Б.Лхагвасүрэн: Томоохон сорилтууд хүлээгдэж буй энэ цаг үед хариуцлагатай албанд томилогдлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Монголбанкнаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар ярилцлаа. Энэ нь түүний Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараах хэвлэлд өгч буй анхны ярилцлага юм.

Таныг Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт албанд томилогдсонд баяр хүргэе. Та банк, санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай хүн. Та ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

Баярлалаа. Олон томоохон сорилтууд хүлээгдэж буй энэ цаг үед хариуцлагатай албанд томилогдлоо. Бид өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд эдийн засгийг сэргээх, дархлааг дээшлүүлэх чиглэлд олон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж ирлээ.  Хэдийгээр тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч цаашид гүйцээн хийх ажил их байна.

Монголбанк ойрын ирээдүйд хүлээгдэж буй томоохон 3 сорилтыг амжилттай даван туулахад тэргүүн ээлжинд анхаарч ажиллана. Нэгд, ирэх оны 5 дугаар сард дуусах Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгоход онцгой анхаарна. Банкны салбар дахь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ удааширснаас хөтөлбөр зогсонги байдалд ороод байна. Иймд активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудад авах арга хэмжээг ОУВС-тай тохирсон төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Хоёрт, Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ байгууллагын “Cаарал жагсаалт”-аас 2020 онд багтан гарах зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлд ч туссан байгаа. Гуравт, Монголбанкны хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг эдийн засагт сөрөг нөлөөгүйгээр шийдвэрлэх гарц, шийдлийг олж хэрэгжүүлнэ. Монголбанк болон Хятадын Ардын банкны хооронд байгуулсан мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцийн хугацаа ирэх оны 7 дугаар сард дуусна. Иймд энэ гадаад өрийг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад төрийн холбогдох байгууллагууд болон олон улсын доноруудын дэмжлэг, туслалцааг авч ажиллахыг ярьж байна.  

Үүний зэрэгцээ төв банкны үндсэн чиг үүрэгт заасан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтуудаа үр дүнтэй хэрэгжүүлнэ.

ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэх асуудал тодорхой бус байна. Энэ нь банкны салбарт авч хэрэгжүүлэх ажлуудаас болж байгааг улс төрийн нөлөө бүхий эрхмүүд онцолж байгаа. Энэ асуудал дээр дэлгэрэнгүй тайлбар өгнө үү.

Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр цаашид үргэлжилж, амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана. Монголбанкнаас шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ. Өмнө нь Монголбанкнаас мэдээлж байсанчлан 2017 онд хийсэн активын чанарын үнэлгээгээр зарим банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үр дүн гарсан. Эдгээр банкуудад 2018 оны эцэс гэхэд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай үүрэг даалгавар Монголбанкнаас өгсөн. Татан буугдсан Капитал банкнаас бусад банкууд өөрийн хөрөнгөө тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. ОУВС-ийн зүгээс банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгийн эх үүсвэр нь холбогдох хууль, журамд нийцтэй байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор магадлан баталгаажуулах аудитыг олон улсын хөндлөнгийн компаниар хийлгэх шаардлага тавьсан. ОУВС-гаас энэ аудитыг хийлгэж, үр дүнд суурилан банкууд өөрийн хөрөнгийн дутагдлаа бүрэн нөхөх хүртэл ӨСХ-ийн 6 дахь шатны үнэлгээг хийхгүй гэдгээ мэдэгдсэн. АНУ-ын Duff & Phelps компаниар хийлгэсэн магадлан баталгаажуулах аудитын үр дүн энэ оны 9 дүгээр сард гарсан. Үр дүнгээр банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг хасч тооцохоор болж, банкуудын баланс дээр холбогдох тохируулгыг 10 дугаар сард хийсэн байгаа. Өөрийн хөрөнгийн дутагдлаа бүрэн нөхөөгүй банкуудад энэ оны эцэс хүртэл нэмэгдүүлэх үүрэг өгч, хуульд заасан хяналт шалгалтын арга хэмжээг авч эхэлсэн. Одоо цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг ОУВС-тай хамтран гаргаж байна. Эцэслэсэн төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлснээр ӨСХ эргэн хэвийн төлөвт шилжиж, 6 дахь шатны үнэлгээ хийгдэж, хөтөлбөр амжилттай дуусгавар болно гэж найдаж байна. Энэ ажлын ард амжилттай гарахад бүх талын ойлголцол, дэмжлэг чухал юм. Банкны салбарын бүцтийн өөрчлөлтийг амжилттай хийснээр эдийн засгийн мөчлөгөөс үл хамааран санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, санхүүгийн тогтвортой байдал хадгалагдах суурь тавигдана. Энэ нь дархлаатай эдийн засгийг бий болгох, дунд хугацаанд тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хангах зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал хэсэг юм.

