МАН-ынхан сонгуулийн хуулийн хар зургийг гаргалаа

Сонгууль бүрийн эрх барьж байгаа хүчин өөрийн тааллаараа сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг. Энэ дагуу МАН-ынхан өөрийн гэсэн төлөвлөгөөгөө боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Тэд сонгуулийн тогтолцооны хувьд 50:26 байхаар өргөн барьжээ. Яагаад энэ тогтолцоог сонгосон талаар “Өнгөрсөн сард баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд мажоритар тогтолцоотой байна гэж тунхагласан. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилээр сонгоно” гэж заасан. Шууд сонгоно гэдэг нь мажоритар тогтолцоо. Мажоритар тогтолцоо таван янз байна. Тодруулбал, улс, бүс, аймаг, жижиг 76, тавдугаарт одоогийн өргөн барьж байгаа том, жижиг мажоритар буюу холимог тогтолцоо.

Ингэхээр 50 гишүүнийг одоогийн жижиг 76 гишүүн шиг тойргоос сонгоно. Харин улс төрийн намууд 26 нэр дэвшигчээ улс даяар нэг тойрог гэж зарлаад ард түмнээсээ санал авна. Сонгогч сонгуульд оролцохдоо хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, улс нэг тойрогт нэр дэвшигчээс нэг, хоёрдугаарт өөрийн тойргоос нэр дэвшиж байгаа хүнийг дугуйлна. Урд нь бид нам хүнээ жагсаадаг байсан бол одоо ард түмэн сонгож эрэмбэлнэ. Ингээд тухайн улс төрийн намаас улс нэг тойрогт нэр дэвшсэн хүмүүс нийт сонгочдын хэдэн хувийн санал авч байгааг тооцно. Жишээлбэл, нийт сонгогчдын 50 хувь нь МАН-аас нэр дэвшсэн 26 хүнд санал өгсөн байна гэж үзвэл 26-ын 13-ыг МАН-д хуваарилах тогтолцоог санал болгож байгаа юм. Энэ удаагийн Сонгуулийн хуулиар урьд өмнөх давхардал, алдаа оноо, хуулийн хийдлийг хаасан гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна” хэмээн Сонгуулийн тогтолцооны талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдэгдлээ. 

 

Тодруулбал, өчигдөр өргөн барьсан  хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн,

- Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх;

- Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1-р сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэх;

- Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх;

- Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох;

- Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.   

Хуулийн дагуу энэ хуулийг энэ сарын 15-аас өмнө хэлэлцэн баталсан байх учиртай. Иймээс энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар энэ хуулийг төслийг хэлэлцүүлгийг хийх нь ээ. МАН-ын ирэх сонгуулийг хэрхэн явуулах тухай хар зургийг парламент хэрхэн үргэлжлүүлэх эсэхийг харах л үлдлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-12-04 05:31:54
    26 нэр дэвшигч нар дээрээ эр эмээ үзэж дээ хөгшчүүл одоо хэрэггүй дээ