжүүлж урамшуулах, эрчимжсэн мал аж ахуйтай хоршсон, экологижсон газар тариаланг хөгжүүлэх;

  - Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон таримал ургамлын сорт гаргах, нутагшуулах, шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн уялдааг хангасан, нөөц хэмнэсэн, бүтээмж өндөр үйлдвэр эрхлэлтийг дэмжих;

   - Газар тариалан эрхлэхдээ шинжлэх ухаанд суурилсан, механикжсан, нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөнд үндэслэн эрсдэлээ даатгуулах замаар байгаль, цаг уурын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийг тогтворжуулах;

   - Хүн амыг жилийн турш эрүүл хүнсээр тогтвортой хангах, эрэлтэд тулгуурласан, байгаль, цаг уураас хараат бус, нарийвчлалтай ухаалаг технологийг нэвтрүүлсэн, хамгаалагдсан хөрсний аж ахуй, цахим бүртгэл бүхий борлуулалтын оновчтой бүтцийг бий болгох явдал юм. 

Цаашид газар тариалангийн салбарын ирээдүйг авч явах залуучуудын хөгжилд анхаарах, хөрсний үржил шимийг хамгаалах, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг дэмжих замаар газар тариалангийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх болно.

  Хөрс эрүүл байвал хүнс эрүүл байна, хүнс эрүүл байвал хүн эрүүл байна.

Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, ажлын амжилт, арвин их ургацтай байхыг хүсье.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gana 2019-11-23 04:21:57
    Ккк. Энэ нөхөр ч энд тэнд очоод бүлт бүлт шаахаас өөр юм хийхгүй дээ
    192.82.74.92
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-11-22 09:40:08
    зуун алтан түрүү гэдэг мухар сүсгээсээ салж байж л хэрэгжинэ. маргааш мартав даа. нөгөөдөр өөр юм яриад байв???
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах