ШИНЭ: Хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзнэ
УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсын өрийн асуудал, Гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл-хүүхэд хамгаалал зэрэг асуудлыг холбогдох албаны хүмүүсийг байлцуулан нээлттэй хэлэлцлээ. Хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
 
ШИНЭ намын Зөвлөлийн хуралд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөллийг урин оролцуулж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 2016 онд гарсан хуулиудын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Энэ талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд хэлэхдээ “ШИНЭ нам бол олон ТББ, иргэний хөдөлгөөнүүдийн нэгдэл. Үүн дотор хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг олон байгууллага бий. Тэдгээрийн төлөөлөл, холбогдох төрийн байгууллагуудаас албан хүмүүс ирж хуулийн хэрэгжилтийг ярилцлаа.

Өнөөдрийн мэдээллээс харахад, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.4 хувиар өссөн байна. Жилдээ Монгол Улсад 20000 орчим гэр бүл батлуулж байхад гэр бүлээ цуцлуулж байгаа статистикийг харахад 4000-5000. Өөрөөр хэлбэл таван гэр бүлийн нэг нь цуцлагдах нөхцөл байдал бий болсныг монгол гэр бүлийг сүйрүүлэх бодлого явж байна гээд хэлэхэд ч буруудамгүй. 400, 500-гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн байна. Монголын нийгмийн үндэс суурь өнөөдөр ганхаж байна.

Энэ асуудалд ШИНЭ нам онцгой анхаарал хандуулж, энэ зохисгүй чиг хандлагыг бүрмөсөн өөрчлөх, Монгол төрийн бодлогыг гэр бүл дээр суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх, татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих талд олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно” гэлээ.

Мөн тэрбээр ШИНЭ намын зөвлөлийн дэргэд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн юм.

Хүчирхийлллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Н.Арвинтариа: Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оноос өссөн байна. Энэ нь нэг талдаа мэдээлэл сайжирсантай холбоотой байгаа, нөгөө талдаа бодит өсөлт ч бий. Гэмт хэрэг болохоос өмнө Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваад байгаа. Энэ хугацаанд давтан зөрчил үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Гэвч гэр бүлийн хэргийн давтамж буурахгүй байна. Энэ нь баривчлах шийтгэл эдэлж буй хүмүүст зан үйлийн сургалт үр дүнтэй явуулахгүй байгааг харуулж байгаа юм. Хөдөө орон нутагт баричвлах байран дээр нэг бол эмч авчраад бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэсэн сэдвээр яриа хийлгэчихдэг эсвэл нэг багш авчраад яриа хийлгэчихдэг. Энэ нь хуульзүйн сайдын баталсан агуулга хөтөлбөр явагдахгүй байгаа учраас үр дүнтэй байж чадахгүй байна гэж харж байна. Тэгэхээр зан үйлийн сургалтыг маш үр дүнтэйгээр, тодорхой төсөвтэйгээр, тодорхой сургагдсан багш нарыг бэлтгэж, мэргэшүүлээд явуулах юм бол үр дүнтэй байна” гэлээ.
 
ШИНЭ намын зөвлөлийн хурлаар хэлэцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын өр. Энэ талаар тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Батсуурь хэлэхдээ “ЗГ-ын өр 2019 оны 3-р улирлын байдлаар нэрлэсэн үнээр 24,7 их наяд, өнөөгийн үнэ цэнээр тооцох юм бол 20.7 их наяд төгрөг байна. Үүний 84 хувийг гадаад валютаар төлөх өр эзэлж байна.

2020 оны төсөвт 960 тэрбум төгрөг тусгасан, энэ бол зөвхөн өрийн хүүгийн зардал. Гэтэл 2020 онд томоохон зардал буюу зээлийн үндсэн төлбөрүүд хийгдэнэ. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкинд Засгийн газрын баталгаа гаргасан өр болох 500 сая ам.доллар, мөн Монгол банкнаас БНХАУ-ын Ардын банктай хийсэн свот хэлцлээр авсан  15 тэрбум юань буюу 2.2 тэрбум долларын өрийг төлөх ёстой. Тэгэхээр 2020 оны 5-7 дугаар сард нийт 2.7 тэрбум ам.долларын төлөлт хийх нөхцөл үүсчихээд байхад үүнийг төсөвт огт тусгаагүй, хэрхэн төлөх  талаар мэдээлэл алга” хэмээн мэдэгдлээ.
 




О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.