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас 2020 онд багтаан гарах үүрэг даалгавар Засгийн газар, Монголбанкинд ирж байна. Бид юу хийх ёстой вэ?

Энэ оны 10 дугаар сард болсон ФАТФ-ын хурлаар Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны Үр дүнтэй байдлыг сайжруулахаар Шууд хэрэгжилтийн дөрвөн үзүүлэлтийн хүрээнд 6 ажил хийхээр тогтсон. Тодруулбал, Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах; Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах; Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах; Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах; Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах; Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд багтсан. 

Жагсаалтаас гарахын тулд дээрх 6 ажлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг Монгол Улс яаралтай авч хэрэгжүүлэх ёстой. Хэдийгээр уг 6 ажилд Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ байхгүй боловч “Саарал жагсаалт”-ын асуудал нь банкны салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд сөрөг дагавартай тул Төв банкнаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилд онцгой анхаарал хандуулж ажилласаар ирсэн. Цаашид бид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба болон Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж, зөвлөлийн гишүүн байгууллагуудтай нягт хамтран ажиллана.             

Монгол Улс 2020 онд багтан Саарал жагсаалт-аас гарах боломжтой юу?

Нэн тэргүүнд Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлаа яаралтай хийх шаардлагатай. Товчхондоо бол хэдий чинээ хурдан ажиллаж үр дүн гаргана, төдий чинээ хурдан энэ жагсаалтаас гарна.

Процессын хувьд жилд 3 удаа бид хийсэн ажлаа тайлагнах боломжтой. Тодруулбал, Үр дүнтэй байдлын тайланг хэлэлцэх Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн (ФАТФ болон АНДББ) Хамтарсан бүлгийн хурал жилд 3 удаа болдог. Тиймээс бидэнд дээр дурдсан 6 ажлаа хийж гүйцэтгээд, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа хэлэлцүүлэх боломж 2020 онд 3 удаа байгаа гэсэн үг. Гэхдээ энэ бол процессын хамгийн эхний үе шат юм.

Хамтарсан бүлгийн 2020 оны хамгийн эхний хурал 1 дүгээр сард болно. Энэ хурлаар тайлангаа хэлэлцүүлэхээр эхний тайлангаа хүргүүлээд байна. Энэ хурлаар манай тайланг хэлэлцсэний дараа ФАТФ-ын процессын дагуу үнэлгээний баг манай улсад ирж газар дээрх хяналт шалгалтыг хийх дараагийн үе шат байгаа. Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх нөхцөл бүрдэнэ.

Ингэснээр бидний хувьд тайлангаа баталгаажуулан “Саарал жагсаалт”-аас гарах хамгийн эхний боломж 2020 оны 10 дугаар сард болох ФАТФ-ын хурал байх болно.

Монголбанкны зүгээс энэхүү жагсаалтад орсноос үүдэн богино хугацаанд эдийн засагт томоохон сөрөг нөлөө бий болохгүй гэж харж байна. Гэхдээ сөрөг үр дагаварууд илрэхээс өмнө жагсаалтаас гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймд хугацаа алдахгүй байх нь бидний хувьд чухал байгаа тул ФАТФ-тай тохирсон 6 ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран гаргасан. 

Манай улс ирэх жилүүдэд томоохон өр төлбөрүүд төлнө. Тэр дундаа Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа ирэх оны 7 дугаар сард дуусна. Тус хэлцлийн хүрээнд авч ашигласан дүнг төлж чадах уу?, хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

