Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг ёсчлов

Парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлан Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан билээ. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор  нотолж, баталгаажуулах, эсвээс хориг тавих зэргээ хариу хүргүүлэх хуулийн заалттай. 
Энэ дагуу Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгч  Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн энэ өдөр ёсчлов. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эхийг баталгаажуулах ёслол Төрийн ордны есөн хөлт танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо.

“The Hu” хамтлагт “Чингисийн одон”-г хүртээв

XVII жарны Шарагчин гахай жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн нэгний шар луу хэмээх энэ өдөр, Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” буюу “Хү” хамтлагт олгосон юм. Монгол Улсын Төрийн тэргүүн дээд шагнал , Тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одонг “ХҮ” хамтлагийн продюсер Б.Дашдондог гардан авсан юм. 

Хүсэлт гаргасан өрх бүрт хүүхдийн мөнгө олгоно

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тогтоолын төсөл батлагдсанаар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж авах авах юм. 

Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ. Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцын холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.