Монгол Улс ирэх 4 жилд 14 орчим тэрбум ам.долларын гадаад өрийн үндсэн болон хүүний төлбөр төлөхөөр байгаа. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс 3 дахин давсан дүн юм. Глобал эдийн засагт худалдааны маргаан, геополитикийн тодорхой бус байдал нэмэгдэхийн зэрэгцээ том гүрнүүдийн өсөлт саарч байгаа нь дотоод эдийн засагт экспортын үнэ, эрэлтээр дамжин дунд хугацаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Том дүнтэй гадаад өр төлбөрүүд төлөх хугацаа дотоодын эдийн засгийн уналтын үетэй давхцах ч эрсдэл байна.  Бидний хувьд гадаад өр, төлбөрийг шийдвэрлэх арга зам нь валютын ханшид нэмэлт дарамтгүй, эдийн засагт цочроо үүсгэхгүй байхыг чухалчилж байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлагдан хэрэгжиж эхэлсэн. Энэ баримт бичигт ирэх жилүүдэд төлөгдөхөөр хүлээгдэж буй засгийн газрын том дүнтэй бондуудыг дахин санхүүжүүлэхээр тусгасан. Монголбанкны хувьд Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин сунгахаар төлөвлөж байна. ӨСХ-ийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.долларын шийдвэрлэгдэхэд своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан. Өөрөөр хэлбэл, своп хэлцлийн хугацааг 2017 онд 3 жилээр сунгасан нь ӨСХ-ийн хүрээнд давхар шийдвэрлэгдсэн гэж ойлгож болно. Энэ үүднээс ӨСХ-ийг амжилттай хэрэгжүүлэх явдал нь тус хэлцлийн хугацааг сунгахад давхар нөлөөлнө. Төв банкууд хоорондын хамтын ажиллагаанаас гадна төрийн өндөр түвшний айлчлалын хүрээнд энэ асуудлыг ярих нь үр дүнтэй гэж харж байна. Арилжааны банкууд, хувийн секторын гадаад өр, төлбөрийн хувьд мөн л дахин санхүүжүүлэх зүг рүү явах байдал ажиглагдаж байна. Манай эдийн засагт гадаад өрийн жил бүрийн хүүний төлбөрийг гадаад худалдааны ашиг, гадаадын шууд хөрөнгө нь нөхөөд явдаг. Иймд дунд хугацаанд том дүнтэй гадаад өрийн төлбөрүүд хүлээгдэж байгаа боловч эдийн засагт цочроо үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж харж байна.

Гадаад өр, төлбөрүүдийг дахин санхүүжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой гэж Та харж байна вэ?

Хүлээгдэж буй гадаад өрийг амжилттай дахин санхүүжүүлэхэд ӨСХ-ийг амжилттай дуусгах, доноруудын өмнө хүлээсэн амлалтаа бүрэн биелүүлэхээс гадна эдийн засгийн оновчтой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, энэ хүрээнд инфляци, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг хангах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, засаглалыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх нь чухал хэвээр байна. Эдгээр нь зээлжих зэрэглэл үргэлжлэн сайжрахад нөлөөлөхөөс гадна хөрөнгө оруулагчид эдгээрт тулгуурлан Монголын эдийн засгийн ирээдүйн төлөвт үнэлэлт өгнө. 2016 онд гадаад валютын албан нөөц (ГВАН) 1 тэрбум ам.доллар буюу импортын дөнгөж 2.9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч буурсан, засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 80 хувь давсан, эдийн засгийн уналт бий болж байсан үетэй харьцуулахад эдийн засгийн суурь үзүүлэлтүүд илт сайжраад байна. Тухайлбал, одоо ГВАН импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч, засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 50 хувь руу буурсан, эдийн засгийн өсөлт 6 хувийг давсан байгаа зэрэг нь гадаад өрийг амжилттай дахин санхүүжүүлэх, хүү нь буурах дотоод эерэг үзүүлэлт болж байгаа бол глобал зах зээл дээр хүүний ерөнхий түвшин буурч байгаа нь дахин санхүүжилтийн хүү буурахад эерэгээр нөлөөлөхөөр хүлээгдэж байна. Гэхдээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон нь дахин санхүүжилтийн хүү өсөх эрсдэлийг бий болгож байна. Монгол Улс 2020 ондоо багтан тус жагсаалтаас гарвал 2021 оноос хугацаа нь дуусч эхлэх засгийн газрын евро бондуудыг дахин санхүүжүүлэхэд хүү нь бага байх боломжийг бүрдүүлнэ.

Энэ удаад гадаад өрийн хугацааг хойшлуулах нь зайлшгүй сонголт байгаа боловч Монгол Улс гадаад өрийн хүндрэлээс нэг мөр зайлсхийхийн тулд бид байгалийн нөөц, баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, түүнээс олох орлогыг ирээдүйн экспортыг өсгөх чиглэлд хүмүүн капитал, экспортыг дэмжих дэд бүтэц, нөхөн сэргээгдэх эрчин хүч, дижитал секторт хөрөнгө оруулалт хийх асуудал чухал байна. Энэ бодлогын сонголт үр дүнд хүрэхэд цаг хугацаа шаардах хэдий ч хугацааны туршид тогтвортой хэрэгжүүлснээр эдийн засаг олон тулгууртай болж, тогтвортой өсөлтийг бүрдүүлж, гадаад өрийн санхүүжилтийн хэрэгцээг бууруулна.

Эдгээр 3 том сорилтоос гадна ирэх онд сонгууль болох гэж байна. Үүнийг дагаад төсөв ч тэлж, төсвийн алдагдал дараа онд 2.1 их наяд төгрөг байхаар батлагдлаа. Гадаад валютын ханш, үнийн тогтвортой байдлыг хадгалахын тулд Монголбанкнаас ямар бодлого баримтлах вэ?

Улсын төсвийн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц болон нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэдэг. Сүүлийн 3 жилийн эхний 2 жил нь төсөв ерөнхийдөө зардлаа хумьсан талдаа явж ирсэн. Харин эдийн засаг сэргэснээр 2019 оноос төсвөөр дамжуулан хөрөнгө оруулалт, халамжийн асуудлуудыг шийдвэрлэх цаг хугацааны орон зай үүсч байна. Энэ хүрээнд төсөв дээр 2020 онд тэлэлт гарахаар байгаа. 2019 онд төсвийн тэлэлтээс эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдах, импортын томоохон өсөлтийг бий болгож болзошгүй гэж хүлээж байсан боловч зардлын гүйцэтгэл нь төлөвлөлтөөс дутуу явж байгаа нь хүлээгдэж байсан нөлөөг үзүүлсэнгүй. Хэрэв энэ байдал дараа онд хэвээр хадгалагдвал инфляцийг эрэлтийн талаас өдөөх, импортын өсөлтөөр дамжин валютын ханшид ирэх дарамт даруухан байхаар байна. Гэхдээ төсвийн тэлэлт хүлээгдэж байгаа хэдий ч банкны зээлийн өсөлт хурдацтай саарч, глобал эдийн засаг, зах зээлд худалдааны маргааныг дагасан тодорхой бус нэмэгдэж байгаа зэрэг нь харилцан эсрэг чиглэлд үйлчилж, дотоод эдийн засагт эрэлтийн хэт тэлэлт үүсэхгүй байх гэж бид харж байна. Хэрэв зардал нь төлөвлөсний дагуу гарч эдийн засагт эрэлтийн богино хугацааны тэлэлт бий болохоор дүр зураг ажиглагдвал Монголбанкнаас инфляци, ханшид ирэх дарамтыг зөөлрүүлэх зорилгоор мөнгөний болон макро зохистой бодлогын хэрэгслийг хослуулан хариу арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хувьд гаднаас өгөгдсөн зүйлс (түүхий эдийн үнэ, гадаад эрэлт, төсөв гэх мэт)-ийг оруулан эдийн засгийн ирээдүйн төлөвийг тооцсоны үндсэн дээр мөнгөний бодлогын сулрах эсвэл чангарах орон зай байгаа эсэхийг тодорхойлж хэрэгжүүлдэг. Бидэнд одоо байгаа мэдээллээр буюу ирэх оны төсвийн зардлыг оруулан тооцсон тооцоогоор ирэх онд инфляци 8 хувийн зорилтот түвшний орчим тогтворжих, эдийн засгийн өсөлт 5 хувь орчим гарахаар байна. Харин төлбөрийн тэнцлийн хувьд ашигтай эсвэл алдагдалтай гарах эсэх нь ӨСХ-ийн хүрээнд доноруудын санхүүжилт орж ирэх эсэхээс хамаарах болно.

 

Мөнгөний бодлого, түүний арга хэрэгсэл нь дунд хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдалд чиглэдэг. Энэ хүрээнд инфляцийн зорилтот түвшинг 2021 оноос 6 хувь болгон бууруулж, тухайн түвшинд тогтворжуулах бодлогыг одооноос хэрэгжүүлнэ. Инфляцийг ийнхүү 6 хувийн зорилтот түвшинд хадгалж чадсанаар өрхийн амьжиргаанд эерэг нөлөөтэйн дээр хадгаламж, зээлийн хүүг бууруулахад шууд нөлөөлнө. Үүний тулд ‘инфляцийн зангуу’-г бий болгох, олон нийтийн инфляцийн талаарх хүлээлтийг удирдахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн төлөв, инфляцийн төсөөллийг гаргаж, инфляцийн тайлан болон мөнгөний бодлогын мэдэгдэлээр дамжуулан нийтэд тогтмол мэдээлэх, авсан арга хэмжээний үндэслэл, хүлээгдэж буй үр дүнг тайлбарлах, төв банкны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох чиглэлд онцгой анхаарна. Засгийн газраас нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн нөлөөг бууруулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг үргэлжлүүлэн хангах тохиолдолд инфляцийн 6 хувийн зорилтыг хангах боломжтой.

 

Ярилцсанд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus